Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах, Сирул Азхар Умар нар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр машиндаа суулган, буудаж амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэг олон шалтгааны улмаас 17 жилийн турш шийдэгдэлгүй өнөөг хүрээд байсан. Тэгвэл гурван өдрийн өмнө хэрэгтнүүдийг шүүхээс тогтоосон юм.
Харийн оронд, охиныхоо амийг, бусдын гарт хэрцгийгээр алдаж, хэрэгтнүүдийг тогтоотол үхэх эрхгүй зүтгэж явсан түүний аав С.Шаарийбуу мэдээлэл өглөө.
- Тухайн үед манай төр засагт ч тэр бидэнд ч тэр хүлээхээс өөр арга байгаагүй. Тэвчихээс өөр арга байгаагүй. Аливаа улсад болсон хэрэгт хөндлөнгөөс орох ямарч боломжгүй. Ардчиллын үед манай улс, олон оронтой найз болсон. Ингэхдээ визгүй зорчих боломжийг нээсэн. Гэвч үүнд ямар ч эрх зүйн гэрээ байгаагүй. Энд бид туршлагагүйтсэн. Тэгээд олон хүнээ алдсан.
- Миний охин орос хэлийг цэцэрлэгээсээ сурсан. Англи хэлийг ч багаасаа хамт үзсэн. Дараагаар нь хятадад сурч мэргэжил эзэмшсэн. 2000 онд англи хэлтэй хүн гэж үнэндээ байгаагүй шүү дээ. Тэр үед миний охин өөр өнцгөөс юмыг харж, унших боломжтой байсан. Ингээд л бусдын гарт баригдсан. Хийсэн ажлынхаа хөлсийг хуулийн дагуу авах гэснийхээ төлөө шүү дээ. Өмгөөлөгчтэй тохирсон ийм ажил. Зүгээр ганцаараа очоод энэ бүхнийг хийгээгүй.
- Миний охин хоёр хүүтэй байсан бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй ухаан санаа нь зүгээр, хөдөлж чаддаггүй. Охин минь өөрөө байхдаа хүүгээ гадаадад бололцоогоороо эмчлүүлсэн. Хөдөлж чаддаггүй хүүхэд хана түшиж явдаг болсон. Энэ хүүгээ л бусдын адил гүйж, харайдаг болгоно оо гээд л зорьж явсан юм. Би тэр үед санхүүгийн хувьд тусалж чадаагүй ээ. Надад бололцоо ч байгаагүй. Би жирийн багш хүн.
- Миний охин асуудалд орохоосоо өмнө мэдүүлэг өгсөн байсан юм билээ. "Миний амь нас аюултай байдалд байна. Хэрвээ ямар нэг эрсдэл учирвал Багиндатай холбоотой" гээд өөрөө бичиж өгсөн байдаг. Маш олон монголчууд малайзад очиж амиа алдсан. “Намайг авраач ээ” гэж харширсаар байгаад дүүжлүүлж амиа алдсан тохиолдол ч бий. Хэнд ч буруу өгөх аргагүй бүгд амьдрахын төлөө явж байсан. Бид олон хүнийг тэндээс авчирсан л даа.
- Талийгаач охин маань их сэргэлэн хүн байсан. Багинда гэгч хүнтэй уулзах болгондоо гурвуулаа очоод гурвуулаа ирдэг. Багиндагийн гар хөл болсон хүн охины маань буудалд шөнө бүр байж байдаг. Өрөөнд орж ирдэг байсан. Зорилго нь буудлын цонхоор шидэх. Золгүй байдлаар дуусгая гэж бодсон гэж тэр хэрэгтэн нь хэлдэг юм билээ. Талийгаач хоёр найзтайгаа очсон учраас араас нь хөөцөлдөх хүнтэй байсан гэсэн үг. Охины маань хуурай дүү одоо Америкт бий. Аливаа юманд учир тохироо гэж байдаг юм байна.
- Тухайн үед Онц ноцтой гэм хэрэгтэй тэмцэх газрын дарга нь хятад хүн байсан. Мөрдөн байцаагч нь мөн хятад залуу байсан юм. Зүс ижил, шашин нэг хүмүүс гэсэн үг. Энэ хүмүүс, малайзчуудын бузар булайг дэлгэж, тэмцэж илчлэхийг хүсдэг байж. “Багинда” гэдэг нэрийг хэлэнгүүт тэр улсууд яг тогонд цохиулж байгаа мэдрэмж авсан юм билээ. Хэнд ч хэлэлгүй, хаашаа ч хандалгүй, шударгаар шийдэх ажлыг зохион байгуулсан юм. Тэгээд тэр хоёр офицерийг нэн тэргүүн баривчилсан.
- Хэрэгтнүүдийн нэг нь Пакистанд ерөнхий сайдынхаа айлчлалыг хамгаалаад явж байдаг. Нөгөөх нь эх орондоо байсан. Хэргийг үйлдсэн Сирул гэдэг хүн одоо Австралид байгаа. Энэ хүн 27 жид малайзыг толгойлсон ерөнхий сайдын хамгаалах албаны ахлах офицер хүн байсан. Нөгөөх нь шадар сайдын хамгаалах албанд ажилладаг итгэмжлэгдсэн офицер. Ийм хоёр хүн тэнд ажилладаг байсан гэдэг нь асуудал байсан.
ОХИНЫГ МИНЬ ХӨНӨӨЧХӨӨД “БАГИНДА ТА ЭНЭ ШӨНӨ ТАЙВАН АМАРЧ БОЛНО” ГЭЖ БИЧСЭН
- Сирул гэдэг хүний одоогийн мэдүүлж байгаагаар, “манай ерөнхий сайд намайг өрөөндөө дуудаад Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтой нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй байна. Чи үүнийг хэрэгжүүл” гэж үүрэг өгсөн гэдэг. Ингээд Багинда гэдэг хүнтэй уулзаж ярилцсан байдаг юм. Багинда Сирул нар ийм мессеж бичсэн байсан.
Багинда: Чи чадах уу?
Сирул: Би ийм ажил 7-8 удаа хийсэн.
Багинда: Чи ганцаараа хийж чадах уу?
Сирул: Нэг найдвартай хүн байгаа гээд нөгөө нөхрөө олж зааврын дагуу олон удаа бэлтгэж, хэргийг үйлдсэн байдаг юм. Хэрэг гарсан тэр орой Сирул Багигда руу, “Багинда та энэ шөнө тайван унтаж болно” гэж бичсэн байдаг юм.
- Миний охиныг хороосныхоо хариуд 300 сая ринггит авсан гэж мэдүүлдэг. Шунал, мөнгө авлига гэдэг ямар аймшигтай байсан бэ гэдгийг бидэнд энэ хэрэг заасан даа.
- Шүүх анхнаасаа хуулиа умартсан. 12 жил тэдэнд үйлчилсэн. Энэ бол шударга бусын хонгилын сонгодог жишээ болсон. Малайзын тогтолцоо өөр. Бүх эдийн засаг, улс төр нь тэр улсуудын гарт байсан. Хоёрдугаарт шашин таардаггүй.
ОХИНЫ МИНЬ ҮХЭЛ ТЭР АЛЛАГАТАЙ ДҮЙЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭГЭЭР НАМАЙГ БАЛБАСАН
- Охиныг минь зэрлэгээр хөнөөсөн хэрэг жирийн амьдрал дунд байдаггүй юм билээ. Гэр орныхон, үлдэж байгаа хүүхэд, ядарсан намайг мөн тэр аллагатай бараг дүйцэхүйц хэмжээнд балбасан. Давхар намайг сөхөртөл, босох чадалгүй болтол хохироосон. Одоо яая гэх вэ би азгүй, хувь тавилангүй ийм л хүн байсан юм байгаа биз. Энэ өдрийг хүртэл би ямар ч байсан амьд байх ёстой гэж салганаж явсаар өнөөдрийг хүрлээ.
- Охины маань ээж өнгөрсөн. Хоёр хүүтэй байсан. Нэг нь бие тааруу, бас л өөд болсон. Хөл дээр нь босгоно гэж явсан эх нь өнгөрсөн болохоор, би түүнийг эх шиг нь хайралж чадаагүй. Надад хуримтлуулсан хөрөнгө байгаагүй. Хоёр өрөө байраа зарсан. Өөр юм байхгүй. Хүүхэд нь өвдсөөр өвдсөөр… Өвчин намдаах эм тариа олох гэж ах нь зүтгэсээр дууссан. Амьдрал ингэж өрнөдөг юм билээ. Их сургамжтай. Би үүгээр бахархаад байгаа юм биш . Хүмүүсээ… монголчууд их гэнэн цайлган хүмүүс. Зүгээр тал нутагтаа амар тайван байж байдаг шиг боддог. Тийм биш шүү. Бидний сонирхоод байгаа ардчилалд бид хөлөө ч дүрж амжаагүй байна. Будилж л явна даа.
- Миний өмнөөс хэн ч дуугарахгүй. Хэн ч уйлахгүй. Тэгэх алба ч байхгүй. Би дуугүй суувал тэр хүмүүс тайван амар байсан. Аргагүйн эрхэнд би 300 гаруй өргөдөл бичсэн. Монголын төрд, Малайзад, хүний эрхийн байгууллагад. Монголын бүх хуулийн мэргэжилтнүүдтэй уулзсан. Хүний эрхийн байгууллагын мэргэжилтнүүдтэй би залхтал нь уулзсан. Эрх зүйн гэрээгүй учраас манайхаас хэн ч энэ хэрэгт хуруу дүрэх эрхгүй юм билээ. Гадаад хэргийн яам ч мөн хэм хэмжээний дагуу л үг хэлэх боломжтой.
17 ЖИЛИЙН ХУГАЦААНД ӨНЧИРСӨН ХҮҮХЭД, НАВСАЙСАН АМЬДРАЛ Л ҮЛДЛЭЭ
- Арай л өөрийгөө лобардчихалгүй явлаа. Ингээд эцэст нь тэр хүмүүсийг шүүхийн өмнө дахин дахин мэдээлэл өгүүллээ. Өнчирсөн хэдэн хүүхэд. Навсайсан нэг амьдрал л үлдлээ дээ. Би яах гэж явсан юм бэ гэдэг чухал. Мөнгө төгрөг нэхэхгүй. Шүүхэд нөлөөлж чадахгүй. “Уучлаарай” гэдэг үгийг хэлүүлэх гэж 17 жил явлаа. Мөн ч их хүлээсэн дээ. Гурав хоногийн өмнө хэлүүллээ.
- Нөгөөтэйгүүр малайзд олон хүн амиа алдсан. Надаас бусад нь юунд ч хүрч чадаагүй. Өвдгөө цоортол шалан дээр сууж малайзын төрийн дууллыг дуулж олон хүн баривчлагдсан байдаг. Өвдөг цоорчихдог юм билээ. Сурах гэж, амьдрах гэж яваа хүмүүст энэ үйл явдал сургамж болох болов уу гэж бодож байна.
ГЭМТ ХЭРГИЙН ЖИНХЭНЭ ЗАХИАЛАГЧИЙГ ОЛОХ БОЛОМЖ БАЙСАНГҮЙ
- Аллагыг үйлдсэн офицеруудыг барьж шүүж цаазын ял оноосон ч хэрэгжээгүй. Одоо тэдний нэг нь Австралид, нэг нь нутагтаа байна. Нутагтаа байгаа нь “бид хоёр үүнийг хамтарч хийсэн. Үүний төлөө ял авахгүй” гэж байна. Нөгөөх нь австриалаас, “амийг минь өршөөхгүй бол би нутагтаа очихгүй” гэж байгаа. Австрали монгол хоёрт цаазын ял байхгүй. Би хэрэгтнийг монголд өгчих гэдэг юм. Болдоггүй л юм билээ.
- Хамгийн гол нь хэргийн захиалагч хэн бэ гэдгийг тогтоох ёстой. Бараг боломжгүй юм билээ. Үүний төлөө олон жил явсан. Шүүх ч явсан, бид ч явсан. Ингээд гурав хоногийн өмнө Багинда гэдэг хүн захиалагч нь мөн юм байна гэдгийг тогтоолоо шүү дээ. Цаана нь эрх мэдэлтнүүд нь байгаа. Түүнийг шийдэхгүй. Учир нь ар талууд нь байгаа. Гэсэн ч тогтоож чадахгүй гэж бодож байсан. Хууль чаддаг юм байна.