21 жил 3 сар. Энэ бол өндөр насны тэтгэвэрт гарахын тулд хамгийн багадаа ажилласан байх ёстой жилийн хугацаа. Дор хаяж 20 жил тасралтгүй зүтгэж байж тэтгэврийн бараа харах нь. Ахмадууд насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд хорвоогийн мөнх бусыг үзэж байна хэмээн гомдолтой байна. Учир нь, Монгол эрчүүдийн дундаж нас л гэхэд 66. Гэтэл төр одоогийн 60 гэсэн босгыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 65-д хүргэхээр тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, эрчүүд нийгмийн даатгалын шимтгэлийн үр шимээ хүртэж, тэтгэвэр авна гэдэг улам л хатуу болж байна. Тиймээс тухайн хүний шимтгэл төлсний үр өгөөжийг гэр бүлд нь заавал олгодог, хүртээдэг болох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
“ТЭТГЭВРЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БУРХАН БОЛЖ БАЙНА. ҮР ХҮҮХДЭД НЬ ҮЛДЭЭЖ БОЛОХГҮЙ ЮУ?”
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Г.Бямбасүрэн тэтгэврийн өгөөжгүй тогтолцооны хохирогч. Тэрбээр хоёр хүүгийн хамт амьдардаг. Энэ оны тавдугаар сард ханиа алдаад удаагүй байхад нь банкны зээл нь нэхэгджээ. Ингээд байдгаа шавхаж, гурван сая 800 мянган төгрөгийн зээлийг нь төлж барагдуулжээ. Насаараа боловсролын байгууллагад ажилласан түүний хувьд 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, ойр зуурхан зүйлээ цуглуулахад л сарын тэтгэвэр дуусчих юм. Ажил хийдэг хүү минь байгаа тулдаа л дэм болж байна гэсээр угтлаа. Г.Бямбасүрэн гуай Дарь-Эхэд амьдардаг. Худагтаа ойр ч гэлээ өгсүүр газар тул тэргээ түрж авч хүчрэхгүй хэцүүхэн байдаг тухайгаа хуваалцав. Тэрбээр “Бид залуудаа хөрөнгө хурааж чадсан биш дээ, ямар. Үр хүүхдэдээ зориулаад л улсдаа хөдөлмөрлөөд явдаг байлаа. Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлсөн хүн яагаад үр шимийг нь хүртэж болдоггүй юм бэ гэж л гомдолтой сууна. Нэг хэсэг Хамтын тэтгэврийн тухай хууль гээд л яриад байсан. Гэтэл дундаас нь алга болчихсон. Хэрэв тэр хууль батлагдвал хөгшний тэтгэврийн зээл нь ядаж тэглэгдэх байлаа. Тэр чинь сар бүр шимтгэлээ төлж тасралтгүй хөдөлмөрлөчихөөд түүнийхээ ач тусыг хүртэж чадсангүй шүү дээ. Би ч одоо хэд насална гэх вэ. Аав ээжийнхээ тэтгэврийг ядаж үр хүүхэд нь авдаг, өр зээлтэй байхад түүнийг нь тэглэдэг тогтолцоог бүрдүүлж өгмөөр байна шүү дээ. Аргаа барж, бухимдахдаа талбай орж үгээ хэлсэн. Ахмадуудыг 500 мянган төгрөг хэдэн жил авбал аваад үхэг гэж боддог юм уу. Төрийн бодлого яагаад ингэж буруу яваад байна вэ хэмээн их л бухимдангуй ярив.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 65, харин эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж насны зөрүү 9,7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт болоод байна. Тиймээс хүн амын дундаж наслатын зөрүүг багасгах бодлого чухал байгааг Засгийн газар онцолж байна. Тэгвэл төр үүнийхээ хажуугаар хүн амынхаа дундаж наслалт, бүтцэд тохируулж тэтгэвэр тэтгэмжийн бодлогоо нэн даруй өөрчлөх шаардлагатай болоод байна. Тэтгэвэртээ гарч амжилгүй бурхан болдог, аль эсвэл ганц хоёрхон жил тэтгэврээ аваад нас барах тохиолдол нийтлэг байна. Гэтэл тэр хүний 20-30 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь төрд үлддэг нь хэр шударга вэ? Нийгмийн даатгалын сангийн мөнгийг нь улстөрчид нь буруу замаар зарцуулж, хариуцлага хүлээлгүй үлддэг нь хэр шударга вэ?
2015 ОНД БАТАЛСАН ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ 2017 ОНД ЦУЦАЛСАН
Нийгмийн даатгалын үр өгөөжийг иргэдэд хүртээх нэг хөшүүргийг 2015 онд УИХ-аар баталсан байдаг. Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгасан. Тодруулбал, 15 ба түүнээс жил хамтран амьдарсан гэр бүлийн гишүүдийн аль нэг нь нас барсан тохиолдолд ар гэрт нь тэтгэврийн тодорхой хувийг нь олгодог байхаар хуульчилсан. Хэдэн хувийг нь олгохыг Засгийн газар тогтооно. Гэхдээ хамгийн багадаа 20 хувь байна гэж тусгасан юм. Гэвч 2016 онд МАН засгийн эрхэнд гарч, хуулийг улстөржүүлж, хүчингүй болгосон байдаг. Тухайн үедээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Энэ бол сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд л. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг явахаар байна. Нэг нь ганцаараа үлдвэл нөгөөхийнхөө тэтгэврийг нэмж авна. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гээд л их муухай юм бодоод байгаа байхгүй юу” хэмээн ямар бодлогогүй, хариуцлагагүй тайлбар хэлсэн байдаг. Ингээд хувь хүн өөрөө шимтгэлийн үр өгөөжөө хүртэж чадаагүй тохиолдолд шимтгэлийнх нь үр өгөөжийг ар гэрт нь олгох анхны хуулийн зохицуулалт “нурж” байсан юм. Харин Насны хишиг нэрээр ахмадуудад наснаас нь хамааруулан 50-250 мянган төгрөг олгож эхэлсэн. Үүгээрээ эрх баригчид тэтгэврийн гаж тогтолцооныхоо хийдлийг нөхчихсөн хэмээн тайлбарласаар байна.
СҮҮЛЧИЙН ОРОЛДЛОГО БУЮУ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ Ч УИХ ДЭМЖЭЭГҮЙ
Тэтгэврийн реформ гэж удаан хугацаанд ярьсан ч УИХ дээр бүгд “унасан” буюу дэмжигдэлгүй сураг алдарсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал Хувийн тэтгэврийн тухай хуулийг боловсруулж, тэтгэврийг үр хүүхдэд нь өвлүүлдэг байх зохицуулалтыг тусгасан ч УИХ-аар дэмжээгүй юм. Уг нь тус хуулийн ач холбогдлыг "Статистикаас харахад нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улс эх орондоо насаараа ажиллачихаад ийм бага хэмжээнд тэтгэвэр тогтоолгож буй системд заавал салхи оруулах хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч энэ байдал арилахгүй, өнөөдөр 30 настай залуу хүн шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч үр хүүхдээсээ хараат, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй тэтгэвэр авдаг байдал үргэлжилнэ. Тийм учраас өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг нь болж чадахуйц тэтгэврийн системийн өөрчлөлтийг санал болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн” хэмээн тайлбарлаж байсан юм.
ТЭТГЭВРИЙН ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛАН НЭМСЭН Ч ГАЖ ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ, ДОРВИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ
Засгийн газар жил бүр цалин хөлс, тэтгэвэр тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх үүрэг хүлээдэг. Жишээлбэл, жилийн инфляц 15 хувь байвал ийм хэмжээгээр нэмэгдүүлэх үүрэг хүлээдэг гэсэн үг. Гэвч үнэ хоногоор өсөж байгаа нөхцөлд тэтгэвэр тэтгэмжийг 10 гаруй хувиар нэмэх нь аргацаасан, амьдралд төдийлөн дэмгүй шийдвэр болж байна.
Манай улсад тэтгэвэр тэтгэмж авдаг 470 мянган иргэн байна. Энэ оны нэгдүгээр сараас тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэж, 500 мянгаас дээш тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд нийт 200 орчим мянган ахмадын тэтгэврийг 150 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хэдийгээр тодорхой хэмжээний нэмэгдэл амьдрал дэмтэй ч тогтолцооны өөрчлөлтөө дэмжигүй байгаа нь байгаа онохгүй байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн үр шимийг иргэд хүртэхийн тулд заавал хуримтлал, хадгаламж хэлбэрээр шимтгэлийг төвлөрүүлдэг, эргээд эзэндээ зарцуулагддаг байх тогтолцоо хамгийн чухал юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.