Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Агаар, орчны бохирдлоос шалтгаалан залуус тархины цус харвалтад өртөх нь ихэсжээ. Улаанбаатар хотод агаарын бохирдол, стресс, жингийн илүүдэл, сахрын хэт их хэрэглээ өндөр байдаг . эдгээр нь мөн цус харвалтын шалтгаан болдог . Харвалтыг төгс эмчлэх боломжгүй тул урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг УНТЭ-ийн мэдрэлийн эмнэл зүйн төвийн их эмч Б.Энхзориг хэлж байна. Тэрээр уншигч та бүхэнд дараах зөвлөгөө, мэдээллийг өглөө.
- Том элементүүд болох тоос шороо уушги руу орсон ч цусны хоригоор нэвтэрч цус руу орж чаддаггүй. Харин үйлдвэрлэлийн тоос, агаарын бохирдол, яндангийн утаанаас жижиг хэмжээтэй тоос ялгардаг. PМ 2,5 буюу 2,5 микро метрээс жижигхэн хэмжээтэй гэсэн үг. Тэгэхээр жижиг хэмжээтэй тоосжилт, утаа судас руу уушгиараа дамжаад орчихдог. Цусан дотор эргэлдсээр тархины нарийхан судаснууд дээр очиж бөглөрч, бөөгнөрдөг. Үүнээс улбаалан тархи тэжээлээ авч чадахгүйд хүрч, үйл ажиллагаагаа алддаг. Судас нь бөглөрчихсөн учраас тархины цус харвалт, зүрхний шигдээс мөн үйл ажиллагааны алдагдал буюу зөнөлт үүсдэг. Зарим хүмүүс альцгеймер тусах тохиолдол ч байна. Монголд дөрвөн хүн тутмын нэг нь хэзээ нэгэн цагт харвах эрсдэлтэй байдаг. Иймд эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө хамгаалдаг байх нь чухал.
- Хэт их идэх нь даралтыг буулгаж, огцом ихсэх эрсдэл бий болгодог.Огцом буурч, огцом нэмэгдэж буй даралтны хэлбэлзэл цус харвахад хүргэдэг. Иймд бага хэмжээгээр тогтмол идэж, хоолны хэмжээндээ анхаарах хэрэгтэй.
- Согтууруулах төрлийн ундааг хэт их хэрэглэх үед даралт буурч судас тэлдэг. Бие организм хорыг гадагшлуулах явцад судас хэт их агшиж даралт огцом өсөх аюултай. Мөн цаг 30 минут ширээний ард хөдөлгөөнгүй суухад л бодисын солилцоо зогсонги байдалд орж даралт ихсэж эхэлнэ. Иймээс 30 минут эсвэл цаг тутамд хөдөлгөөн хийж хэвших зайлшгүй хэрэгтэй.
- Бүтэн нойр аваагүй хүний даралт маргааш нь ихэсдэг байна. Сүүлийн үед 19, 20 настай залуус харвах тохиолдол их гарч байгаа. Залуу хүмүүсийн харвалтад нөлөөлж буй гол хоёр хүчин зүйл бол удамшлын судасны эмгэг, зүрхний эмгэгүүд байна. Түүнээс гадна амьдралын хэв маяг байна. Хэт их стресстэх, нойроо хасах, хөдөлгөөний дутагдал нөлөөлдөг. Залуус маш оройтож унтдаг, орой унтахын өмнө фэйсбүүк, гар утсаа удаан хугацаагаар шагайдаг. Цахим хэрэгслийн хэт их хэрэглээ нойргүйдэлд хүргэдэг. Нойргүй удаан явж, хэт их стресстэй ажилласнаар харвахад хүргэж байгаа юм. Гэтэл чанартай, хангалттай нойр бол эмийн бус аргаар даралт буулгах хамгийн зөв арга.
- Харвалтын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
- "FAST буюу face, arms speech, time" дүрмийг дагаж нүүр нэг тал руугаа унжиж, гар бадайрч, үг хэл ээрвэл яаралтай, цаг алдалгүй эмчид хандах шаардлагатай.
- Тархины цус харвалтын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэнцвэртэй хоолны дэглэм барих, биеийн дасгал хөдөлгөөн хийж, муу зуршлуудаасаа татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.