ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ТОХИРООТОЙГООР ИРЭХ НАМАР СОНГУУЛЬ ХИЙНЭ
Энэ долоо хоногт Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэн хэд хэдэн мэдэгдэл улстөрийн хүрээнд анхаарал татлаа. Тэрээр Сонгуулийг тогтолцоог холимог болгож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадвал ирэх намар 2024 оны сонгуулийг явуулахад ч бэлэн байна гэж мэдэгдлээ. Мажоритар тогтолцооны үед сонгогчдын санал гээгддэг учраас сонгуулийн холимог тогтолцоонд шилжих ёстой гэж парламентад суудалгүй намууд шаардаж эхэлсэн. Тиймээс ч сонгогчийн саналыг үнэгүйдүүлдэг, зөвхөн том намуудад ашигтай тогтолцоог халахаар ярьж байна. Гэхдээ сайтар ухаж харвал үүний цаана нуугдсан ашиг сонирхол барьцаа бий. Тэр нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Эрх баригчдын тухайд зөвхөн сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд зогсохгүй, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, парламентыг 100-аас дээш гишүүнтэй болгохоор ярьж байна. Харин олон нийтийн хувьд гишүүдийн тоог нэмээд юу ч өөрчлөгдөхгүй, үргүй зардлаас хэтрэхгүй гэж шүүмжилж байна. Эндээс харвал, эрх баригчид гишүүдийн тоогоо л нэмж байвал сонгуулиа наашлуулчихсан ч яах вэ гэсэн бодолтой, үүндээ улстөрийн бусад намуудаар хүч түрүүлэх сонирхолтой байна. Нөгөө талдаа, УИХ-ыг тарахыг шаардаж байгаа олон нийтийн сэтгэл зүй дээр тоглолт хийх зуураа гишүүдийн тоогоо нэмж авах сонирхол энэ дунд явж байна.
МАН өөрсдийгөө шилэн ам боллоо хэмээн зарлаж, Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт улстөрийн бусад намынхан ч оролцож байр сууриа илэрхийллээ. Ялангуяа, ардчилсан намын шинэхэн дарга Л.Гантөмөр Ерөнхий сайдтай зэрэгцэж суугаад “УИХ тарах хэрэгтэй. Гишүүд нь гэмт хэрэгт холбогдож, чадамжгүй болчихлоо” гэж мэдэгдсэн нь анхаарал татлаа. Үүнээс анзаарвал АН болон МАН-ынхан сонгуулиа 2024 оныг хүлээлгүй намар хийе, Үндсэн хуулиа ч өөрчилж, гишүүдийнхээ тоог нэмье гэдэг дээр санал нэгдэж байгаа дүр зураг харагдаж байна. Товчхондоо, эрх баригчид, энэ онд сонгууль хийж магадгүй нь ээ гэдэг өнцгийг намынг дарга нарын мэдэгдлээс харж болохоор байлаа. Харин үүний нөгөө талд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Үндсэн хуулийг цоо шинээр батлах ёстой. Би МАН-тай нэгдэхдээ тавдугаар үндсэн хуулийн төлөө л гар барьсан. Жижиг нэмэлт өөрчлөлтөөр юу ч засрахгүй” гэж мэдэгдлээ.
УИХ-ЫН ЗУРГААН ГИШҮҮНИЙГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА
АТГ-аас энэ долоо хоногт нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өглөө. АТГ-аас зарласнаар өнөөдрийн байдлаар УИХ-ын, нэр бүхий зургаан гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байгааг мэдээллээ. Үүнтэй холбогдуулан хууль тогтоох байгууллага чадамжгүй боллоо, хулгайн хэргийг шалгасан болгоод өнгөрөх ёсгүй. Үнэн зөвөөр шалгаж, хариуцлага үүрүүлэх ёстой гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөлөө.
Тодруулбал, улс төрд нөлөө бүхий хүн болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татав. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүй хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, УИХ-ын гишүүн Ж.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
С.ЭРДЭНЭ Л.ГАНТӨМӨРИЙГ, ДЭЭД ШҮҮХТЭЙ НЬ ХАМТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
Ардчилсан нам шинэ даргатай болсон ч гомдогсдын мэдээлэл тасрахгүй байна. С.Эрдэнийн талынхан мэдэгдэл гаргаж, “Улсын дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж мэдэгдлээ. Түүний хувьд улсын дээд шүүх ашиг сонирхлын зөрчил гаргаж, Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн гэж гомдолтой байна. Түүнчлэн, улсын дээд шүүхийн шүүгчдийг гэмт хэрэгт холбогдсон хэмээн мэдэгдлээ. Үүний хариуд, Улсын дээд шүүхээс мэдэгдэл гаргасан юм. Ямартай ч дээд шүүхэд гомдож, намгүй, хүчин төгөлдөр тамгагүй үлдсэн С.Эрдэнийн талынхан хаврын улстөрөө үргэлжлүүлсээр байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.