Нүүрс тойрсон хулгайн асуудлаа Монголчууд бид яриад хоёр долоо хоног өнгөрч байна. Бид нүүрстэй холбоотой цуглуулсан баримт сэлтээ үзэгч танд цувралаар үзүүлж байгаа билээ. Ингэхдээ АТГ-ын нэрийг нь зарласан 17 хүнээс гадна нэр нь зарлагдаагүй хөшигний ард, тохиролцооны цаана үлдэж байгаа компани, хувь хүмүүсийг илчлэхийг зорьж байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, (2022.06.30) түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг томилж байв. Энэ хороо нь Тавантолгойгоос хил хүртэл нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулахад яг ямар саад учирч байна вэ, түүнийг нь шалган тогтооё гэх үүрэгтэй.
Тэрхүү түр хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Ганболд 12-р сарын 6-нд нэгэн ноцтой мэдээлэл хийж байжээ. Тэрээр, "Түр хороо байгуулагдаад олон ажил хийсэн. Тиймээс ч нүүрсний хулгайн асуудал олны анхаарлын төвд орлоо. Бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудал нэг үеэ бодоход харьцангуй цэгцэрсэн. 300 гаруй бөмбөлөг тээвэр яг хүрдний системээр явж байгаа. Дундуур нь өөр машин дайрдаг гэх мэт асуудал байхгүй. Гэхдээ хятадын Чалко компанийн хүсэлтийн дагуу өдөр болгон гардаг 100 машин байна, өдөр болгон гардаг. Боомтын ерөнхий зөвлөлийг авчирч тодруулахад засгийн газраас байгуулсан ажлын хэсэг нүүрс тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр шууд энэ машинуудыг гарга гэсэн. Энэ болгоныг цэгцлэхийн тулд хянан шалгаж ажиллаж байгаа. Цаана нь бөмбөлөгт орж чадаагүй 10 мянга гаруй машин байна. Одоо миний яриад байгаа тэр Чалкогийн 100 машин Монголд ч PCR өгдөггүй" гэх мэдээлэл өгчээ. Үүнээс ахин анхаарч унших өгүүлбэр нь "Чалкогийн 100 машин Монголд ч PCR өгдөггүй" гэх өгүүлбэр юм.
Өөрөөр хэлбэл монгол тээврийн компаниудын жолооч нар хятад, монголд талд байнга коронавирусийн шинжилгээ өгч сардаа 3-4 удаа л тээвэр хийдэг. Мөн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарвал 28 хоног хөл хорионд орж, компани жолооч тус бүрийн зардлыг дааж үргүй зардал гаргадаг.
Гэтэл хэнийх нь компани болохоороо жолооч тус бүр нь сардаа 9 удаа тээвэр хийж, монгол талд коронавирусийн шинжилгээ ч өгөхгүй эрх дархтай байна гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Үндсэндээ нүүрс тээврийн компаниудын хооронд шударга бус өрсөлдөөн өрнөж, эрх дархтны компани илүү боломж эдэлж байна гэсэн үг юм.
Бид энэ компанийн талаар судалж үзэхэд, "Говь хангайн хөдөлмөр" гэх компани нь залуу эмэгтэй Баясгалангийн Номин гэх хүний нэр дээр байгаа юм. "Говь хангайн хөдөлмөр" компани өдөр бүр 100 машин нүүрс ямар ч асуудалгүй хориг саадгүй тээвэрлэж, монгол талд коронавирусийн шинжилгээ ч өгдөггүй гэсэн үг. Гэтэл Б.Номингийн нэр дээр өөр нэг томоохон компани бүртгэлтэй байгаа нь "Ай Ди Эм Эн". Энэ компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх Тавантолгойн кэмп, катерингийн үйлчилгээг хариуцдаг газар юм.
Өөрөөр хэлбэл залуу эмэгтэй өдөр бүр 100 машин нүүрс хятад руу гаргаж, Тавантолгойн том кэмпийг хариуцан ажиллуулдаг байна.
Бүр дэлгэрүүлсэн тоо харья гэвэл, ““Говь Хангайн Хөдөлмөр” ХХК-ийн тээвэрлэгч байгууллага нь Цагаан хадан дахь Гаалийн хяналтын бүсээс 2022 оны 08-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4640 тээврийн хэрэгслээр 620,000 тонн нүүрсийг тээвэрлэн экспортод гаргасан байна.
Үүнээс хэд хэдэн асуулт урган гарна.
Нэгдүгээрт, хэний компани ийм их хэмжээгээр нүүрс гаргах эрх мэдэлтэй байдаг вэ?
Хоёрдугаарт, энэ хэрхэн яаж ямар замаар сонгон шалгаруулж нүүрс тээвэр хийлгэдэг вэ?
Иргэн Б.Номин нь монголын нэртэй хөтлөгч, сэтгүүлчийн охин бөгөөд Лондон, Бээжинд боловсрол эзэмшсэн, англи хятад хэлтэй аж. Түүний ард Хятад эзэн байна уу эсвэл садан төрөл болох Э гэгч ахынхаа нөлөөгөөр энэ хэмжээнд хүртлээ хөлжиж, шударга бус өрсөлдөөний тоглогч болсон уу гэж хардахад хүргэж байна.
Бид энэ талаар дэлгэрүүлэн мэдээлнэ.