“Өрөг хэлэлцүүлэг” нэвтрүүлэг “Экспортын боломжийг ашиглаж эдийн засгаа сэргээе” сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг бэлтгэн, та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээ “Экспортын боломж ба асуудал” сэдвээр бэлтгэлээ.
Нэвтрүүлгийн зочдоор:
- “Ханбогд” кашмерын Ерөнхий захирал Ч.Ганцэцэг
- Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны захирал Д.Баярсайхан
- Жимс, жимсгэний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Цэвэлмаа
- “Одь тан” компанийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам нар оролцлоо.
“Одь тан” компанийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам “Өрөг хэлэлцүүлэг”-т ингэж ярьлаа.
-“Одь тан” компани түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн байдлаар хэд, хэдэн орон руу экспорт хийдэг. Сүүлийн жилүүдэд экспортын хэмжээ ямар байна вэ. Үйлдвэрлэн гаргаж буй хэмжээгээрээ экспортолж чадаж байна уу?
-Манай компани 200 гаруй төрлийн уламжлалтын эм тан, 100 гаруй төрлийн гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Би Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбооны Удирдах зөвлөлд ажилладаг. Манай компани Европын холбооны Польш улс руу экспорт хийдэг.
Монгол Улсын эмийн зах зээл ерөнхийдөө 500-700 тэрбумын хооронд эргэлддэг. Энэ зах зээлийн ердөө хоёрхон хувийг уламжлалт анагаах ухааны найман үйлдвэр эзэлдэг. Дөрвөн үйлдвэр нь Европын холбоо болон Буриад, Тува, Өвөр Монголын зах зээлд уламжлалтын эм, тан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн экспортолдог.
2019-2020 оны судалгаанаас харахад, жилдээ Европын холбоо руу 5-10 сая ам.долларын экспорт дөрвөн компани хамтарч хийсэн.
Коронавирус гарснаас хойш уламжлалт анагаах ухаан, Монгол орныг харах Европын холбооны өнцөг өөрчлөгдсөн, сайжирсан. Ингэснээр органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өвдөхөөсөө өмнө хэрэглэе гэдэг хэрэгцээ, шаардлага Европын холбоонд, гадаадын орнуудад нэмэгдсэн. Энэ утгаараа уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ бага багаар хурдацтай нэмэгдэж байгаа, коронавирус гарснаас хойш.
Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд манай каластерын зургаан компани нийлээд “Mongolian green label” гэдэг нэг нэрийн дор, Монголд анх удаа хамтарсан брэнд гаргасан. Өрсөлдөж байсан зургаан компани нийлж, хүчээ нэгтгээд Европын холбоо руу брэнд болж гарсан. Ингэсний нэг том амжилт нь юу вэ гэвэл, Европын холбооны CPNP гэдэг бүтээгдэхүүн бүртгүүлэх маш хүнд даваа байдаг. Үүнд есөн бүтээгдэхүүнээ бүртгүүлж чадсанаараа Герман, Франц улсад манай каластерын гоо сайхны бүтээгдэхүүнүүд экспортлогдож байна.
-Дотоодын нийт хэчнээн үйлдвэр энэ каластерт нэгдээд гарч байгаа гэсэн үг вэ?
-Дотоодын нийт 15 үйлдвэр. Ерөнхийдөө Монголын бүх үйлдвэрлэгч компаниуд нэгдээд энэ каластерыг байгуулсан.
-Нийт хэчнээн нэр, төрлийн бүтээгдэхүүн бүртгүүлээд байгаа вэ?
-Есөн нэр төрлийн бүтээгдэхүүн бүртгүүлээд байгаа. Эдгээр бүтээгдэхүүнээ Европын холбооны холбооны зах зээлд худалдаалж байна. Одоо Кувейт, Катар гэх мэт орнуудад манай каластерын компаниуд үнийн саналаа илүү саналаа илгээн, борлуулалт хийх түвшинд хүрээд байна.
Дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл Франц, БНСУ, бусад гэсэн гурван катигорт хуваагддаг. “Skin care”-ын түвшинд өрсөлдөхөд бидний өрсөлдөх чадвар бага. Манай компани үс арчилгааны бүтээгдэхүүн дээр илүү төвлөрч ажилладаг. Үс арьчилгааны мист, халгайн үрийн тос, үсний шампунь гурваа багцладаг. Ялангуяа, Чех улсын нийт хүн амын 44 хувь нь үсний уналттай, генетикийн болон генетикийн бус халзралттай байдаг. Гоо сайхны салбарын хувьд маш олон зүйл рүү хүчээ тарамдуулалгүйгээр яг нэг төрлийн бүтээгдэхүүн, салбараа бариад, экспортын алсын хараатай бүтээгдэхүүнээ хөгжүүлэх чухал. Тэгвэл тээвэр, ложистикийн асуудлаа шийдэх боломжтой орнууд руу экспорт хийх маш том, зах зээл боломж байна.