Монгол түмэндээ битүүний өдрийн мэнд хүргэе. “Өрөг.мн” сайтаас бэлтгэн хүргэдэг “Ялагч” нэвтрүүлгийн сар шинийн баярт зориулсан дугаарт Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзий оролцлоо.
САР ШИНЭЭР МОРЬ УРАЛДУУЛАХ НЬ ХАМГИЙН САЙХАН ЗҮЙЛСИЙН НЭГ БАЙЛАА, УГ НЬ
-Уяа эвлэг, морь хурдан сайхан хаваржиж байна уу, Та. Сайхан битүүлж байна уу?
-Сайхан хаваржиж, сайхан битүүлж байна аа. Сайхан битүүлж байна уу.
-Сайхан битүүлж байна. Дугараа манлай энэ өвөл хэчнээн морины уяа сойлгыг тааруулж өвөлжив?
-Одоо цагт өвөл, хаврын уралдааныг хийхээ больчихсон. Тэгэхээр улсын наадамд л бэлдэж байна. Энэ өвөл 10 гаруй морины уяаг нь тохируулж, эдэлж өвөлжлөө.
Уг нь битүүний өдөр сунгаанууд болж, морь уралдуулдаг байсан. Хурдан хүлгүүдээ уралдуулах нь битүүний, сар шинийн өдрийн хамгийн сайхан зүйлсийн нэг байлаа.
Шинийн 3, 5, 8-ны аль нэгэнд, сар шинийн өдрүүдээр “Дүнжингарав” уралдаан болдог, Монголын хамаг хурдан хүлгүүд тоосоо өргөж, уяачид мориныхоо уяа сойлго, тухайн жилийн өнгийг шинждэг байсан шүү дээ. Гэтэл өвөл, хаврын уралдааныг хориглочихсон, одоо нэг иймэрхүү л байдалтай байна.
-Цагаан сарын барилдаанд өндөр амжилт гаргасан бөх тэр жилээ цолоо ахиулдаг гэж бэлгэшээдэг. Уяачид ч мөн адил Цагаан сарын үеэр болсон “Дүнжингарав”, хаврын уралдаанд морь нь айрагдаж, түрүүлбэл тэр жилээ улсын наадамд сайн уралдах нь гэж бэлгэшээдэг байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Тэгж бэлгэшээдэг байсан. Ер нь өвөл, хаврын уралдаан моринд ч их хэрэгтэй юм шүү дээ. Уяачид мориныхоо амьсгааг онгойлгон уяа, сойлго нь хэр байгааг шинжин, хийморио сэргээдэг байлаа.
ЭНЭ ЯНЗААРАА ШАХАЖ ХАВЧУУЛСААР БАЙГААД МОРЬ УЯХ ӨВ СОЁЛОО ХЯТАДАД АЛДАХ ВИЙ ГЭЖ ЭМЗЭГЛЭДЭГ
-Өвөл, хаврын уралдаан, “Дүнжингарав”-ыг зохион байгуулахыг хориглосон. Энэ талаар уяач хүнийхээ хувьд ямар байр суурьтай явдаг вэ?
-Үүнд эмзэглэж явдаг. Тусгаар тогтносон Монгол Улс байж Хятадын харьяат байгаа Өвөр Монголоос дор байна шүү дээ. Өвөр монголчууд дуртай цагтаа морио уяж, хүссэн цагтаа уралдуулж байна. Гэтэл бид тэгж чадахгүй байгаа шүү дээ. Барууны үзэл суртал орж ирээд, хүүхдээр морь унуулахгүй, наадам зохион байгуулахгүй гээд ерөнхийдөө их хавчигдаж байна. Монголчууд бид Ардын хувьсгалын 100 жилээ хүртэл тэмдэглэж чадаагүй шүү дээ.
Ингэж шахаж хавчуулж, энэ янзаараа байвал морь уях өв соёл Хятадынх болж хувирах болов уу гэж боддог. Үүнд их эмзэглэж явдаг.
Цагаан сарын уралдаан бол өв соёл, уламжлалаа авч үлдэх, сурталчлах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нэг хэлбэр. Нэг хэсэг баахан даяаршил ярьсан. Даяаршил гэдэг чинь бүтэхгүй юм байна гээд ондоошил гэж ярих боллоо. Монгол Улс яаж ондоошиж, ямар өв соёл, уламжлалтай гэдгээ харуулах чухал зүйлийн нэг нь яах аргагүй монголчуудын морины соёл.
-Монголчууд бид морины соёлоо өвлөсөн шиг өвлөж, тээсэн шиг тээж чадаж байна уу?
-Морины соёл, нүүдлийн ахуйг үнэндээ малчид, уяачид л тээж явна. Төв суурин газар өссөн хүүхэд ахуйгаасаа хол өсдөг. Тэр хэрээр Монголоор сэтгэж, мэдэрч, хайрлахгүй байх шиг.
Монгол ахуйтайгаа ойр, хөдөө өсөхийн ач холбогдол их. Хөдөө өссөн хүн эхлээд адуу малаа хайрлана. Нутаг усаа, аав, ээжийгээ хайрладаг. Юмыг хайрлах, эх орноо гэсэн сэтгэлтэй болж хүмүүждэг. Хотод, төв суурин газарт өссөн хүүхэд яг тэгж хүмүүжиж, төлөвшиж чадаж байгаа бил үү. Эх орон, нутаг ус, монгол хүн байхын үнэ цэнийг дутуу мэдэрдэг юм шиг санагддаг. Ер нь төв суурийн газрын хүүхэд өөрийгөө л хайрлахаас биш өрөөл бусдыг хайрладаг юм уу. Тэгж л хүмүүжээд байх шиг байна.
2013 ОНД “ДҮНЖИНГАРАВ”-Т ГУРАВ, УЛСЫН НААДАМД ЗУРГААН МОРЬ АЙРАГДУУЛЖ, ШИЛДЭГ УЯАЧ БОЛЖ БАЙЛАА
-Өвөл, хаврын уралдаан, “Дүнжингарав” болдог байхад аль Цагаан сарын үеэр болсон уралдаан таны сэтгэлд хамгийн сайхан дурсамж үлдээсэн бэ?
-2013 оны “Дүнжингарав”-аар гурван нас уралдахад миний гурван морь гурвуулаа айрагдаж билээ. Тэр жил “Дүнжингарав”-ын шилдэг уяачаар шалгарсан. Тэр зунаа улсын наадамд зургаан морь мордуулаад, бүгдийг нь айрагдуулж, сайхан наадаж байлаа. Тэр жилээ улс, бүсийн наадмаас нийт 10 гаруй морио айрагдуулж, 2013 оны Монгол Улсын шилдэг уяачаар шалгарснаа дурсах дуртай.
-2013 онд “Дүнжингарав”-т айрагдан, улсад түрүүлсэн даян түмний эх хүрэн морь таны уяан дээр байна. Одоо хэдэн настай билээ?
-19 настай. Одоо уяхгүй байгаа. Уяан дээр чимэг болоод байж байна. Өвлийн улиралд ингээд авч ирээд, хөтөлж хөнгөлдөг. Төрийн наадамд хоёр түрүүлсэн, Даян түмэн эх гэдэг утгаараа монголчууд их бэлгэшээдэг. Хүрэн морийг хараад шинжинэ. Хамт зураг даруулна, зарим нь адис авдаг
Б.БАТ-ӨЛЗИЙ: ХҮРЭН МОРЬ ӨНГӨЛСӨӨР ЦАГААН ХӨТӨЛ РҮҮ ТОНГОЙХОД НЬ “ТҮРҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙ” ГЭЭД ЦЭНХЭР ХАШААН ДОТОР ОРООД ХҮЛЭЭЖ БИЛЭЭ
-Хүрэн морийг та анх хараад шинжихдээ “Даян түмний эх болох хэмжээний хүлэг байна” гэж таньсан уу?
-Үгүй ээ. Х.Бат-Эрдэнэ хүнээс нэг хязаалан үрээ авчихлаа, хамт очъё гэдэг юм. Тэгээд очлоо. “Торгоны зам”-ын Гантөмөрийн адуунд хязаалан, ахар дэлтэй, засаатай үрээ байсан. Харахад яах вэ, овгор товгор юмгүй, жирийн үрээ. Муу ч юмгүй, байдаг л үрээ байсан. Морины сайныг унан байж, хүний сайныг ханилан байж мэднэ гэгчээр соёолонд нь уясан чинь л ерөөсөө тодроод гараад ирсэн.
-Хүрэн морь Х.Бат-Эрдэнэ манлай та хоёрыг олон удаа баярлуулсан. Хүрэн мориороо хамгийн их бахархсан, бахадсан наадам аль нь вэ?
-Би хүрэн морийг төрийн наадамд хоёр жил дараалан түрүүлгэлээ. “Их хурд”-д, бүсийн уралдаанд түрүүлгэсэн. Монгол Улсын хэмжээнд болдог хамгийн том уралдаан болох улс, бүс, “Их хурд”-д гурвууланд түрүүлсэн нь түмэн эх. Улсын наадамд 600-700 метрийн зайтай хол ирсэн. Би олон сайхан морь уяж явлаа. Ийм морь уях хувь тохиол таарна гэдэг эр хүнд, уяач хүнд ховор олдох хувь заяа, амны хишиг. Хүрэн мориндоо их хайртай.
За, улсад анх түрүүлдэг жилээ сунгаануудад онцгой байсан. Сунгаа үзсэн уяач бүхэн л хүрэн морийг түрүүлнэ гэж байлаа. Үнэхээр онцгой хурдан байсан болохоор түрүүлнэ гэдэгт нь би бат итгэлтэй байлаа. Ямар сайндаа хүрэн морь өнгөлсөөр Цагаан хөтөл рүү тонгойход нь “Түрүүлэх нь тодорхой” гээд морь хөлсөлдөг цэнхэр хашаан дотор ороод, хүлээж байсан шүү дээ, Х.Бат-Эрдэнэ бид хоёр.
Улсад хоёр дахиа түрүүлэх жилээ давгүй нь давгүй байсан. Гэхдээ эхний түрүүлдэг шигээ айхтаргүй байв. Айрагдаж чадах нь уу гэж бодож байлаа.
Үзэгчид рүү орж ирэхэд хүрэн морь долоо дээр явж байсан. Тэгэхэд юун түрүүлэх бодогддоггүй юм билээ. Урдаа байгаа хоёр морийг гүйцээд, дайраад тавлачихдаг арга байна уу гэх бодол төрж байв. Тэгсэн чинь нэвт дайраад түрүүлж билээ. Тэгэхэд үнэхээр их баярласан, хүрэн мориороо бахархсан, бахадсан. Нүдний нулимс өөрийн эрхгүй урсаж билээ. Энэ талаар одоо ч бодоход сэтгэл их хөдөлж байна (уйлав).
-Уяач хүний хамгийн жаргалтай мөч шүү дээ, тийм ээ?
-Тэгэлгүй яах вэ. За, ярилцлагаа түр зогсооё. Камераа унтраачих.
-За, тэгье.
Ингэж хэлээд Дугараа манлай хүрэн мориныхоо духыг илэв. Зөөлөн хөтөлж, уяагаа тойроход нь хүрэн морь эвшээн, ихэд таатай байлаа.
ХҮРЭН МОРЬ ГАЙХАМШИГТАЙ ЗҮРХ ЗОРИГТОЙ, “ҮЗҮҮРТЭЙ” ХҮЛЭГ
-Хүрэн морины гол онцлог шинж юу вэ. Морь, мориноос юугаараа илүү вэ?
-Ерөнхийдөө их биеийн тэнцэл сайхантай. Морь, мориноос ондоо шинж нь гэвэл, нүд их томтой. Улаан хүрэн нүдтэй. Дал, мөр их урттай. Их ташуу далтай. Дөрвөн өвдөг, бэрэвхийний үе, залгаа сайтай. Их өргөн салтаатай. Хүзүүний уг сайтай. Чихний үзүүр сайхантай. Чих нь богинохон хэрнээ угаараа бүдүүн. Тийм морь доо.
-Яг ийм шинжүүд бүрдсэнээр уралдахад ямар давуу тал бий болдог вэ?
-Ийм том, улаан хүрэн нүдтэй адуу зүрх зориг ихтэй. Эцсээ хүртэл өөрийгөө дайчилдаг. Тийм чанартай морь доо. Өвдөг, бэрэвхийний үений залгаа сайтай, сүүлнийх нь үзүүр шингэхэн. Сүүл нь үзүүр рүүгээ шингэрсэн ийм морийг “Үзүүртэй морь” гэж уяач нар ярьдаг. Уралдааны үзүүр дээр суудаггүй, бариан дээр ирээд өөрийгөө дайчилж, хамаг хурдаа гаргадаг морийг ингэж хэлдэг юм.
Хүрэн морины уяаны онцлог нь хат ихтэй. Уяа их даадаг. Хамгийн онцлог чанар нь, ерөөсөө зүрх, зориг гэж агуу л даа. Гайхамшигтай зүрх зоригтой.
-Дугараа манлай Өлзийт хороололд морио уяж байна. Гэр нь Улаанбаатарт байдаг уу?
-Тийм ээ. Өлзийт, Улаанбаатар хоёрын хооронд яваад байна. Морь уях чинь орчин үеэ даган ондоошиж байна. Дээр үеийн хүмүүс малаа маллангаа, хөдөө морио уядаг байсан. Одоо цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Ерөөс морийг яг л мэргэжлийн тамирчин шиг жилийн дөрвөн улиралд бэлдэж, сойж байж л хурдлуулах шаардлага бий болсон.
УЛС, БҮСИЙН 100-ГААД ТҮРҮҮ, АЙРГИЙНХАА АНХНЫХЫГ НЬ ЦАГААН САРЫН УРАЛДААНААС ХҮРТЭЖ БАЙЛАА
-Та Баянхошуунд төрж, өссөн. Хурдан морьтой амьдралаа холбосон тань хэдийнээс вэ?
-Миний хүүхэд нас, адуутай амьдралаа холбосон, уяач болсон маань Морин тойруулгатай салшгүй холбоотой. Би 13, 14 настайдаа сонгомол морин спортоор явсан. Цэргээс ирснийхээ дараа Морин тойруулгад тамирчнаар ажиллаад, сүүлд нь адуучин, уяач болсон.
Өвөө маань надад нэг жижигхэн цагаан морь авч өгсөн юм. Цэргээс ирснийхээ дараа цагаан морио уяад, Морин тойруулгын хүлгүүдтэй давхил хийнэ. Цагаан морь ёстой гүйцэгдэхгүй. Тэр үед Партизаны сангийн аж ахуйд Цагаан сарын уралдаан болдог байв. Тэнд цагаан морио уяхаар очлоо. Уралдааны өмнө Д.Даваахүү, М.Данзанням гуай хоёрт морио үзүүлсэн юм. “Яах бол. Хэр байна вэ” гээд асуулаа. Би тэр үед 19 настай байсан юм уу даа.
М.Данзанням гуай харчхаад “Зээрийн зассан шагай шиг сайхан морь байна. Жаахан тарган л юм. Сайхан давхих байх. Гэхдээ энэ хойд талын Партизаны Рэндамбын саарал морийг гүйцэх нь юу л бол” гэсэн. Яг хэлснээр нь болж 1989 онд улсад түрүүлсэн Түмний эх саарал морь түрүүлж, миний цагаан морь аман хүзүүдсэн юм. Тэгж анхныхаа айргийг авч байлаа.
-Тэгэхээр та анхны айргаа Цагаан сарын уралдаанаас хүртэж байж.
-Тэгсэн. Анхны айргаа Цагаан сарын уралдаанаас хүртсэндээ бэлгэшээж явдаг. Тэр үеэс хойш адуунд амьдралаа зориулсаар ирлээ. 1990 оноос хойш юм байна.
-Тэгэхээр 33 жил морь уяж байгаа юм байна. Одоо ер нь улс, бүсийн наадмаас хэдэн айраг, түрүү хүртээд байгаа билээ?
-Улс, бүсийн наадмын 100-гаад айраг, түрүү байгаа байх аа. Ер нь тоолж үзээгүй.
МОРИО УЯАД ЯВАХ Л ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ
-Огт тоолж байгаагүй гэж үү?
-Тийм ээ, тоолж байгаагүй. Морь уяна гэдэг чинь өөрөө сайхан зүйл байхгүй юу. Дандаа түрүүлж, айрагдана гэж юу байх вэ. Юм чинь ээлж дугараатай. Миний хувьд морио уяад явах л хамгийн жаргалтай. Мэдээж айрагдаж, түрүүлбэл бүр сайхан л даа. Хурдан хүлгээ уяж, төрийнхөө наадамд оролцох хамгийн чухал.
-Та хээр халзан морио 1998 оны “Их хурд”-д аман хүзүүнд давхиулсан. Том наадмын анхны айраг нь тэр байв уу?
-Тийм ээ. Би Морин тойруулгын уяач болсон анхны жилээ хээр халзан морио улсад уясан юм. Тэр жил зугтаалгаж, зугтаалгаж суулгаад долоод давхиулсан. Тэр үед надад хэцүү байсан. Морь уях тийм амархан ажил биш. Морь уяж, айраг, түрүү авах надад тийм амархан олдоогүй. Нэлээд юм үзэж байж л айраг, түрүү хүртсэн.
ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.БАТ-ӨЛЗИЙ ХУРДАН МОРИЙГ ХЭРХЭН ШИНЖДЭГ ВЭ
-“Миний морийг шинжээд өгөөч” гээд хүн морио хөтлөөд ирэхэд та хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?
-Ерөөс манай холын зайн уралдаанд үндсэн хэдэн юм бий. Ялангуяа их насны моринд. Эдгээрийн нэг нь ачаалал даах чадвар. Улсын наадмын түрүү халиун морь шиг хөл нь бүдүүн, бэрэвхий нь босоо, богинохон байх чухал. Үенүүд нь овгор, товгор, шулуухан хөлтэй. Ямар нэгэн гажиггүй. Хөл бүдүүнтэй байх ёстой. Нөрийн хөл, үетэй, шөрмөс муутай, бэрэвхий урттай, галуун сагагтай морь хөлөө дорхноо авчихдаг гэмтэй.
Дараагийн чухал зүйлсийн нэг нь хавирга. Хавирга урттай морь уяа сайн даадаг. Урт хавиргатай морины гэдэс нь цөмөрдөггүй. Зарим моринд давхил өгөхөд нарийсаж, гэдэс нь чангарчхаад болдоггүй юм. Тиймээс хавирга урттай байх хэрэгтэй.
Агсам хөөрүү зангүй, аварга зүрх зоригтой байх чухал. Ерөнхийдөө энэ хоёр голчилно.
Мөн их биеийн тэнцэл чухал. Хөлийн харьцаа нь цээжтэйгээ тэнцэж байна уу. Цээжиндээ бөгснийх нь хийц тэнцэж байна уу. Толгойных нь тэнцэл хэр байна вэ. Хүзүү нь ямар байна вэ. Энэ бүхэн чухлаа чухал.
-Ер нь морь хурдлах уяачаас хэр шалтаалдаг вэ?
-Миний бодлоор морь хурдлах адуунаас 90, уяачийн эрдмээс 10 хувь шалтгаална. Хэчнээн сайн уяач байлаа ч явдаггүй морийг хурдан болгож, түрүүлж, айрагдуулах боломжгүй. Адуу өөрийнхөө өгөгдлөөр л давхидаг. Гэхдээ яах вэ, сайн морийг муу уяад хойгуур давхиулах тохиолдол бий. Тэрийг муу уялаа гэж байгаа юм. Ер нь сайн морины уяаг учиргүй алдчихгүй, жаахан багцаатай уяад, түрүү, айраг авахыг л сайн уяач гээд байх шиг байгаа юм.
УЛСЫН НААДМЫН ТҮРҮҮ ХАЛИУН МОРИЙГ НААДМААР ЖААХАН МАХДУУЛААД МОРДУУЛСАН НЬ МИНИЙ АЛДАА
-Таны уяан дээр байгаа олон сайхан хүлгүүдийн нэг нь халиун морь. Улсын наадмын түрүү хүлгийг та хэзээнээс уяж байгаа билээ?
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төмөрбаатарын Галбадрахын халиун морь. Улсад түрүүлсэн, Түмэн эх морь. Халиун морийг Х.Бат-Эрдэнэ тод манлай авсан. Авсан жил нь улсын наадам болоогүй, өнжсөн. Өнгөрсөн зун Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор би улсын наадамд уяад, айргийн тавд давхиулсан. Давхар уяагаар “Их хурд” уралдаанд айргийн дөрөвт орсон.
Зуны уяанд махтай нь нийлүүлчихээр морины өөхөн тамир нь буусан ч мах нь буудаггүй. Тиймээс өвөл махыг нь сайн нимгэлж, тэнцүүлж өгөх хэрэгтэй. Миний өнгөрсөн жилийн алдаа гэвэл халиун морийг арай жаахан махдуулаад, муухан тавьсан. Морь нь өөрөө хурдан юм болохоор айрагдчихна лээ.
МОРЬ УНААД ЯВАХАД СЭТГЭЛ ОВОЛЗОЖ, ЗАЛУУС НАС БОДОГДДОГ
-Та жороо морь унах дуртай. Хар морь тань үнэхээр сайхан жороолдог. Морь унахын, салхи татуулан давхихын юу нь хамгийн сайхан бэ?
-Жороо морь бол монголчуудын бас нэг сайхан өв уламжлал, соёл. Би жороо морь унах дуртай. Гурван хар, нэг хүрэн халзан жороо морьтой. Миний хар морь шиг ийм жороо морь Монголд ховор. 10 орчим л бий. Хар морио ямар ч байсан Монголдоо дээгүүр орох жороо морь гэж үнэлдэг.
Морь унана, сайхан мориор гангарна, морь эдэлнэ гэдэг чинь өөрөө Монголын том соёл. Би морь унах их дуртай. Сайхан морь унаад явахад бүх юм мартагдаад, сэтгэл сэргэдэг. Өнөө цагт хүмүүс сайхан машин унавал сайхан болдогтой адил би морио унахаараа аз жаргал мэдэрдэг, сэтгэл дүүрчихдэг. Морь унаад давхихаар сэтгэл оволзоод, залуу нас бодогддог. Үнэхээр сайхан байдаг шүү.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн сар шинийн баярт зориулсан дугаарт оролцсон танд баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивээн тэтгэгч “Монос хүнс” компанийн гарын бэлгийг гардуулъя. Улс, бүсийн наадмаас дахин олон түрүү, айраг хүртэхийг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан “Өрөг.мн” сайтын хамт олонд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Монгол түмэн минь хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.