Лангуун дээрх барааны үнэ кассын үнэтэй зөрөх асуудал ихээр гарах болсон. ШӨХТГ-аас уг асуудлыг шийдвэрлэж, лангуу болон кассын үнэ зөрсөн тохиолдолд дэлгүүрийн зүгээс хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахаар болсон тухай мэдээллээ. Энэ асуудлаар бид ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.
-Лангуун дээрх барааны үнэ касс дээр очоод зөрүүтэй байвал асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Нэгдүгээр сарын 5-нд Номин, И-март, CU, GS-25, Efes, Absolute, Сансар зэрэг сүлжээ дэлгүүрийн удирдлагууд ирж уулзсан. Эдгээр дэлгүүрүүд “Лангууны үнэ, кассын үнэ зөрөхгүй гэдэг амлалт хэрэгжүүлье. Хэрвээ зөрсөн тохиолдол гарвал хэрэглэгчдэд зөрүүг нь олгоно” гэж шийдвэрлэсэн. Дэлгүүрүүд өөрийн бараа зарах нь ховор. Тиймээс нийлүүлэгчийн зүгээс “Үнээ нэмлээ” гэж мэдэгдсэн тохиолдолд дэлгүүр үнийн хаягаа өөрчилж, хэрэглэгчдэд худалдан борлуулах үүрэгтэй. Гэтэл түүнийгээ өөрчилж амжаагүй байхад нь хэрэглэгч худалдан авсан бол хуучин нэмэгдээгүй байсан үнээр нь худалдан борлуулалт хийх үүргийг дэлгүүрүүд хүлээж байна. Ингэснээр цаашид хэрэглэгч хохирохгүй. Мөн эдгээр дэлгүүрүүд касс дээрээ лангууны үнэтэй зөрөхгүй гэдэг амлалтаа байршуулж, хэрэглэгчдэд мэдээлэл олгоно. Сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлж байгаа хэрэглэгчид үнэ нь зөрсөн тохиолдолд, кассандаа хэлж, лангууныхаа үнээр бодуулна.
-Хэрэглэгчдийн зүгээс хэр их гомдол ирдэг вэ?
-Хэрэглэгчдийн зүгээс манай байгууллагад гомдол саналыг цахимаар болон 115 хэрэглэгчийн харилцах дугаар, 1111 төвийн утсаар маш их ирүүлж байна. Энэ асуудлуудад бид удирдамжтай хяналт, шалгалт хийсэн. 2022 оны есдүгээр сард сүлжээ дэлгүүрүүдээр хяналт, шалгалт хийж, зөрчил илэрсэн дөрвөн дэлгүүрт тус бүр таван сая төгрөгийн торгууль оногдуулсан. Түүнээс хойш “Хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аян өрнүүллээ. Аяны хүрээнд зөрчил гаргасан дэлгүүрүүдэд зөвлөмж, уриалга хүргүүлсэн. Шууд торгууль, шийтгэл гэхээс илүү ойлголцож ажиллах талаас ажиллаа. Гэхдээ зөрчлүүд арилахгүй байсан. Харин дэлгүүрүүдийн зүгээс бараа, бүтээгдэхүүний үнэ хурдан өсөж байгаагаас болон ажиллах боловсон хүчин, хүний нөөц дутмаг зэргээс шалтгаалан үнээ сольж амжихгүй байна гэдэг асуудлууд хэлсэн. Бид хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуульд хэрэглэгчдийн мэдээлэл авах эрх гэж бий. Хэрэглэгчдэд үнэ, хаяг, шошго, энергийн хэмжээ зэрэг бүх мэдээллийг олгох ёстой.
-Лангуун дээрх үнэ, касс дээрх үнэтэй зөрүүтэй байсан зөрчил илэрвэл ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Зөрчлийн тухай хуульд худалдагч, үйлдвэрлэгч нь бараа бүтээгдэхүүний талаар үнэн, зөв мэдээллийг хэрэглэгчдэд олгоогүй, сонголт хийх боломжид нөлөөлсөн тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг таван сая төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалттай. Бид гаргасан зөрчил бүрд торгууль оногдуулах боломжтой. Гэтэл гаргасан зөрчил бүрд торгууль ноогдуулаад байвал аж ахуйн нэгжүүд цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болно.
–Дэлгүүрүүдийн зүгээс үнийг зөрүүтэй байдалд ямар тайлбар хэлж байна вэ?
-Хамгийн эхэнд Миний дэлгүүр компанийн зүгээс 2022 оны арванхоёрдугаар сард “Зөв бичилтийн амлалт” гэж гаргасан. Хэрвээ барааны лангуу, кассын үнэ зөрсөн тохиолдолд хямд үнээр нь хэрэглэгчдэд олгоно. Өмнө нь барааны үнэ зөрөхөд “Үнээ сольж амжаагүй байсан учраас та мэгдсэн үнээр нь барааг худалдан ав. Эсвэл буцаа” гэдэг шаардлага тавьдаг байсан. Миний дэлгүүрийн гаргасан амлалтаар хэрвээ бараа бүтээгдэхүүний үнэ касс дээр зөрвөл дэлгүүр хариуцлагыг нь хүлээнэ. Дэлгүүр өөрөө алдагдлаа хүлээнэ гэсэн амлалт гаргасан. Үүнийг бид дэмжсэн. Тиймээс бүх дэлгүүрүүдэд шаардлага хүргүүлсэн.
-Үнийн зөрүүтэй байдлын асуудал олон удаа давтагдвал оногдуулах шийтгэл бий юу?
Хэрвээ касс дээр зөрүүг нь олгохгүй, энэ зөрчлүүд давтан гараад байвал иргэн дэлгүүртээ хандах ёстой. Хэрвээ түүнийг нь зөвшөөрөхгүй бол ШӨХТГ-т хандана. Манай байгууллага хуулийн дагуу таван сая төгрөгийн торгуулиа ногдуулна. Сүлжээ дэлгүүрүүд нийтдээ энэ асуудлыг бүрэн шийднэ гэдэг амлалтаа өгсөн. Шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Сүлжээ дэлгүүрүүдийн асуудлыг ингэж шийдэж байгаа юм байна. Үүнээс гадна жижиг дэлгүүрүүдэд ч бас үнэ зөрүүтэй тохиолдол олон байдаг. Үүнд ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?
-Зургаа, найман нэрийн дэлгүүрүүд, байрны нэг давхрын дэлгүүрүүд, ТҮЦ болон гэр хорооллын гудамд байрласан дэлгүүрт үнээ ч тавьдаггүй гэсэн асуудлууд гардаг. Бид есөн дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсүүд болон 21 аймгийн худалдаа үйлчилгээний хэлтсүүдэд энэ талаар шаардлага хүргүүлсэн. Найм, зургаан нэрийн дэлгүүрүүдийн хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилла гэдэг шаардлага хүргүүлсэн. Эхний ээлжинд шаардлагыг худалдаа үйлчилгээний хэлтсүүд, дэлгүүрүүдэд хүргүүлнэ. Түүний дараа хяналт шалгалтын ажлыг хийнэ. Зөрчил гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-Хүнсний захууд борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг огт тавьдаггүй гэх асуудал байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Иргэн сонголт хийх хамгийн эхний шалгуур бол үнэ. Зах дээрх лангуунууд зарж байгаа бараа, бүтээгдэхүүн дээрээ ямар ч үнэ бичээгүй байдаг нь бас асуудал үүсгэдэг. Энэ талын гомдлууд ч цөөнгүй ирж байсан. Жишээлбэл, махны хэсэгт ороод харахад бүгд үнэгүй байдаг. Хүн дундаас нь харж яваад, очоод асуухаар хүнд нь тааруулаад үнэ хэлдэг гэдэг асуудал байна. Зах руу ороход, эхнээсээ бүгд үнээ тавьсан байх ёстой. Тэндээс иргэд сонголтоо хийнэ. Хэрвээ нэг лангуу нь үнэ тавиагүй байвал тухайн захуудтай нь хариуцлага тооцно. Тухайн зах нь лангуугаа түрээслүүлж байгаа бол шаардлагаа тавиад, хяналтаа хэрэгжүүлж, чадахгүй бол бид өөрсөд дээр нь хариуцлага тооцъё гэдэг сүүлийн анхааруулгаа захуудад хүргүүлсэн. Үүнээс хойш гарсан гомдол бүрд хариуцлага тооцох боломжтой.
–Жишээлбэл, Номин сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбум төгрөгөөр торгож байсан. Энэ асуудлыг зарим иргэд хувийн хэвшлээ торголоо, буруу гэх зэргээр шүүмжилж байсан. Ямар үндэслэлээр торгосон бэ?
-Номин сүлжээ дэлгүүрийг торгох гол үндэслэл нь нийлүүлэгч компаниудтай хууль бус гэрээ хийдэг байсан явдал. Нийлүүлэгчид Номин сүлжээ дэлгүүрт зарснаас бага үнээр өөр ямар ч дэлгүүрт зарж болохгүй гэж гэрээ хийдэг байсан. Энэ нь зах зээлийн өрсөлдөөний зарчмаас гажсан үйлдэл. Зах зээлд давуу эрхтэй компани ингэж нийлүүгч компаниа дарамталж болохгүй. Энэ байдал үргэлжилбэл зах зээл дэх жижиг компаниуд дампуурах эрсдэлтэй. Зах зээлийн өрсөлдөөний зарчмыг баримтлахын тулд ийм арга хэмжээ авсан.
Баярлалаа.