Улс төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага нэхэж, улс орны хөгжлийг тодорхойлогч хэсэг нь дундаж давхаргынхан байдаг. Дундаж давхаргын орлогын хэмжээ өндөр, амьдралын чанар сайн, эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжтэй байвал хулгай, авлига бага байна.
Эдийн засагчдын зүгээс нийгмийн хөгжилд дундаж давхаргын үүрэг хамгийн чухал гэж үздэг. Тэгвэл манай улсын зарим хуулийн өөрчлөлт, шинэчлэлт дундаж давхаргаа хэт шахаж байна. Ингэснээр Монголд зөв, шударга ажиллаж амьдрах хүсэл, зоригийг нь мохоож байна гэж иргэд бухимдаж байна.
Тухайлбал, 2023 оны улсын төсвийн тухай хуулийн шинэчлэлтээр хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй, зорилтот бүлэгт олгохоор шийдвэрлэсэн. Мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авахаар тогтоосон. Энэ нь сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм.
Сарын 3.5 сая ба түүнээс дээш орлоготой иргэдийг өндөр орлоготой гэж үзэн, тэдний хүүхдүүдийг хүүхдийн мөнгөнөөс хасаж, эдгээр цөөхөн иргэнээсээ шаталсан татвар авна гэж шийдвэрлэсэн. Бид энэ асуудлаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Өндөр орлоготой гэж нэрлэсэн иргэдээс өндөр татвар авч, хүүхдийг нь хүүхдийн мөнгөнөөс хасах нь хэр шударга вэ?
-Өндөр орлоготой гэж нэрлэж, 3.5 сая төгрөгийн цалин авч байгаа цөөн хувь нь өөрийн ажил мэргэжлийн хувьд тодорхой хэмжээнд мэргэшсэн, өндөр бүтээмжтэй, ямар ч компанид өндөр цалинтай ажиллах чансаатай ажилтнууд байна гэж харж байна. Энэ ажилчдын хүүхдүүд хүүхдийн мөнгөнд хамрагдахгүй байна. Энэ нь хүүхдийг ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр мөн. Энэ хуулийн заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна.
Мөн эдгээр 1300 орчим иргэнээс шаталсан татвар авна гэж заасан байна. Сайн, бүтээмж өндөртэй ажиллаж, өөрийгөө чадавхжуулсны төлөө өндөр татвар төлөх болоод байна. Гэтэл бид төлж байгаа татварын дүндээ тохирсон үйлчилгээ, нийгмийн барааг тухайн иргэн авч чадаж байна уу гэвэл үгүй. Улаанбаатар хотын түгжрэл, утаа, эрүүл мэнд, боловсролын системийг харахад энэ давхарга төрөөс ямар нэгэн нийгмийн барааг хангалттай хэмжээнд авч чадахгүй байна. Тиймээс энэ нь маш шударга бус байгаа юм.
-Одоогийн татварын тогтолцоо шударга уу?
-Татвар өөрөө төрийн хэрэгжүүлдэг уян хатан, гоё арга хэмжээ, механизм биш. Маш хатуу байх ёстой. Одоогийн татварын тогтолцоо нэг бүлэг рүү л дэнслээд… үр ашиггүй харагдаж байна. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүмүүс нь орлогоосоо шууд татуулаад, татвараа төлж байна. Гэтэл УИХ-ын гишүүдийн цалин 1.1 сая орчим төгрөг ч хөрөнгийг нь бодоод үзвэл, хамгийн багадаа нэг тэрбум төгрөгөөс эхэлж байгаа юм. Нэмээд дансан дахь хэдэн тэрбум төгрөгийн хадгаламж, хурдан морь, хөөрөг, үнэт эдлэл, өндөр үнэлгээ бүхий байр, машин зэрэг маш их хөрөнгөтэй. Харин нөгөө өндөр орлоготой хүмүүст ийм хэмжээний хөрөнгө байгаа юу гэвэл бас л үгүй. Өөрөөр хэлбэл, татвар жинхэнэ мөнгөтэй хэсэг рүүгээ гар дүрж чадахгүй байна. Бидний гол хэмжих ёстой зүйл бол хөрөнгө. Хөрөнгөөс нь татвар авч байж сая шударга болно.
Тооцоолоод үзвэл, дажгүй өндөр цалин авч байгаа хүн өндөр татвар төллөө. Гэтэл хажууд нь нэг сая төгрөгийн цалинтай ч land-200, G-Glass унаад, нүхтэд амьдарч, хоёр тэрбум төгрөгийн хадгаламжтай. Тэрбум төгрөгийн хадгаламжийн улирлын хүүг бодоод үзэхэд, банкинд хадгалавал 33 сая төгрөг. Сард 11 сая төгрөг авна. Энэ нь жирийн нэг ажилтны арван сарын цалин. Үүнээс харахад татвараа суурь судалгаатай, нөхцөл байдлаа бүрэн ойлгож тогтоохгүй бол хэдэн жилийн дараа инфляцын нөлөөгөөр арван саяас дээш орлоготой харагдаад эхэлвэл яах вэ. Тэгвэл дахиад өндөр татвар авах уу. Энэ мэт маш олон асуудал үүснэ.
-Өндөр орлоготой бүлэг гэж ялгаад байгаа хэсэг нь одоогийн нөхцөлд яг өндөр орлоготойдоо орох уу эсвэл дундаж орлоготой бүлэгт багтах уу?
-Манай улс АНУ, Солонгостой их харьцуулдаг. Улс орон бүрд дундаж давхарга бий. Шууд энэ дундаж давхарга, энэ дээд давхарга гэхээс илүү үүнийг ямар аргаар тооцож байгаагаас шалтгаалан өөр өөр үзүүлэлт гардаг.
Бидний тооцож байгаа аргачлал нь нийт хүмүүсийн доод хэсгийн 20 хувийг хасаад, дээд хэсгийн 20 хувийг хасаад, дунд хэсгийн 60 хувийг нь ямар амьдралын хэв маягтай, ямар амьдралтай байгаагаас хамаарч, дундаж давхарга гэж тодорхойлдог. Мөн Дэлхийн банкны тодорхойлолтоор өдрийн хоолны хэрэгцээгээ хангасан хүмүүсээс дээш дундаж давхарга гэх зэргээр янз бүрээр ангилдаг. Үүнээс хамаарч дундаж давхарга тодорхойлогддог.
Тухайн улсад байгаа ихэнх бүлэг нь дундаж давхарга байдаг. Үүнээс харахад мана улсад хамгийн олон буюу 95 хувьд хүүхдийн мөнгө олгоно гээд бодоод үзвэл, энэ 95 хувь тэр чигтээ дундаж давхарга болж таарна. Тэгэхээр үлдсэн таван хувь нь дунджаас дээш давхарга гэж л харж байна.
-Дундаж, дээд, доод давхарга гээд ялгаад байна. Үүнийг ямар үзүүлэлтэд үндэслэн ингэж ялгаж байгаа юм бол?
-Шаталсан татвар авч байгаа таван хувиа яаж ялгасан нь ойлгомжгүй байна. Хөрөнгө эсвэл орлого алинаас нь хамаарч байна вэ.
Хэрвээ хөрөнгөөр нь ялгаж байгаа бол УИХ-ын гишүүдийн бүх хүүхэд хүүхдийн мөнгө авдаггүй гэсэн үг. Харин орлогоор нь ялгаж байгаа бол УИХ-ын гишүүдийн хүүхдүүд хүүхдийн мөнгө авч байна. Энэ нь шаталсан тогтолцоогоор татвар төлж байгаа 1300 хүний хүүхдүүд хүүхдийн мөнгө авахгүй байна гэсэн үг юм.
-Улс орны хөгжил дундаж давхаргаас ихээхэн хамаардаг гэж үздэг. Дундаж давхаргыг хэрхэн тэлэх боломжтой вэ?
-Тогтвортой хөгжлийн зорилт гэж дэлхий нийтээр тавьдаг. Дэлхий нийтийн гол зорилго нь улс бүрд дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд оршино. Гэтэл сая цар тахлаас шалтгаалсан маш удаан үргэлжилж байгаа эрүүл мэндийн шок нь эдийн засагтаа нөлөөлж, маш хүнд нөхцөл байдлыг үүсгэлээ. Улмаар 500 гаруй сая хүнийг дундаж давхаргаас доош татахад нөлөөллөө гэсэн судалгааны дүн гарсан байна.
Дэлхийн банкны 2020 оны судалгаагаар Монголд гурван иргэн тутмын нэг нь ядуу байна гэсэн дүгнэлт гарсан. 2020-2022 оны хооронд инфляц дандаа хоёр оронтой тоонд байж, валютын ханш жилийн 18 хувиар суларлаа. Үүнээс харахад, гурван иргэн тутмын нэг нь ядуу байсан бол одоо хоёр иргэн тутмын нэг нь ядуу гэсэн ангилал руу орох нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Бид хүнд нөхцөл байдлаас хамааран дундаж давхарга бий болгох гэдэг бодлого хөтөлбөрөөсөө ухарлаа гэж ойлгож болно.
Яаж дундаж давхарга бий болдог системийг л бүрдүүлж байж энэ улс орны дундаж давхарга тэлнэ. Дундаж давхарга яагаад чухал вэ гэвэл:
- Тэр хүмүүс ходоод нь цатгалан учраас сонгуулийн болон нийгмийн аливаа шийдвэр гаргалтад зөв сонголт хийнэ.
- Улс төрийн тогтолцоогоо зөв болгоход нөлөөлнө.
- Ажил хийж байгаа учраас тодорхой хэмжээгээр татвар төлж, улсын татварын орлогыг бүрдүүлэх гол сегмент нь болно. Өөрөөр хэлбэл татварын орлого нь боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр гээд бүх зүйлд орно.
- Нийгмийн сэтгэлгээ, хэв маяг гээд дундаж давхарга нийгмийг цогцлооход гол үүрэг гүйцэтгэж байна.
- Татвар, үзэл бодол, ажил хийж бүтээмж бий болгоно.
- Үйлдвэрлэл бий болгох, хүний нөөц бүрдүүлэх зэрэг олон зүйлийн гол хэсэг болдог. Тиймээс дундаж давхарга гэж чухалчилж ярьдаг.
-Та дундаж давхарга бүрдүүлэх бодлого, төлөвлөлтөөсөө ухарлаа гэж ярьж байна. Тэгвэл одоо яг ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Дундаж давхаргыг бүрдүүлэх үйл явцыг ногоо тарихтай зүйрлэе. Бид ногоо тарихын тулд хөрсийг нь зөөллөх, зэрлэгүүдийг нь зулгаах, тогтмол усалж, нарны гэрэлд байлгаж байж ногоо сайхан ургана. Дундаж давхарга тэлэх нь үүнтэй яг адилхан. Өөрөөр хэлбэл, зэрлэгээр нийгэмд авлигал, хээл хахууль, шударга бус ажлын байрны томилгоо, төр бизнест хэт оролцох зэрэг нийгмийн шинжтэй асуудлуудыг адилтгалаа. Эдгээр хүчин зүйлс нь хүний ажиллах урам зоригийг мохоож байдаг. Хичээл зүтгэл гаргаад, найман цаг ажилладаг. Татвараа шударга төлөөд л байдаг. Гэтэл өөр нэг хүн ямар ч ажил хийхгүйгээр зүгээр хэн нэгний бүтээсэн баялаг дундаас “цавчиж” аваад, баян амьдрах нь шударга бус.
Мөн макро эдийн засгийн тогтвортой бодлого асар чухал. Гэнэт мөндөр ороод л, гэнэт цас ороод л байвал тун хэцүү. Гэтэл манай улсын макро эдийн засгийн бодлого яг ингэж байна. Амьдрал нь тогтвортой дээшлэх боломжийг тогтвортой эдийн засгийн бодлого л олгодог. Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад, хүү нь гэнэт огцом өсөөд л. Хүү огцом өсвөл зээлийн хүү өснө. Эсвэл гэнэт инфляц өндөр болоод л, валютын ханш огцом сулраад л. Гэнэт төсвийн популист бодлогууд гарч ирээд, мөнгө тараагаад эхэлдэг болсон байна. Жишээлбэл, ковидын үеэр тараасан долоон их наяд төгрөгийн горыг бид 2022, 2023 онд инфляц, валютын ханшийн уналтаар төлж байна. Иймэрхүү бодлого нь тогтвортой, нийгэм нь авлигал, хээх хахуульгүй, түүний төлөө тэмцдэг байж дундаж давхарга тогтворжиж, амьдрал нь баталгаатай болох боломж нь бүрдэнэ.
-Бусад улс орнууд дундаж давхаргаа хэрхэн тэлсэн талаар олон улсын жишгүүдээс хуваалцвал?
-Бусад улс оронд стандарт, засаглал байдаг. Төр бизнест оролцох оролцоо нь бага байдаг. Төр журам гаргаж, стандарт тогтооно, хяналт тавьна. Яг л шөнийн харуулын үүргээр оролцоно гэдэг шиг бизнэсийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Тиймээс хувийн хэвшлийн тогтвортой бизнес явуулах үйл ажиллагаа нь хангагдсан байдаг.
Татварын зөв бодлого, зөв журам, төрийн хүнд сурталгүй. Бизнеснээ хийж байхад нь ямар нэгэн хяналтын газраас нь ирээд, дарамтлаад эсвэл татвараар дарамтлаад, хавчаад байхгүй. Энэ бүгдийг бий болгох хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл, мөнгөний бодлого, сангийн бодлогоороо зөв зохицуулагдсан. Хамгийн чухал нь хүмүүсийн сэтгэлгээний асуудал. Бүх зүйлийг төрд даатгадаг, төрөөс авах ёстой юм шиг сэтгэхүйтэй байж болохгүй. Бидний дийлэнх нь ийм сэтгэхүйгээр амьдарч байна. Хүн өөртөө найдаж, өөрөө хөдөлмөрлөж, үр ашгаа хүртдэг шударга систем бий болговол дундаж давхарга тэлнэ.
Мөн нийтлэг монголчуудад хуримтлал алга. Нийт хадгаламж эзэмшдэг хүмүүсийн таван хувь нь л нийт хадгаламжийн 89 хувийг бүрдүүлдэг. Хуримтлалаар амьдралд тохиох байр, машин, сургалтын төлбөр гээд бүх том асуудлыг шийддэг. Гэтэл тийм зүйл байхгүй байна. Бид шаардлагатай үе гарахад цалингийн зээл авдаг. Хүрэхгүй байвал ББСБ-аас давхар зээл авч байна. Монгол өрхүүд хоёр, гурван зээлтэй, цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд санхүүгийн дарамттай, ходоод нь цатгалан биш ийм нөхцөл байдалтай амьдарч байна.
Олон улсад ард түмнээ соён гэгээрүүлэх цогц бодлого байна. Манайх шиг сошиал хараад л, давс цац гэхээр давс цацаад л. ЭТТ-д луйвар гарлаа чи оч гэхэд очоод л. Энэ нь зүгээр гал унтраах л зүйл. Үүнийг компаниар жишээлбэл, ямар ч алсын хараагүй, зорилгогүй, богино хугааны төлөвлөлтгүй, борлуулалтаа өсгөх ямар ч бодлогогүй. Яаж энэ ажилчдыг бүтээмжгүй эсвэл чадвар сул байсан ч халахгүйгээр энэ компанийг “сажлуулж” явах вэ гэдэг зорилготой компани шиг л Монгол улс харагдаж байна.
Энэтхэгт би ядуу гэр бүлд төрсөн бол есөн үеийн дараа дундаж давхарга руу ордог. Норвеги болон Голландад ядуу гэр бүлд төрсөн бол гурван үеийн дараа дундаж давхарга руу шилждэг. Ямар нийгмийн системд амьдарч байна гэдгээс л их хамаарна. Жишээлбэл, Норвеги ядуу хүн ч хичээвэл дундаж давхарга руу орох боломжтой нөхцлийг бүрдүүлсэн байна. Харин Монголд энэ талаар хийсэн судалгаа байдаг эсэхийг мэдэхгүй байна.
Ийм судалгаа авахад хэцүү байдаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй хэр нь гартаа алтан бөгж зүүчихсэн. Өөрийг нь эмзэг давхарга уу гэж асуухад, өөрийгөө тэгж боддоггүй хүмүүс манай улсад олон.