Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд өнөөдрийн байдлаар 130 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд мэргэжил эзэмшихээр сурч байна. 2022-2023 оны хичээлийн жилд энэхүү төв нь 10 мэргэжлийн анги нээн ажиллаж буй юм. Бид эдгээр анги дундаас Бэлэг дурсгалын зүйл урлаач ангийг онцлон сурвалжиллаа. 14 хүүхэдтэй энэхүү анги хамт олон, энэ улирал эсгий урлалаар гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл хийн дэлгүүрүүдээр борлуулан өөрсдийнхөө урлалд шаардлагатай байгаа зүйлсээ авдаг байна. Харин дараагийн улиралаас эхлэн арьс ширээр бүтээл урлах талаар анги удирдсан багш О.Загдцэнд хэллээ.
Түүний хувьд 14 өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ арга эвийг олох амаргүй байдаг ч, шавь нарынхаа урам, итгэлийг даахын тулд, тэдний сэтгэл зүйг нь судлан, арга эвийг нь олж, амьдралаа зориулан, сэтгэл хангалуун ажиллаж буй юм.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ НИЙГМИЙН ХАНДЛАГАД ЭМЗЭГЛЭДЭГ
Тэрбээр, “Манай хүүхдүүд хийе гэсэн зүйлээ их улайрч хийдэг. Жирийн хүмүүсээс давуу чанарууд олон байдаг. Хүнд итгэж чаддаг. Багшийгаа их хүндэлж мэддэг. Хийе гэсэн зүйлдээ чин сэтгэлээ шингээж, сурч чаддаг. Ийм чанар тэр бүр хүмүүст байдаггүй шүү дээ. Тийм ч учраас хүүхдүүдийнхээ энэ гэнэн цагаан сэтгэл, итгэлийг дааж явахыг хүсдэг. Жишээ нь уржигдар сонсголын бэрхшээлтэй охин маань юм хийхгүй, дургүйцээд байсан. Тэгэхээр нь үсний даруулга хамт хийж урамшуулсан юм. Харин өнөөдөр ширээгээрээ дүүрэн зүйл овоолоод оёж байна. Хүүхдүүдийнхээ эвийг энэ мэт байдлаар олоод сурчихсан. Сурагчид маань бүгд “багш л юм заагаад, түүгээрээ би амьдарна” гээд итгэл найдвар тээсэн байдаг. Зарим хүмүүс намайг, “хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцаад, ямар сонин газар ажилладаг юм” гэдэг. Энэ нь нийгмийн эвгүй хандлага мөн. Түүнчлэн хүүхдүүдийг маань хүлээж авдаггүй. Аливаа байгууллагуудад хүүхдүүдээ ажиллуулъя гэхээр, “Наадах чинь бүтэхгүй” гээд л. Үүнийг би их эмзэглэж хардаг. Наад зах нь аливаа албан байгууллагад ороход шал нь пильта байх жишээтэй. Тэгээд л хальтирч унах гээд л. Энэ мэт зүйлсийг анхааралдаа авах нь зүй. Зөвхөн төр засаг хийх ёстой юм шигээр ойлгох нь буруу. Энэ бол хүмүүс бидний хандлагын асуудал” гэлээ.
БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙХДАА ГАНЦААРДЛАА МАРТАЖ, ТАЙВАН БОЛЖ ЧАДДАГ
Бид сурагч Б.Хүслэнбаяраас сурч буй зүйлдээ хэр сэтгэл хангалуун байдаг талаар тодруулсан юм. Б.Хүслэнбаяр 15 настай. Багаасаа шүрээр бугуйвч, зүүлт гэх мэт зүйлс урладаг байжээ. Түүний хувьд ангидаа суралцахаасаа өмнө гэртээ үргэлж ганцаараа үлддэг. Их ганцаарддаг байсан талаараа хэлсэн юм. Харин анги хамт олонтойгоо нэгдсэнээс хойш сэтгэл нь сэргэж мөрөөдөлтэй болсон байна. Түүний саажилттайн улмаас эхэндээ бүтээлээ хийж чадахгүй гараа хатгах гэх мэт олон асуудлууд тулгарч байсан ч одоо ангийнхаа шилдэг сурагчдын нэг болжээ. Тэрбээр бүтээлээ хийж байхдаа тайван сайхан мэдрэмж авдаг талаараа хэлж, урлангаа дуусаад бусдад үзүүлж, урам авах дуртай тухайгаа ярьсан юм.
10 ЖИЛ ХЭВТЭРТ БАЙСАН БИ МӨРӨӨДӨЛТЭЙ БОЛСОН
Харин сурагч Ц.Өлзий тулгуур эрхтний бэрхшээлтэй аж. Өдгөө 42 настай тэрбээр сурахад оройтохгүй талаар хэлж цаашдаа гоёл чимэглэлийн цех байгуулан амьдрахаар шийдсэн талаараа ярьсан юм.
Тэрбээр, “Би 10 гаруй жил хэвтэрт байсан. хааяа таягтайгаа гарч хашаан дотроо л алхдаг байлаа. Энэ хугацаанд их зүйл бодогдсон доо. Миний мөрөөдөл 200-300 метрийн зайд байрлах гол руу өөрөө алхаад явах л байсан. Харин энд сурч эхэлснээрээ би цаашдын амьдралаа хэрхэн өрнөх талаар төсөөлөлтэй болж зорилго тээж эхэлсэн. Миний хувьд маш сэтгэл хангалуун байгаа. Хамт олон гэдэг зүйлийн сайхныг мэдэрч, их зүйл сурч байна” гэв.
СУРГАЛТУУДАА ТЭЛЭХ ХЭРЭГЦЭЭ БАЙГАА Ч ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙДАЛ БИДНИЙГ ЗОГСООЖ БАЙНА
Түүнчлэн бидэнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер П.Чимэддулам дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эзэмшүүлж болох мэргэжил олон байгаа. Манайх бүтэц орон тоондоо захирагдаад энэ жил 10 мэргэжилээр л элсүүлэн сургаж байгаа. Манай төгсөгчдийн 65 хувь нь ажлын байранд зуучлагдаад гарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэж буй мэргэжлүүдээр захиалгат сургалтуудыг өшөө илүү хиймээр л байна. Ингэхэд багшлах боловсон хүчин, сургалтын тоног төхөөрөмж, анги танхимаас эхлээд хэрэгцээ шаардлага их л байна” гэлээ.