Ядуурал, үнийн өсөлт, агаарын бохирдол, түгжрэл, шударга бус тогтолцоо гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч иргэдийн бухимдал эцэстээ тулаад байна гэхэд хилсдэхгүй. Иймдээ ч ард түмэн төв талбай дээр шударга ёсыг шаардсан жагсаалаа сар гаруй хугацаанд буюу өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр байна. Тэгвэл олон нийт санаа бодлоороо нэгдэж жагсаал өрнүүлж буй нь манай улсад шинэ уур амьсгал, шударга ёс тогтох, өөрөөр хэлбэл хөгжлийн шат ахисан үйлдэл мөн эсэх талаар бид МУИС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхимийн багш П.Цэрэнбазараас тодрууллаа.
АНХДАГЧ СУУРЬ ХЭРЭГЦЭЭГЭЭ Л ХАНГАХЫН ТӨЛӨӨ МЭРИЙЖ, ТҮҮНЭЭС ЦААДАХЫГ ХАРАХГҮЙ ЯВСАН ЦАГ ҮЕ БИДЭНД БАЙСАН
-Сүүлийн жилүүдэд олон нийтийн бухимдал хуримтлагдаж хэд хэдэн жагсаал цуглаан хийлээ. Иргэд санал бодлоороо нэгдэж эсэргүүцлийн жагсаалыг ойрхон хугацаанд олон дахин хийж байгааг хөгжлийн шат ахиж буй хэлбэр гэж харж болох уу?
– Социологич хүний хувьд харахад манай нийгэм хөгжиж байгаа гэж харж байна. Статистик үзүүлэлтүүдийг харсан ч тэр, боловсролд зарцуулж байгаа хугацаа, иргэдийн дундаж наслалт гээд олон зүйл нэмэгдсэн сайн мэдээ бидэнд бий. Сүүлийн 30 жид өрхийн орлого тасралтгүй өссөн байгааг судалгаанаас харж болно. Мөн хүний эрхийн зарим асуудлууд сайжирч буй дүр зураг харагдаж байгаа. Энэ мэтчилэнгээр нөхцөл байдал сайжрахын хирээр иргэд орчноо танин мэдэх, улмаар хариу үйлдэл үзүүлэхдээ өргөн цар хүрээг хамарч байна. Анхдагч суурь хэрэгцээгээ л хангахын төлөө мэрийж, түүнээс цаадахыг харахгүй явсан цаг үе бидэнд байсан. Бид энэ үеэ давж бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдыг таалалдаа нийцүүлэх оролдлого хийж эхэлж байна. Тэгэхээр бид хөгжиж байна гэсэн үг.
Уруудсан, хөгжил нь зогссон асуудлууд олон байгааг үгүйсгэхгүй. Түгжрээг жишээ болгоод ярихад, нэг талдаа өнөөдрийг хүртэл түгжирсээр байгаа нь асуудал боловч нөгөө талаас хүн бүр машин унаж, өөрийн гэсэн хөрөнгөтэй болж байна. Нийгмийн бодит байдлыг харах юм бол бидний амьдрал алхам алхмаар сайжирсаар л байгаа. Үүнийгээ дагаад хүмүүсийн шаардлага өндөрсөж байна. Шаардлагаа өндөрсгөж, үндсэн хуулийн эрхээ эдлэхийг шаардах нь ч зөв. Шударга бус байдал байгааг хэзээ ч үгүйсгэхгүй.
-Өнөөгийн нийгмийн шударга бус байдлыг үзэн ядаж, энэ нийгэмд амьдрах боломжгүй юм шигээр хандах хүмүүс их байгаа дүр зураг харагддаг. Үүн та ямар байр суурьтай байна вэ?
-Аливаа зүйлийн мууг харъя гэвэл муу нь л харагдана. Хүн харахыг хүссэнээ харж, итгэхийг хүссэндээ итгэдэг. Мэдээж нийгэм, улс төр, хүн хоорондын харилцаанд том асуудлууд бий. Гэхдээ үүний цаана сайн зүйл олон. Бид үзэж харж байгаа мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах хэрэгтэй. нягталж сурах нь чухал. “Монгол Улс сүйрч байна”, “Залуус эх орноосоо дүрвэж байна” гэх мэтчилэн мэдээллүүдэд хэт автаж, итгэл үнэмшил тогтоож болохгүй юм. Монгол Улс яаж сүйрээд байгаа юм. Залуус эх орноосоо хэрхэн дүрвээд байгаа юм. Үүнийг нягтлах хэрэгтэй.
-Нийгмийн хөгжил гэж юу болох талаар томъёолж хэлэх боломжтой юу?
-Нийгмийн хөгжил гэдгийг шууд нэг утганд оруулж тайлбарлаж хэлэх төдийлөн боломжгүй. Бид нийгмийг монголын нийгэм, социалист нийгэм, ардчидсан нийгэм гэх мэтчилэн зохиомлоор ангилаад байдаг юм. Нийгмийн хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих нь зүйтэй. Хүний хөгжил ямар түвшинд байна гэдэгтэй уялдуулж тухайн нийгмийг дүгнэж хэлж болно. Нийгмийн хөгжлийн талаар ярихдаа судлаачид хүний хөгжлийн индексийг жишээ болгож авдаг.
Хөгжлийн зүй тогтлын тухайд бид өмнөх үеийнхээ бүтээсэн, хөгжүүлсэн нийгмийн суурин дээр амьдралаа эхлүүлсэн болохоор, бидний нийгмийн хөгжил өмнөх үеийнхнээс шат ахисан байх нь дамжиггүй. Харин бидний хойч үе мөн бидний үлдээсэн хөгжлийн суурин дээрээс эхэлж байгаа учир урагшлаад л явна. Энэ бол зүй тогтол.
Нийгмийн хөгжлийн шугам шулуун байдаггүй. Улс төр, засаглалын хувьд тодорхой мөчлөгүүд нийгэмд тохиолдоно. Үзэл баримтлал нь өөрчлөгдөөд явдаг гэсэн үг. Эдийн засгийн хямрал ч мөн 10-20 жилийн зайтай болоод явж байгаа шүү дээ. Энэ бол хөгжлийн үзүүлэлт юм. Илүү сайжрахын тулд нэг үе нь, нөгөө үетэйгээ зөрчилдөх шаардлага тулгарах нь нийгэмд байх үзэгдэл мөн.
-Гадны улсуудын хөгжлийн жишээтэй монголын нийгмийг харьцуулж болох уу? Жишээ нь том хэмжээний жагсаалын ард том үр дүн байдаг шүү дээ. Иргэдийн нэгдэж буй энэ үзэл санаа, тэмцлийн ард юу байж болох талаар харьцуулсан магадлал хэлж өгөөч?
-Алимыг алимтай л харьцуулна. Жүржийг жүржтэй л харьцуулна. Бид Америк, Солонгос, Сингапурын хөгжлийг ярьж монголтой харьцуулах нь төдийлөн оновчтой зүйл биш. Үүх түүх, газар зүйн байрлал, засаглалын систем гээд өөр шүү дээ. Хөгжил гэхээр хүмүүс дийлэнх нь эдийн засгийн байдалтай холбож харах гээд байдаг. Хотжилт, барилга байшин нь өргөжиж байгаа эсэх, техник технологи, үйлдвэржилтийн хөгжлийг л харах гээд байдаг. Энэ бол хөгжлийн бүрэн дүүрэн үзүүлэлт биш.
ГАДААДАД СУРЧ АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС АЛЬ Ч ОРОНД БАЙДАГ
-Залуус гадаадад ажиллаж амьдрахыг эрмэлзэх болсон байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Шилжилт хөдөлгөөн бол аль ч нийгэмд байдаг л үзүүлэлт. Бүх оронд гадагшаа гарч ажиллахыг хүсдэг хүмүүс байгаа. Эх орондоо л байхыг хүсдэг хүмүүс ч байна. Монголчууд бүгдээрээ гадагшаа гараад, мэдлэг чадваргүй хэдэн нөхдүүд нь бууриа сахиад үлдчихлээ гэж харах нь өрөөсгөл ойлголт. Явах нь яваад үлдэх нь үлдээд, ирэх нь ирнэ. Залуучууд амьдралынхаа тодорхой үеүдэд гадагшаа гарч, үзэх юмаа үзэж, харах юм аа харж, мэдлэг, туршлага хуримтлуулж ирэх нь зөв гэж бодож байна.
2019 оноос хойш гадаадад шилжих хөдөлгөөн 1.5 хувиар буурсан байгаа. Бүх хүн л гадагшаа гарахыг хүсээд байна гэж хэлэх боломжгүй. Хүн чинь гэр бүл нь байгаа газар луугаа тэмүүлж амьдардаг. Судалгаануудыг харахаар шилжилт хөдөлгөөний эрч жилээс жилд саарч байгаа.
-Цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр эх орноосоо явах хүсэлтэй зарим хүмүүсийн талаар сурвалжлах нь, явах бодолгүй хүмүүст нөлөө үзүүлэх боломжтой юу? Онолын үүднээс тайлбарлагдах уу?
-Яг тийм. Үүнийг нийгмийн сэтгэл зүйн онолоор тайлбарладаг. Гэмт хэргийн талаар их мэдээлэхэд гэмт хэрэг өсдөгтэй адил гэсэн үг. Энэ бол сэтгэл зүйн нөлөөллийн үр дагавар.
ЖИНХЭНЭ ЖАГСААЛ ХИЙХ ҮҮ, ҮЙМСЭН ОЛОН БОЛОХ УУ ГЭДГЭЭ ТУНГААХ ХЭРЭГТЭЙ
-Танд нийгэм цаг үеийн байдалтай холбогдуулж нэмж хэлэх мэдээлэл бий юу?
-Үр дүнд хүрсэн дотоодын болон гадаадын жагсаалуудыг харахад тодорхой удирдагчтай, жагсагчид нь нэг зорилготой байдаг. Олон нийтийн хөдөлгөөнийг дотор нь хэд хэд ангилна. Үймсэн олон, зорилго чиглэл нь нэгдсэн олон нийтийн төлөөлөл гэх мэтээр. Тодорхой нэг шаардлагагүй, удирдах нэг толгойгүй бол зүгээр л хүмүүсийн бөөгнөрөл үүснэ. Бөөгнөрөл замбараагүй үргэлжилбэл үймээн болно. Тэгэхээр үймсэн олон байх уу, жинхэнэ жагсаал байх уу гэдгийг тунгааж бодох чухал.
-Ярилцсанд баярлалаа.