Уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр, хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий “Export Mongolia-2022” форум энэ сарын 14-нд болж өндөрлөлөө.
“Нэмүү өртөг шингэсэн экспортоор эдийн засгаа сэргээе” уриан дор болж буй үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, мөн нийслэлийн ЖДҮ үйлчилгээг дэмжих төв, Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Монгол-Германы бизнес эрхлэгчдийн холбоо, “Хөгжлийн шийдэл” ТББ зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан юм.
“Экспорт-Олон улсын худалдааны төв” нь “Экспорт Монгол” форум, үзэсгэлэнг эх орондоо болон хилийн чанадад 2019 оноос хойш зохион байгуулж, шууд болон цахим худалдааны суваг нээн ажиллуулж байна. Тодруулбал, АНУ, Канад, Япон зэрэг улсад Монголын Худалдааны төв нээн экспортлогч нараа дэмжиж, үндэсний 15 брэндийг сурталчлан, 20 гаруй ААН-ийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулж байна. АНУ-ын зах зээлд 290 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг худалджээ. Тус улсын 300 сая хэрэглэгчтэй, 2.9 их наяд ам.долларын зах зээлд манай улс 40-60 сая ам.долларын экспорт хийх өргөн боломжтой байгаа аж.
“Экспорт монгол 2022” арга хэмжээний онцлох оролцогчид:
Үзэсгэлэнгийн онцлох оролцогч “Мазаалай баавгай” брэнд төслийн хамт олон байлаа. Төслийг 2014 оноос эхлүүлж, Монголын говь цөлд амьдардаг устах аюулд ороод буй Мазаалай баавгайг хамгаалах, мазаалайн талаар бага насны хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл өгөх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэнд төслийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэмөнхийн урласан “Монгол мазаалай баавгай” сувинер, бага насны хүүхдүүдийн уншиж, бичиж, зурж сурах 5 төрлийн дасгал ажлын ном зэргээр оролцож байна. Төслийн багийн хамт олноос Мазаалай баавгайг хамгаалах ажлыг Олон Улсад таниулахаар энэхүү үзэсгэлэнд оролцож байгаагаа хэлсэн юм. Мөн 2022 оны тооллогоор мазаалай баавгайн тоо толгой өссөн дүнтэй байгаа баяртай мэдээг дуулгалаа.
Мөн Mарис брэнд нь үүсгэн байгуулагдаад зургаан жил болж байгаа ч Америк, Германы зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг, монгол арьсан цүнх, түрийвч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг болжээ. Энэ талаар энэхүү брэндийн хамт олон үзэсгэлэнд оролцоход таатай байгаагаа илэрхийлж дараах байр суурийг хэллээ.
“Монголчууд уг нь ажиллаж хөдөлмөрлөөд л байгаа, төрийн хүнд сурталтай нүүр тулсан ч хамаг байдгаараа зүтгээд л яваа. "Эсгий шаахайнаас хэтэрдэггүй Монголын экспорт" гэж "юм үзсэн" үүд нь томордог юм. Гэхдээ Монголчуудын хийдэг эсгий шаахай, арьсан бүтээгдэхүүн, байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь бол өөр хаана ч байхгүй чанар агууламжтай. Гоё загвартай агууламж тааруухан бүтээгдэхүүн дэлхийгээр нэг байна” гэлээ.
Харин Марис брэндийг үүсгэн байгуулагч Т.Энхнасан, “Бидний гол зорилго бол Монгол малын арьсаар үнэ цэн шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд гаргах үндсэн зорилготой. Манай үйлдвэрийн нэг сарын хүчин чадал 1000 орчим цүнх, 10 мянган жижиг эдлэл үйлдвэрлэх боломжтой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Америк болон Германы зах зээлд бага хэмжээгээр бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Европын холбооны улсаас хэрэгжүүлж буй Трамп төслийн хүрээнд Берлин хотод Монголын мэдээлэл худалдааны төв гэж нээгдсэн. Тэнд Монголын брэндүүдийг нэгтгэсэн “Green labels” гээд худалдааны төвд бүтээгдэхүүнээ байршуулсан” гэв.
Экспортоор эдийн засгаа сэргээе уриатай Export Mongolia-2022 үзэсгэлэнд мөн Business POS бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Орлого, зарлага, тайлан, бүртгэл, НӨАТ-ын баримт хэвлэх гээд кассын системийн бүх үйлдлийг ердөө ганцхан ПОС-д багтаасан үйлчилгээгээ үзэсгэлэнгийн үеэр онцолсон юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр бид “Эко гар утасны тавиур” компанийг үүсгэн байгуулагч Г.Батзоригтой ярилцлаа. Тэрбээр бараа бүтээгдэхүүнээ дэлхийд таниулж экспортод гаргахаар хичээн ажиллаж буй юм. Энэ талаар ярихдаа, “Америкт л гэхэд цулгуй модон дээр “I Love you” гэж бичсэн хананд өлгөдөг бүтээгдэхүүн л 15 доллар гэж байгаа юм. Тэгэхэд бидний бүтээгдэхүүн хүний хэрэгцээнд нийцэхээс гадна, эко чанартай байдгаараа давуу талтай. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахыг зохин хичээн ажиллаж байна” гэлээ.
Энэхүү форум нь эскпортын талаар төрөөс баримталж буй бодлого, үйлдвэрлэл эрхлэгчдийн тэргүүн туршлага, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, экспортын баримжаатай үйлдвэрлэлийн санхүүжилт зэрэг мэдээллүүдийг нэг дороос авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, тэр дундаа экспортод гарч буй компаниудад олгож байгаагаараа ихээхэн онцлогтой аж.