УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ наймдугаар сарын сүүлчээр тогтоол гаргасан. Уг тогтоолд Үндсэн хуулийн цэцийн 01,02-р дүгнэлтийг Засгийн газар судалж үзээд, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй холбоотой асуудлаар санал боловсруулж, УИХ-д танилцуул гэдэг үүрэг өгсөн. Энэ чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Бас тодорхой зүйлүүдийг бэлтгээд явж байна.
Энэ хүрээнд гурван том арга хэмжээ зохион байгуулна. Хамгийн эхлээд бид нөгөөдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Мөн нэгдүгээр сарын 11-нд нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулган, хоёрдугаар сарын дундуур зөвлөлдөх санал асуулгыг явуулна. Зөвлөлдөх санал асуулгаар дээрх сэдвүүдийг ярина” гэлээ.