“Эмэгтэй малчид-манлайлал” зөвлөгөөн, өдөрлөг Төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөнд оролцсон хамгийн ахмад малчин, Баян-Өлгий аймгаас ирсэн Н.Цэдээ гуайтай уулзлаа.
Тэрбээр "Малчин эмэгтэйчүүд Төрийн ордонд орж ирээд, зөвлөгөөн хийж байгаад эмээ нь баярлаж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас ирсэн. 96 настай. Төрийн ордонд орсондоо эмээ нь баярлаж байна. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан Монголын эмэгтэйчүүдийн холбоондоо баярлалаа.
Би 14-хөн настайдаа хүн эмнэлгийн сувилагчаар ажиллаж байсан. Дөрвөн хүүхэдтэй хүн 50 настайдаа тэтгэвэрт гарна гэсэн журмаар тэтгэвэрт гарсан.
Эмэгтэй малчдад тулгамдаж буй асуудал зөндөө байна. Хол газарт нүүсэн малчдад эмч олддоггүй. Тэнд эрүүл мэндийн үзлэг, үйллчилгээ дутагдаж байна. Нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд яаж явж чадах юм бэ. Дуудаж байж багийн эмч л ирдэг. Өөр хүн ирдэггүй. Эмэгтэй малчид төрөхдөө л эмнэлгийн бараа хардаг. Эмнэлэгт хоёр, гурав хоноод л ар гэр, хүүхдүүддээ, малдаа яараад гэр рүүгээ буцдаг. Хөдөөгийн эмэгтэй малчдын ажил хүнд. Ёстой хоёр нарны хооронд явж байгаа.
Хөдөө 30-50 насны залуучууд байдаг юм. Тэр залуучуудад гэр бүл байхгүй. Охид нь сураад явчихсан, хөвгүүд нь ялгараад үлдчихсэн.
Харамсалтай санагддаг юм олон байна аа. Хөдөө залуу малчид ховордчихлоо. Залуучууд сумын төв рүү орох юм. Сумын төвөөс аймгийн төв орлоо гэж дуулддаг. Тэгээд Улаанбаатар орсон байдаг. Улаанбаатараас нэг мэдэх нь ээ гадаад руу явчихсан байх юм. Залуу малчид жаахан дутагдалтай байна. Ажилгүй хүмүүсийг малжуулаад, залуу малчид дээр гаргавал зүгээр санагддаг. Тэгье гэхээр мал дээр гардаг хүн алга" гэлээ.