Сар шинийн баяр ойртох тусам бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, худалдааны төвүүдийн ачаалал нэмэгдэх болжээ. Тухайлбал, “Хүчит шонхор” худалдааны төвд гурван долоо хоногийн өмнө 180-300 мянган төгрөгөөр худалдаалж байсан ууцны үнэ 500 мянга давжээ. Бэлтгэлээ базааж буй иргэд "Үнэ хоногоор өсөж байна" хэмээн ярив.
УЛАМЖЛАЛТ БАЯРААРАА ЗЭЭЛ АВААД Ч БОЛОВ ЭЛБЭГ ДЭЛБЭГ ШИНЭЛНЭ
Сар шинийн баяр бол ураг төрлөө мэддэг, Монголчуудын хувьд хамгийн чухал баяр. Тиймээс жилд ганц тохиох баяртаа ач холбогдол өгч, идээ шүүсээ бэлддэг тухайгаа ярьсан юм. Бидэнтэй уулзсан, Сүхбаатар дүүргийн ахмад настан ярихдаа "Би 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Саяхан тэтгэврээ зургаан сараар зээллээ. Бидний цалин тэтгэвэр, орлого огт өсөхгүй байгаа хэрнээ үнэ өдөр хоногоор нэмэгдэж байна. Дарамттай, хэцүү байна. Гэхдээ яая гэх вэ. Цагаан сарыг бид заавал ёсоороо тэмдэглэх ёстой. Энэ баярын хамгийн гол учир нь ураг төрлөө мэддэг, дор хаяж гурван үеэ таньдаг, цус ойртолтоос сэргийлдэг баяр шүү дээ. Бид идээ шүүсээ бэлддэгээрээ бэлдэнэ. Хамгийн гол нь, юмны үнэ гэрлийн хурдаар өсөөд байгааг төр засаг анхаарч, зөв бодлого хэрэгжүүлмээр байна" гэлээ.
ХЭВИЙН БООВНЫ ҮНЭ ДУНДЖААР 4000 ТӨГРӨГ
Харин худалдааны төвүүдээр ширхэг хэвийн боовны үнэ дунджаар 4000 төгрөг байна. Баянзүрх худалдааны төв хэвийн боовны үнэ 4000-5500 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ жил Туулай жил гарч байгаа учраас давсаар хийсэн, тавгийн дээр тавих туулай эрэлт ихтэй байгаа аж. Үнэ нь 10 мянган төгрөг. Тавгийн идээнээс гадна гарын бэлгээ бэлдэхээр явж байгаа хүмүүс цөөнгүй байлаа.
Үндэсний статистикийн хорооноос нэг өрх айл сар шинийн баяр тэмдэглэхэд 1,2 сая төгрөг зарцуулдаг. Үүнээс 720 мянган төгрөгийг нь идээ шүүсэндээ зарцуулдаг гэх судалгааг гаргаад байна. Хүмүүс уламжлалаа дагаж, шинэлдгээрээ шинэлнэ. Гагцхүү үнийн өсөлтийн эсрэг бодлого хэрэгжүүлж, цалин орлого өсгөх тал дээр төр зөв алхам хэрэгжүүлэхийг сар шинийн бэлтгэлээ хангаж буй иргэд хэлж байлаа.
Видеог дээрээс үзнэ үү.