СУИС-ын Радио Телевиз Медиа урлагийн сургууль, “Балдорж” сантай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулсан сэтгүүлзүйн бүтээлийн шүүмжийн уралдааны дүн гарч, шагналаа гардууллаа.
Энэ жилийн уралдаанд 15 судлаач бүтээлээ илгээн, оролцжээ.
Уралдаанд:
- Тэргүүн байранд сэтгүүлч Б.Хорвоо “Мэдээнээс үүдэлтэй сэтгэл зүйн эмгэгүүд хийгээд тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө” шүүмжээр,
- Дэд байранд СУИС-ын Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Энхбаатар ““Малчид ба түүний дайснууд”-ыг тодруулсан тухай” шүүмжээр,
- Гутгаар байранд Zindaa.mn сайтын эрхлэгч Э.Адъяасүрэн “Нөхөө” ярилцлага буюу үхсэн хүн үг хэлдэг үү?” шүүмжээр тус тус шалгарлаа.
Тус уралдааны шүүгчээр СУИС-ын РТМУС-ийн захирал Г.Сүхбат, Монол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ж.Баянсан, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ч.Алтанцэцэг, хяналтын шүүгчээр СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос нар ажиллажээ.
Уралдаанд оролцож буй судлаачдын бүтээл жил ирэх тусам сайжирч, ялангуяа залуу судлаачдын идэвх оролцоо, бүтээлийн чанар чансаа өсөж буйг шүүгчид онцолж байлаа. Мөн сэтгүүлзүй өмнө нь мэргэжил байсан бол одоо нийгмийг анагааж, эмчилдэг болсон байна. Монголын сэтгүүлзүй шинэ төвшинд гарчээ хэмээн шүүгчид, зочид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Сэтгүүлзүйн бүтээлийн шүүмжийн уралдаанд оролцож, шагнал авсан оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Тэргүүн байрын эзэн Б.Хорвоо “Би сэтгүүлзүйн шүүмжийн уралдаанд тав дахь жилдээ оролцож байна. Монголд маш олон мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг дагаад сөрөг мэдээ мэдээллүүд, маш их хэмжээний мэдээллүүд биднийг булж байна. Энэ нь сэтгүүлзүйн үндсэн үүрэг болох мэдээлэх үүрэг, эсвэл сэтгүүлчид нийгэмд үүсэж байгаа асуудлыг хөндөх зэрэг үүргүүдээ биелүүлж байгаа боловч нөгөө талаас хүмүүсийн оюун, тархины хөгжил, сэтгэл зүй, нийгмийн хөгжилд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ талаар шүүмж бичиж, оролцсон. Тэргүүн байрын шагнал авсандаа маш их баяртай байна. Хожим сэтгүүлзүйн судлал, шинжлэлийн чиглэлээр илүү олон шүүмж, судалгааны бүтээлүүд туурвиж, сайн судлаач, шүүмжлэгч болохоор хичээнэ ээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Дэд байрын шагналт М.Энхбаатар “Маш их баяртай байна. Би энэ уралдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Аливаа үйл ажиллагаа, ялангуяа шүүмжийн уралдаан тогтмол байх нь маш чухал юм байна. Оролцогчид бас тогтмол оролцдог байвал тодорхой үр дүнд хүрдэг юм байна гэдгийг энэ жилийн шүүмжийн уралдаанаас харлаа.
Сэтгүүлзүй өөрийн гэсэн чиг шугам, судлагдахуун, ёс зүй, үнэт зүйлтэй. Нийгэм, соёлын олон зүйлийн нөлөөллөөс шалтгаалан мэргэжлийн чиг баримжаанаасаа хазайх, хазайж байгаа юм шиг харагдах тохиолдол цөөнгүй. Тэр дундаа Монгол улсын өнөөгийн байдалд үндсэн аж ахуй, үүний үнэт зүйлийн талаарх ойлголт хувирах, өөр зүйлээр орлуулах зэрэг ажиглагдаж байна. үүнд сэтгүүлзүй өөрийн гэсэн үүрэгтэй. сэтгүүлзүй бол дөрөв дэх засаглал, нийгмийг соён гэгээрүүлэх ёстой, нийгмийн оюун санааны эмч юм гэсэн агуулга, чигээ үргэлж барьж явах ёстой” гэсэн юм.
Гутгаар байрын эзэн Э.Адъяасүрэн “Би шүүмжийн уралдаанд анх удаагаа оролцож байна. Гуравдугаар байр эзэлсэндээ маш их баяртай байна. Миний хувьд Zindaa сэтгүүлийн тоймч, сэтгүүлч Дамдинжавын “Суут нууц” номоор оролцсон. Би өөрөө Zindaa.mn сайтын эрхлэгчээр ажилладаг. Тоймчийнхоо гаргасан номоор оролцдог нь энэ сэтгүүлзүйн нэг төрөл мөн юм гэдгийг шүүмжилж, олон талаас нь харьцуулж, нотлох сонирхлоор оролцсон.
Би сэтгүүлзүйн салбарт 20-иод жил ажиллаж байна. Шүүмж бол манай салбарт яалт ч үгүй дутагдаж байгаа орон зай. Сэтгүүлч, сэтгүүлчээ шүүмжлэх чанга. Гэхдээ шүүмж бол харлуулах биш зөвхөн бүтээлд нь анализ хийж, алдаа, оноог нь дүгнэж, гаргаж байгаа санаанд нь ач холбогдол өгдөг судалгааны бүтээл. Салбараа эрүүлжүүлье, илүү хөгжүүлж, сайжруулъя гэвэл энэ төрлийг оролдох л ёстой” гэв.