Зарим хэвлэл, түүнд ажилладаг сэтгүүлч бусдаас мөнгө нэхэмжилж, ёс зүйгүй авирладаг гэх асуудал нийгмийн сүлжээнд улам бүр хүчтэй яригдах боллоо. “…Хэрэв хэдэн төгрөг өгвөл мэдээллийг чинь нийтлэхгүй устгая гэж сүрдүүлдэг. Улмаар, мөнгийг нь өгөхгүй бол байгууллагын талаар баримтгүй мэдээлэл түгээж, бусдыг дарамтанд оруулдаг гэх гомдол хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээлллийн зөвлөлд ч ирж байна. Нэр бүхий хэвлэлийн сэтгүүлч бусдыг дарамталж, мөнгө нэхэмжилсэн гэх баримт манай редакцид ирсэн юм. Тухайн иргэн дахин дарамтад өртөх вий хэмээн айж, болгоомжилж буй талаараа бидэнд ярьсан.
Баримт:
Нэгэн байгууллагад холбогдох асуудлын талаар нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч сурвалжилжээ. Тухайн байгууллага сэтгүүлчийг асуудалд нухацтай хандахыг хүсэж “Шүүхээр шийдвэрлээгүй байгаа хэрэг. Үнэн мөнийг шууд дүгнэх болоогүй байна. Асуудал гарсан нь үнэн. Гэхдээ хуулийн байгууллага шийднэ” гэжээ. Мэдээллийг шууд цацвал байгууллагын нэр хүндэд халдсан хэрэг болох тул харзнахыг зөвлөжээ. Гэтэл сэтгүүлч дансны дугаараа илгээж, мөнгө өгөхийг шаардсан байна. Ингэвэл мэдээллийг нь устгана гэжээ. Тухайн байгууллага хариуд нь мөнгө өгөх боломжгүй” гэдгээ хэлэхэд “Маргааш 20 сайтаар цацна” гэж 9906… гэх дугаартай утаснаас сүрдүүлсэн" гэв.
Яг ийм асуудал хэвлэлийн салбарт мэр сэр бугшиж байгааг ч Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ч тайлбарлаж байна. Мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэж, ёс зүйн зарчмаа баримталдаг хэвлэл олон бий. Гэтэл цөөн хэдэн ёс зүйгүй сэтгүүлчээс болж “Сэтгүүлчид шантаажчин” гэх муу нэр зүүлгэж, хэвлэлд хандах иргэдийн хандлага ч дордож байна. Тиймээс ч хэвлэлийнхэн дотроо байгаа шударга бус, увайгүй үйлдлийн эсрэг хүчтэй дуугарч мэргэжлийн хүндээ хамгаалах, сэтгүүл зүйгээ эрүүлжүүлэх, аврах цаг болоод байна. “Тогоо руу нулимж” болохгүй гэж дуугаар хураасаар байвал бид улам гажуудна. Тиймээс асуудал байна гэдгээ хүлээн зөвшөөрч үүний эсрэг тэмцэх ёстой гэдэгтэй сэтгүүлчид санал нэгддэг юм.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЁС ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН О.ДҮҮРЭНЖАРГАЛ:
ИРГЭНЭЭС МӨНГӨ НЭХСЭН ХЭВЛЭЛД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛСЭН
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн мэргэжилтэн О.Дүүрэнжаргал “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл 2015 оноос хойш гомдол хүлээж авч эхэлсэн. Үүнээс хойш 520 гаруй гомдол ирсэн. Нэр төрд халдсан, ташаа мэдээлэл түгээсэн гэх гомдлууд дийлэнх байна. Хэвлэлүүд эх сурвалжаа нягтлаагүй, буруутгагдаж байгаа талаас хариу тайлбар авалгүйгээр ташаа мэдээлэл түгээсэн алдаа гарч байна. Ялангуяа, сүүлийн үед лайв буюу шууд дамжуулах замаар буруу ташаа мэдээлэл түгээж, зөвшөөрөлгүйгээр халдсан гэх гомдлууд ирэх болсон. 2017 онтой харьцуулахад сэтгүүлчийн ёс зүйн алдаа багассан. Тухайн үед нэг ташаа мэдээллийг 20,30 байгууллага нэгэн зэрэг цацах зөрчил хавтайрсан байсан. Харин одоо огцом буурсан ч асуудал мэр сэр байна. “Танай байгууллагатай холбоотой ийм мэдээлэл байна. Энэ мэдээллээ нийтлүүлэхгүй гэвэл тэдэн сая төгрөг өг гээд байгууллагыг шантаажилсан тохиолдол гарч байсан. Утасны яриаг нь бичиж, баримтжуулж ирүүлж байсан. Энэ тухай гомдлыг Хэвлэлийн зөвлөл хэлэлцээд Хэвлэл мэдээллийн байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Ёс зүйн зарчмын 5 дахь заалтыг зөрчсөн гэж бид үзсэн. Үүнд хэвлэл мэдээлэл “Мэдээлллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу талаа урвуулан хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэж заасан байдаг.
МСНЭ-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ З.БОРГИЛМАА: АСУУДЛЫГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРЖ, НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭХ ЦАГ БОЛСОН
Харин МСНЭ энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлэхдээ “500-аад хэвлэлийн редакцын нэг хоёр нь ийм ёс зүйгүй байгаа тохиолдолд бид яах ёстой вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тэгэхээр үүнийг нухацтай харах чухал. Өнөөдөр сэтгүүлч мэдээлэл олж авах явцдаа түрэмгий хандах асуудлуудаас улбаатай зөрчлүүд гарч байна. Сэтгүүлч мэдээлэл олж авах үед мэргэжлийн баг биеэ яаж авч явах ёстой юм бэ гэдэг дээр тусгайлсан код байхгүй байна. Сэтгүүлч давуу эрхтэй мэт хандаж, бусдыг өмч рүү дайрч орох “Би мэдээллээ заавал түгээнэ, цацна” гэж сүрдүүлэх асуудлууд ч гарах болсон. Тиймээс МСНЭ хуралдаанаараа салбарын нэр хүнд унаж буй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Нөгөө талаас сэтгүүлчдийг харлуулах асуудал байхыг ч үгүйсгэхгүй. Ингэснээр бэрхшээл туулж, асуудлыг сурвалжилж, баримт олж байгаа сэтгүүлчдийн зоригийг мохоох эрсдэлтэй. Аль хэвлэл ёс зүйтэй байна, хэрэглэгч түүнийг нь сонгоно. Итгэнэ. Тэгэхээр энэ асуудал нэг талаар зах зээлийн зарчмаараа зохицуулагдаад явах байх” гэлээ.
Тиймээс бид МСНЭ энэ асуудлыг нухацтай авч үзнэ гэж бодож байна. Бас үүний нэг гарц нь зах зээлийнххээ өрсөлдөөнөөр зохицуулагдана. Аль хэвлэлд хүмүүс итгэх вэ гэдэг асуудал гарч ирнэ” гэлээ.
НИЙТ ГОМДЛЫН 49 ХУВЬД НЬ СЭТГҮҮЛЧ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
/2019 оны байдлаарх дүн мэдээг дээр харуулав/
2015-2019 онд л гэхэд Хэвлэл мэдээллийн Ёс зүйн зөвлөлд нийт 333 өргөдөл иржээ. Үүний 49 хувьд нь сэтгүүлч, хэвлэл мэдээлллийн хэрэгсэл ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн байна. Эндээс хэвлэл ёсзүйн зарчмаа баримтлах чухал байгааг харж болохоор байна. Ингэхгүй бол алдаагаа ухамсарлахгүй байгаа цөөнхөөс болж, хэвлэлийнхэн тэр чигтээ “Шантаажчин” нэр зүүж, салбарын нэр хүнд унасаар байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ
1. Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.
2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.
3. Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.
4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.
5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.
7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
8. Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.
9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.
10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ.
Ёс зүйн зарчмаа баримталж ажиллаж буй хэвлэлүүд энэ зөрчлийн эсрэг дуугарах ёстой. Өрөг.мн сайт энэ асуудлыг цувралаар хөндөнө. Хэрэв та сэтгүүлчийн дарамтад өртөж байсан бол Өрөг.мн сайтын редакцад хандана уу.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.