Бид энэ удаа Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяртай гэр бүлийн үнэ цэнийн талаар ярилцлаа. Түүний хувьд хосууд хоорондоо жижигхэн ч гэсэн нууцтай байж болохгүй талаар онцлон, өөрийнхөө амьдралын туршлагаас ойлгосон зүйлсээ залуустай хуваалцлаа. Мөн бид “Шөнө буусан аадар” жүжгийн талаар ярилцсан юм.
Тэрбээр, Хүний амьдралд гэрэл сүүдэр, жаргал зовлон, хар цагаан гээд хоёр талын туйл байж гэмээ нь амьдрад гашуун ч гэсэн амттай байдаг юм. Р.Чойном гуайн гайхалтай шүлэг бий шүү дээ. “Жаргал жаргал дундаас хэсэгхэн зуурын зовлон амттай” гэдэг шиг. Миний өнгөрүүлсэн амьдралд зовлон ч байсан. Жаргал нь ч байсан. Би өнгөрүүлсэн амьдралдаа харамсдаггүй. Ер нь энэ амьдралын хамгийн чухал зүйл нь гэр бүл гэж би хэлнэ. Гэвч салалт бол маш буруу гээд, тэгсэн мөртөө жаргалгүй амьдраад байж болохгүй шүү дээ. Болж л байвал салахгүй байх хэрэгтэй. Бие биедээ дахиж итгээд, амьдралыг дахиж хоёулаа шинээр зурах. Ингэхийн тулд ний нуугүй ярихад маш их ухаан хэрэгтэй. Маш их тэвчээр хэрэгтэй пм билээ. Өнгөрснөөс авах юм байгаа. Хаях юм ч байгаа.
Би арван жилийн өмнө эхнэрээсээ салж одоогийн ханьтайгаа учирсан. Салалт бол ер л гашуун шүү дээ. Хэцүү байдаг юм. Яг л хүүхдүүдийнхээ нүд рүү харахаас эхлээд, нэг хэсэгтээ тун бэрх. Гэхдээ тэр болгоныг тооцож, мэдэрч шийдвэр гарч байгаа учраас давахаас өөр арга байхгүй. Юм болгон, эцсийн эцэст ерөөсөө л уучлал юм билээ. Тэр бол бүх зүйлийн цангааг тайлж, цайруулна гэдэг шиг зүйл. Тэгэхээр уучлал гэдэг хүний амьдралд маш чухал зүйл шүү гэдгийг ойлгосон.
Залуу хосууд , үе тэнгийнхэн маань, гэр бүл болж байгаа аав ээжүүд хоорондоо маш сайн ярилцах ёстой юм билээ. Үүнийг би өөрийнхөө амьдрал дээрээс ойлгож авсан. Миний найзууд дунд 40 гарчихсан, сайхан идэр настай хүмүүс байна шүү дээ. Хоорондоо харилцаа нь хөрчихсөн. 20-25 жил хамт явчихсан. Тэгсэн мөртөө хоорондоо хөрчихсөн. Тэгэхээр аль талаас нь шалтгаалах ёстой юм. Та хоёрт нуух зүйл байх ёсгүй. Нэг жаахан нууц байх л юм бол тэр нууц чинь хуудас, хуудсаар нэмэгдээд байдаг юм билээ. Хосууд дунд нэг ийм ойлголт байгаад байдаг юм шиг байгаа юм. Түрүүлээд уучлалт гуйх юм бол ялагдчихлаа гэсэн ийм нэг зан байна. Одоо юу гэдэг юм. Би чамаас түрүүлж уучлалт гуйх эсвэл түрүүлээд болзоонд урьчхаар би чамд ялагдчих гээд байна шүү дээ. Үүнийг бардам гэх үү, тэнэг зан гэх үү. Би бол 50-60 нас гарсан ч эхнэртэйгээ болзоно гэж боддог. Аз жаргалтай гэр бүлийн нууц нь ерөөсөө л усалгаа. Би чамайг, чи намайг услах гэдэг шиг. Тэр усалгаа нь юу гэхээр ерөөсөө л ярилцах. Бие биедээ анхаарал тавих.
“Шөнө буусан аадар” жүжигт тоголж байгаа Эрхэмбаяр гэдэг хүний хувьд… Манай жүжиг бүдүүлэг, эвдэрхий хүмүүсийн тухай жүжиг юм. Энэ амьдрал дээр ч гэсэн эвдэрхий хүмүүс зөндөө байгаа. Би хүүхдүүдтэйгээ салхинд гарч байгаад Хүннү маллын урд нэг зогсоол гарчхаар нь урагшилж байгаад ухарч орох гээд мунгинаад явж байгаа юм. Ардаас нэг машин ирээд миний зогсоол дээр зогсчихсон. Би буугаад хэлэхдээ, “Уучлаарай би энэ зогсоолд орох гээд, ухрах араандаа хийчхээд, машины ард ухрах арааны гэрэл гараад мунгинаад явж байгаа юм. Тэгээд байж байтал та орж ирээд зогсчихлоо” гэж яруу сайхан монгол хэлээр, монгол хүндээ хэлж байгаа юм. Тэгэнгүүт “чамайг ухраад энэ зогсоолд орох гэж байгааг би яаж мэдэх юм” гэсэн. Тэгээд л би таг. Яах ёстой юм бол. Хэрэлдэх ёстой юм болов уу. Зогсоол олж байгаа дээр намайг ялж байгаа юм. Үгүй. Тэр залуу цаашаа пээдэлзээд л явсан. Ийм эвдэрхий хүмүүсийн тухай жүжиг. Ийм зүйл зөндөө байгаа. Тийм болохоор би бас түрүүн хэлсэн шүү дээ. Түрүүлж уучлалт гуйсан нь ялагдчихдаг болсон нийгэм болсон. Монгол үгийн сангаас “баяртай”, “баярлалаа”, “уучлаарай” гэдэг үгс одоо бараг арчигдлаа. Яг одоо Гашуун яриаг үзээд сууж байгаа хүмүүс нэг л удаа тийм зүйл мэдрээд үзээрэй. Зам дээр түгжирч байхдаа нэг машинаа оруулаад үз. Урдуур хүн гарах гэж байхад нь түрүүлээд явуул. Хүнд хаалга нээгээд өг. Хүнд түрүүлж уучлаарай гээд хэлээд үз. Дандаа түрүүлж… Энэ болгон хүнд маш гоё мэдрэмж өгнө.