“Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөн, өдөрлөг Төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөний үеэр дэлгэсэн үзэсгэлэнд Хөвсгөл аймгаа төлөөлөн оролцсон малчин Ө.Ариумаатай ярилцлаа. Тэрбээр эл үзэсгэлэнд 16 нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн юм.
Ө.Ариумаа “Малчин эмэгтэйчүүд маань Төрийн ордонд хуран чуулаад, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байгаад баяртай байна. Ийм боломж олгож, зөвлөгөөн зохион байгуулсан Монголын эмэгтэйчүүдийн холбоондоо баярлалаа.
Эмэгтэй малчдад тулгамдаж буй олон асуудал бий. Нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд гэх мэт маш олон тулгамдсан асуудлаа хэлэлцэн, шийдвэрлэхийн төлөө ирлээ.
Манай эмэгтэйчүүдийн зөвлөл Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Сарлагийн сайхан хишиг” хоршоотой хамтран, 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэлээ. Мөн эсгий, ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүнээр оролцож байна.
Өнөөдөр бид шимийн архи, аарцан торт, аарцан иштэй чихэр авчирлаа. Ааруулыг чипсэн, хорхой гэм мэт олон төрлөөр хийлээ. Мөн мэхээртэй хольсон тос байна. Энэ тос манай нутгийн брэнд. Тариалан сумын хашингаар хийсэн саван байна.
Орон нутагт өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд тоног, төхөөрөмж, байр сууц шаардлагатай байна. Төр засгаас биднийг бодлогын түвшинд дэмжих хэрэгтэй байгаа.
Хоршоог дэмжмээр байна. Хоршиж ажилламаар байна. Тэгэхийн тулд хууль эрх зүйн талын дэмжлэг бидэнд маш их шаардлагатай байна гэдгийг төр засагт хүргэхийн тулд өнөөдөр Төрийн ордонд ирээд, үзэл бодлоо илэрхийлээд, санал, санаачилгаа дэвшүүлж байна.
Улаанбаатарын замын түгжрэлийг сааруулахын тулд жил бүр маш олон тэрбум төгрөг зарцуулдаг. Утааг арилгахын тулд олон тэрбум төгрөгөөр санхүүжүүлдэг ч бодит үр дүнд хүрдэггүй.
Энэ мөнгөөр бүх аймаг, сумдын тоног төхөөрөмжийг нь шийдээд, 70-80 сая малын түүхий эдээ боловсруулах боломжтой. Тийм боломж, нөхцлөөр хангачихвал малын бүхий л ашиш шим, түүхий эдээ жалганд аваачиж хаяхгүй шүү дээ. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Үүнд бүгдээрээ анхаараад өгөөч гэсэн санааг дэвшүүлэх гэж ирлээ.
Хөдөө нутагт малчин олдохгүй байна. Малаа харуулах айл, малчин, саальчин цалинжуулаад ажиллуулъя гэхээр хүн олддоггүй. Ажлын байр байгаад байдаг, уг нь.
Зарим малчин их бэлэнчилдэг болчихлоо. Малаа маллахгүй, саахгүй байна. Өглөө, орой саадаг байсан бол одоо өдөрт нэг удаа саадаг. Зарим үед бүр саахгүй байна. Бүгдээрээ залхууралгүй үнээгээ саагаад, сүүгээр нь эрүүл бүтээгдэхүүнээр хангая гэсэн уриалга дэвшүүлж байна” гэлээ.