Өнгөрч байгаа долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг багтаасан Сөрөг хүчин тоймын шинэ дугаар эхэлж байна.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШҮҮХ ХУРЛААР БАС Л ЯЛ НАЙМААЛЦАХ УУ?
Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгын их танхимд боллоо. Төрөөс мөнгө завшиж, буруу замаар будаа тээсэн хүмүүсийнх нь тоо замаа алдаж, шүүхийн танхимдаа ч багтахааргүй болсны ганцхан жишээ нь энэ байлаа. Эгнүүлж тавьсан хавтаст хэрэгнээс энэ бүгдийг тодорхой харж болохоор байсан юм.Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх дэнсэлнэ. Шүүх хурал бараг 300 орчим оролцогчтой. Хэдийгээр шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй болох ёстой байсан ч өмгөөлөгчдийн хүсэлтээр тал дундаас нь хаалттай хуралдаж эхэлсэн юм. Төрийн эрх барьж байсан томоохон улстөрчдөд холбогдсон хэргүүд олон жилээр шүүх дээр сунжирч, дундаасаа замхардаг. Тиймээс ч өмгөөлөгчид хугацаа хожих гэж, бүхнийг хаалттай хэлэлцэх гэж улайрч байгааг олон нийт хүчтэй эсэргүүцэж байна. Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх шүүх хурал биш, хөгжлийн банкны ял наймаалцах хурал хэмээн тодорхойлж байна. Ямартай ч улстөрчид Монгол улсын хөгжилд хувь нэмэр болохуйц хөгжлийн том төсөл хэрэгжүүлнэ хэмээн тэрбум тэрбумаар хэмжигдэх зээл авч, гарын салаагаараа урсгаж орхисон хэргийн Гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх гуравдугаар сарын 2-нд явуулахаар товлоод байна.
КОЙН БА ДУР ЗОРГЫН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮД
"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн. Тэднийг цагдан хорих 461-р ангид саатуулж, улмаар 2-р сарын 6-нд суллаж, улмаар хилийн хориг тавьсан байдаг. Тэгвэл О.Мөнхжинг дахин 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан нь энэ 7 хоногийн шүүмжлэл дагуулсан сэдэв байлаа.
О.Мөнхжин нарыг зах зээлд Койн гаргах замаар мөнгө угаасан уу гэдэг асуудлыг шүүхийн эцэслэж тогтооно. Гагцхүү гэм буруутай эсэхийг нь тогтоох хүртэл хэрэг шалгах, мөрдөн байцаах ажиллагаа хууль журамд нийцсэн байх ёстой. Хэн нэг даргын дур зоргын асуудал байж болохгүй, Гэтэл койны хэргээр шалгагдаж байгаа О.Мөнхжингийн гадаад паспорт, хувийн мэдээлэл нь нийгмийн сүлжээнд цацагдлаа. Хэргийн мөрдөгч нь энэ бүхнийг дэлгэв үү гэдэг хардлага ч газар авлаа. “Эрүүгийн цагдаагийнхан өөрсдөө хуулиа өөрөө зөрчлөө гэдэг асуудлыг иргэд нийгмийн сүлжээнд хүчтэй хөндлөө. Нөгөө талдаа, хуулийнхан хэрэг шалгах нэрийн доор, дургүй нь хүрвэл бусдыг 30 хоног цагдан хорьж, эрүү шүүлт тулгадаг. Улмаар сошиал сүлжээгээр яллаж орхидог байдал хэрээс хэтэрснийг олон нийт эсэргүүцэж байна. Хамгийн сүүлд л гэхэд 30 хоног цагдан хоригдоод байсан Д.Мөнх-Эрдэнийг дахин 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Хэнийг, ямар хэргээр шалгаж байгаа вэ гэдэг огт сонин биш. Гагцхүү шалгах явцдаа хууль зөрчиж, улстөрийн өнцгөөс хандаж байна уу гэдэг нь гол асуудал болоод байна.
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БА УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 120-Д ХҮРГЭХ ХҮСЭЛ
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд улсын хэмжээнд 1570 иргэний дунд Зөвлөлдөх санал санал асуулга явуулсан. Санал асуулгын хоёрдугаар үе шат энэ долоо хоногт төрийн ордонд хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Улс орны тогтолцооны тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилготой зөвлөлдөх уулзалтад 800 гаруй хүн оролцсон юм. Уулзалтаар парламентын төлөөлөх чадавхийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын 76 гишүүний тоог дор хаяж 120-д хүргэх ёстой талаар ярилаа. Гишүүдийн тоог өөрчлөх асуудалд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Харин эрх баригчдын тухайд энэ бол зайлшгүй хэрэгцээ хэмээн тайлбарлаж байна. Товчхондоо “Зөвлөлдөж шийдье” гэсэн сүржин нэртэй л болохоос биш, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх талаар иргэдээс асууж баталгаажуулсан, дэмжүүлсэн шүү гэдэг хэлэх үгтэй болохын тулд иргэдийг түүврийн аргаар сонгож Төрийн ордонд цуглуулсан явдал боллоо. Эрх баригчид гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр өөрсдийнх нь харьяаны охин нам гэддэг ХҮН намынхнаар суртал ухуулга хийлгэж, 21 аймаг тойруулж байна. УИХ дахь АН-ын бүлгийнхний дэмжлэгийг авахын тулд Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэж өгөх тохироо хийсэн. УИХ-ын гишүүн ҮХНӨ оруулъя, гишүүдийн тоогоо нэмье гэж нэгэн дуугаар кноп дарахад бэлэн болсон гэдэг асуудал яригдаж байна. Эрх баригчид ҮХНӨ оруулах санаархалдаа нэг алхам ойртсон долоо хоног байлаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.