"Ид шидийн орон" төвийн Баянхошууны салбар дээр өчигдөр "Хуучин хувцасны дэлгүүр" нээгдлээ. Энд хүүхдүүд нэг ширхэг хуванцар сав авчраад гурван хувцас авах боломжтой. Дэлгүүрийн үйл ажиллагааны цаад санаа нь хуучин хувцас өмсөх нь ичих зүйл биш гэх соёлыг хүүхдүүдэд ойлгуулах, түгээх, мөн хуучин хувцас өмссөнөөр байгаль эх дэлхийгээ хайрлаж буй хэлбэр болохыг мэдрүүлэх нөлөөллийн ажил юм. Энэ талаар "Ид шидийн орон" төвийн сургалт, үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Отгонжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Манай дээр “Ид шидийн ах эгч нар” хуучин хувцсаа авчирч хандивладаг. Ингэхдээ хувцаснуудаа угааж, цэвэрлээд, индүүдээд аваад ирдэг. Бид эдгээр хувцсыг хүүхдүүддээ өгөхдөө зүгээр өгөхгүй. Учир нь хүүхдүүд маань бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно, Тиймээс тэднээс бяцхан амлалт авах, эсвэл хуванцар сав авчрахыг сануулдаг. Энэ санаа өмнө нь манайх дээр хэрэгждэг байсан. Бид бөөндөө ярьж байгаад саравчиндаа дэлгүүрээ гаргаад ирсэн юм. Бүтэн сар хандиваар ирсэн хувцаснуудаа нэг өдөр хүүхдүүддээ тараах шийдэл рүү шилжиж эхэлж байгаа гэсэн үг. Энэ маань үр дүнтэй байх юм бол бусад газрууд ч мөн үйл ажиллагаандаа оруулаад, нийгэмд сайн жишиг тогтоно. Нээрээ л бид жилд 70, 80 тонн шинэ хувцас өмсөхгүйгээр дахин боловсруулсан, хуучин хувцас аваад өмсөж болно шүү дээ. Миний ажигласнаар залуучууд үүнийг их гоёор хүлээж авдаг болсон. Харин хүүхдүүд, настнуудын хувь үүнийг хүлээж авахдаа их удаан байгаа. Тиймээс бид санаачилчих юм бол хүүхдүүд ч мөн ойлгодог болчихно.
“Хувцас авах гэж ирсэн хүүхдүүддээ бид тайлбарладаг юм. Чи хуучин хувцас өмссөнөөрөө байгаль дэлхийгээ хайрлахад нөлөө үзүүлж байгаа юм шүү. Бас чиний авчирсан хуванцар сав чинь зүгээр газар хаясан бол газартаа шингэхгүй удах байсан. Бид зориулалтынх нь журмаар хаяна. Чи маш олон сайн зүйл хийж байгаа. Хуучин хувцас өмсөх муухай биш гоё шүү” гэдгийг нь хэлээд явуулж байгаа.
Бид дэлгүүрээ нээгээд нэг хонож байгаа гэхэд ачаалал их байлаа. Өглөөхөн саравчаар дүүрэн байсан хувцас одоо бараг дуусаж байна. Мөн хуванцар савны хайрцаг маань дүүрсэн” гэлээ.