Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй, 14 салбар зөвлөл, 31 салбар хороогоор дамжуулж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд 40 ажил төлөвлөснөөс 98 хувьтай хэрэгжүүлжээ.
"Өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Хамрагдсан эрчүүдийн дунд хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөл их байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд жендэр гэдэг ойлголт зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, эрчүүдийн боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсон.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69 дүгээрт эрэмбэлэгдсэн.
Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 20 хувиар өндөр. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардсан хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байна.
Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд, 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна.
Тиймээс жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, нийгмийн харилцаанд орох, хөгжих тэгш боломжоор хангах тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай.
2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой.
Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв тогтолцоогоор хангаж өгмөөр байна. Хандлагын өөрчлөлт чухал байна” хэмээн Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
Жендэрийн үндэсний хороо 2023 оныг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих жил” болгож энэ чиглэлээр төр, төрийн бус, мэргэжлийн холбоод, олон улсын болон хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хангаж, нийгэмд авлигыг үл тэвчих хандлагыг түгээхэд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх аж.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар