“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Төрийн банкны салбарын удирдлагын газрын Орон нутгийн салбарын удирдлагын хэлтсийн захирал Лувсандашийн Амгаланг урьж, ярилцлаа. Түүний хувьд улс төр, төрийн ажилд 40 гаруй жил ажиллаж байна. Мөн өөрийн хобби болох воллейболлын спортоо орхихгүй, ажил амьдралаа тэнцвэртэй авч яваа эмэгтэй улс төрчдийн төлөөлөл юм.
Та айлын хэд дэх хүүхэд вэ. Бага насныхаа тухай хуваалцаач?
Би арван хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь охин. Бид одоо есүүлээ. Эгч маань саяхан өвчний улмаас бурхан болсон. Өнөр өтгөн айлд өсөж, илүү дүтуугаа хуваалцаж, байх үедээ байдаг, байхгүй үедээ байдаггүй. Тийм л жирийн нэгэн сэхээтэн айлд өссөн.
Эргээд бодоход, миний аав, ээж хоёр арван хүүхдэдээ ямар үнэ цэнтэй боловсрол, гэр бүлийн хүмүүжил олгосонд нь маш их баярладаг. Аав, ээж хоёр маань хоёулаа багш байсан. Сэхээтэн хүмүүс хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын төлөө л явдаг байсан.
Багш нарын лагерт адилхан л тав нь тав, арав нь арван хүүхэдтэй айлууд байдаг. “Лувсандаш багшийн хүүхдүүд арвуулаа мөртлөө ганц хүүхэдтэй айл шиг байдаг” гээд л хажуугийн багш нар ярьдаг. Бид нар бүгдээрээ гэртээ ирээд, нэг нэг ном бариад суучихдаг байсан. Ном их уншдаг, мундаг номын сантай айл байсан. Орой хичээлээ хийж, хүлээж байгаад л аав, ээж хоёр ном уншиж байгаад унтаад өгвөл бушуухан номыг нь аваад л шөнөжин уншдаг байлаа. Тийм л орчинд өссөн.
Та воллейболлын спортоор хичээллэдэг гэсэн. Хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
Дундговийнхныг воллейболгүйгээр ойлгохгүй. Миний багш Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Доржсүрэн гэж хүн байсан. Би воллейболын секценд тавдугаар ангиасаа ороод, өнөөдрийг хүртэл энэ спортын үнэнч тоглогч, фэн, сонирхогч, дэмжигч явж байна.
Воллейболын спортод орсон явдал бол миний аав ээж хоёрын хүч хөдөлмөр. Би үүнд их баярладаг. Яагаад гэвэл багийн спорт гэдэг маш чухал. Багаар ажиллаж чадвартай болдог. Хоёрдугаарт, маш сайн тэмцэгч болдог. Гуравдугаарт, маш их тэвчээртэй болдог. Дөрөвдүгээрт, ажил хэрэгч болдог гэж би боддог.
Улс төрийн ажил хийхийн хажуугаар гэр бүр, хоббигоо хэрхэн тэнцвэртэй авч явдаг вэ?
Ажил, хувийн амьдрал хоёроо яаж тэнцүүлж, зохицуулж, ажиллаж байна вэ гэдэг асуудал эмэгтэй хүн бүрийн өмнө тулгардаг. Хэрвээ гэр бүлдээ ажил, амьдралынхаа зорилгыг ойлгуулж чадаагүй бол эмэгтэй хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй. Тиймээс ханьдаа, үр хүүхдүүддээ, төрөл төрөгсөддөө энэ улс төр, төрийн ажлын онцлогийг маш сайн ойлгуулах ёстой. Тэгж байж төрийн ажлыг төвшин амгалан хийнэ. Ар гэрээ зохицуулж чадаагүй хүн амжилтад хүрэхгүй. “Биеэ засаад, төрөө зас” гэдэг үг маш чухал.
Эмэгтэй хүн улс төрийн ажил хийхэд “эмэгтэй” гэх шалтгаанаар ажилд саад гарах тохиолдол бий юу?
Эмэгтэй хүн дүүрэг удирдаад, төрийн байгууллага удирдаад, засаг захиргааны нэгж удирдаад явна гэдэг амаргүй. Гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг өөрийнхөө бүх л цаг хугацааг дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан байдаг.
Сонгогдоод ажиллангуут нь улс төрийн нөхцөл, шалтгаанаас болоод, янз бүрийн байдлаар эмэгтэйчүүдийг унагах гэж оролддог, хийсэн ажлыг нь үгүйсгэдэг нөхцөл их байсан. Тэр бүхнийг эмэгтэй хүн давж гарна гэдэг маш их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болдог. Мөн удирдлагын арга барил, хувь хүний тэсвэр тэвчээр хэрэгтэй болдгийг би биеэрээ мэдэрсэн.
Та саяхан “Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдсан байсан. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
Би төр, улс төрийн ажилд 40 жил ажиллаж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор “Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан” гэдэг ийм сайхан, эрхэм хүндтэй төрийн хайр, хишгийг хүртсэн.
Би юунд нь баярлаж байна вэ гэхээр Нийслэлийн төр, захиргааны байгууллага, нутгийн удирдлагын байгууллагууд, Засаг захиргааны анхан шатны нэгжээс, Засаг дарга нараас ялангуяа эмэгтэйчүүдээ төлөөлж, эмэгтэй манлайлагчдаа төлөөлж, төрийн хайр, хүндэтгэлийг авсандаа маш их баяртай байна. Маш их сэтгэл хангалуун байна. Цаг үеэ олж, надад энэ эрхэм шагналаар тодорхойлсон Нийслэлийн удирдлагууддаа, Баянгол дүүргийн удирдлагууд, хамтарч ажиллаж байсан бүх хүмүүстээ, Баянголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархсан. Би төрдөө залбирсан. Аав, ээждээ залбирсан. Миний аав, ээж ийм сайхан охин төрүүлж, хөдөлмөрч, тэмцэгч болгосон байна.
Удирдагч хүн ямар байх ёстой вэ?
Generation Z гээд шинэ үеийнхэн гараад ирсэн байна. Тэднийг ойлгож, хэлээр нь ярьж, оюунаар сэтгэж, ойрхон байх юм сан гэж их боддог. Би өөрийнхөө ач, зээ нартай хүртэл, өсөж байгаа өсвөр насны хүүхдүүдэй учир тэдэнтэй их ярьдаг. Өсвөр насны хүүхдүүд юу мөрөөдөж байна. Залуучууд юу мөрөөдөж байна. Үеэл дүү нартайгаа бас их ярина. Тэдний мөн чанарыг ойлгож байж удирдах ажилтан, шийдвэр гаргаж байгаа хүмүүс зөв шийдвэр гаргах ёстой.
Одоо ч гэсэн залуучууд үг хэлээ засаг төрд хүргэх гээд л. Өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гээд л. Ирээдүйн амьдралынхаа төлөө дуу хоолойгоо олон түмэнд хүргэх гээд л. Маш нээлттэй, ардчилсан байна. Энэ бол зөв. Угаасаа үе нь ирсэн.
Залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Залуучууд хэдийгээр ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч гэсэн хуучин түүх, урьд үеэ хэзээ ч мартаж болохгүй. Хандлага зөв бол аяндаа зорилго нь зөв явна. Улс орны хувь заяа та нарын гарт байгаа шүү. Тиймээс маш ухаалаг байгаарай. Ахмад, урьд үеэ их сайхан сонсоорой. Уламжлал, шинэчлэлээ хослуулаарай гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
Видео бичлэгийг дээрээс үзнэ үү.