АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан.
Тодруулбал, 1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2.Ерөнхийлөгчий Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
3.Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбат
4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7.Ерөнхийлөгчий Тамгийн газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд
8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд.
16.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17.“Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарын нэрийг зарласан юм.
Үүний дараа УИХ-ын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж, нүүрсний хулгайд холбоогүй гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “ХХЕГ-т дэд даргаас нь эхлээд даргаар хоёр удаа ажилласан. 2012-2016 онд ялсан нам Засгийн эрх барих үед бүх тусгай албадын дарга нарыг ажлаас чөлөөлсөн. Би ч мөн чөлөөлөгдсөн. Дараа нь би 2016 онд ХХЕГ-ын даргаар ажилласан. Ажлаас чөлөөлөгдчихсөн явж байхдаа, 2014 онд аж ахуйн нэгжид ажилласан нь үнэн. Би намтраа хэзээ ч худлаа мэдүүлж байгаагүй. Надад бусдаас нуух хөрөнгө мөнгө, нуух асуудал байхгүй.
Намайг зүгээр байхад зүүгээр хатгалаа. Яагаад ингэж байгаа юм бэ. Би улс төрд удаагүй. Улс төрийн өшөө авалт утгаар янз бүрийн юм зохион байгуулж байгаа юм болов уу гэсэн хардлага төрлөө. Би микрафон хараад гүйгээд байдаггүй. Надад тийм зан, хүмүүжил байхгүй.
Хөгжлийн банкны зээлтэй холбоотой маш том хэргийн асуудал, Дорнод аймгийн станцын өргөтгөлийн тухай асуудал дээр иргэд их гомдол гаргадаг. Баримтууд нь надад бий. Би одоо энэ бүгдийг гаргаж тавина, шүгэл үлээнэ. Би ямар ч хэрэг хийгээгүй. Мөрөөрөө явсан хүнийг Монголын төр оролдвол оролдог. Нэр төрөө сэргээлгэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Би харин нэр төрөө өндрөөр үнэлнэ, сэргээлгэнэ.
Хэрвээ үнийг нь авах юм бол Монголынхоо иргэдэд тарааж өгнө. Дорнод аймгийнхаа ядарсан иргэдэд гэр авч өгнө. Хэрвээ миний төр сэргээж, нөхөн олговор авбал шүү дээ. Би маргааш АТГ-т албан ёсоор хүсэлт гаргана” гэлээ.