Ардчилсан намын ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг баривчилсан байна хэмээн хэдэн өдрийн өмнөөс цахим орчинд шар мэдээлэл түгээн өнөөдөр “нууц” гэх хэргээр баривчиллаа.
Ардчилсан намын ҮБХ-ны дарга Т.Мөнхбаяр нь 2019-2021 оны хугацаанд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь Монгол Улсын стратегийн орд газар болох Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хүрээнд зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228,5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн компани мөн.
Ахмадуудын өрийг тэглэсэн нь Монгол Улсад түүхэндээ анх удаа байгалийн баялагийг иргэд тэр дундаа ахмадууд хүртсэн үйл хэрэг байлаа.
Гэтэл сүүлийн өдрүүдэд нийгмийн анхаарлын төвд байгаа нүүрсний хулгайн асуудлаар хийгдэж буй баривчилгааны дундуур нүүрс тээвэрлэлт, нүүрс олборлолт, нүүрс экспортын чиглэлээр үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй Т.Мөнхбаярыг нэр цохон баривчилсныг улс төрийн зорилготой гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Ардчилсан намыг нүүрсний хулгайтай холбогдолтой мэт олон нийтэд харагдуулах улс төрийн зорилготой,
Хоёрдугаарт, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг холбох улмаар ахмадуудын зээлийг тэглэсэн түүхэн үйл явдлыг харлуулах,
Гуравдугаарт, Т.Мөнхбаярын нэрийг Ардчилсан намын эвлэрлийн хүрээнд Ардчилсан намын даргыг сонгогдох хүртэлх түр хугацаанд тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгүүлэхээр УДШ-д хүсэлт хүргүүлээд байх энэ хугацаанд цагдан хорьж Ардчилсан намын эвлэрлийг саатуулах үндсэн зорилготой ажиллагаа боллоо.
“Нүүрсний хулгай”-н энэ хэрэг бол гаднаас хайх хэрэг биш. МАН өөрийн байгуулсан Засгийн газар болон МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдээс хайх хэрэг гэдгийг хатуу анхааруулъя!
Цаашид улс төрийн зорилгоор Ардчилсан намын угшилтай гишүүдийг цагдан хорих гэх мэт хууль бус бусармаг үйл ажиллагаа үргэлжилбэл бид тэмцлийн хатуу хэлбэрт шилжихээ албан ёсоор илэрхийлж байна.
ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМ