Согтууруулах ундааны хортой хэрэглээний улмаас дэлхийд жил бүр 2.7 сая орчим хүн нас барж, зүрх судасны өвчин, элэгний өвчин болон бусад олон эрүүл мэндийн асуудлын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйл болж байна. Архи уугаагүй байхад уумаар санагдах, боломж таарвал татгалзахгүй уух, ууж буй үедээ архины хэмжээнд эсвэл өөрөө өөртөө тавих хяналтаа алдан заавал согттолоо уух нь архины хамааралтай болсны шинж. Энэ шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандан архины хэрэглээний түвшингээ тогтоолгох хэрэгтэй. Хамгийн гол нь энэ нь хэвийн хэрэглээ биш гэдгийг анхаарах нь чухал юм.
Архийг хэрэглэж буй байдлаар нь хэд хэдэн түвшинд ангилдаг байна. Архины хамаарал буюу архины шалтгаант сэтгэц ба зан үйлийн эмгэгтэй хүмүүс өөрийгөө хааяа л хэрэглэдэг, хэрэглэхгүй бол хэдэн хоног, сараар хэрэглэхгүй байж чаддаг, нэг уухаараа л хэтрүүлээд согттолоо уудаг, хэзээ нэгэн цагт архинаас бүрмөсөн татгалзаж чадна гэж боддог. Энэ ойлголт нь архины хамаарлыг улам гүнзгийрүүлж цаг хугацаа алдахад хүргэдэг аж. Архидалт нь тухайн хүний нэр төр, хувийн амьдралтай холбоотой байдаг учраас бусдаас их нууцалдаг. Энэ нь мэргэжлийн эмчид хандан тусламж авахад саад болсоор иржээ. Ихэвчлэн донтолт үүссэн, дунд буюу төгсгөлийн шатанд байгаа хүмүүс хэн нэгний шахалт, шаардлагаар л эмчид хандаж буй юм. Архины эмчилгээг хүчээр хийдэггүй. Ийм тохиолдолд эмчилгээний үр дүн бага байдаг байна.
Архины хамааралд орсон хүмүүстэй харилцах гэр бүлийнхний хандлага, нөлөө их чухал байдаг талаар БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн веб сайт дээр нийтэлжээ. Нийтлэлд бичсэнээр, “Гэр бүлийн хэн нэг гишүүн нь архи ууж эхлэх үед, “за яах вэ хааяа л уудаг юм. Хэтрүүлэн хэрэглэдэггүй юм. Тэгж байгаад уухаа болих байх. Уухаараа элдэв ааш зан гаргах биш” гэж бодож явсаар тухайн хүний архины хамаарлыг гүнзгийрэх нь элбэг тохиолдож байна. Ингэж явсаар эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, эдийн засагт асуудал гарсан үед л чи архичин болсон байна, архи уухаа больсонгүй гэсэн хандлага гаргадаг. Уг нь хэтрүүлэн хэрэглээд эхлэх үед л анхаарч, ярилцаж мэргэжлийн эмч нарт хандсанаар архины хэрэглээг зохистой шийдэх боломжтой. Нөгөө талаар архинд донтох эмгэгийн үед тухайн хүний гэр бүл давхар өвчилдөг. Тиймээс ч архины хамааралтай хайртай хүнээ өвдсөн, өвчилсөн байна, эмчид үзүүлж эмчлүүлэх, зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг ойлгох нь маш чухал. Энэ өвчнөөр нас , хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүйгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог гэдгийг санах нь зүйтэй” гэж бичжээ.
АРХИНД МЭДРЭГ БОЛГОХ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНҮҮД БАЙДАГ
Архинаас татгалзах үеэс хүн эрүүлжиж эхэлнэ. Энэ үеэс архигүй эрүүл байх үеийг тооцдог. Эмчилгээний хувьд ч хүмүүс архинаас гаргадаг эм, тариа гэж бий гэж ойлгодог нь буруу юм. Харин архинд мэдрэг болгох эмийн эмчилгээнүүд байдаг байна.
Сэтгэц нарклологийн их эмч Б.Дожмаа энэ талаар ярихдаа “Архи хэрэглэдэг дийлэнх хүмүүс өөрийгөө архины хамааралтай биш, эсвэл донтоогүй, хааяа л уудаг, ингэхдээ л хэтрүүлэн хэрэглэдэг гэж боддог. Өөрийгөө донтох өвчтэй болтлоо уусан гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлсэнээр архигүй эрүүл амьдрах боломж нээгддэг. Улс орнууд архины хэрэглээнээс үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд гарах сөрөг нөлөөг багасгахад чиглэсэн олон талт арга хэмжээ, бодлогыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, согтууруулах ундааны сурталчилгаа, борлуулалтыг хуулиар зохицуулах, согтуугаар жолоо барихыг хориглох бодлого, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөөг таниулах, мэдлэг олгоход чиглэсэн хөтөлбөрүүд байдаг. Манай улсын хувьд худалдан авах, хэрэглэх нас 21 гэж заан худалдан авах боломжийг хязгаарласан жишээ бий шүү дээ. Монголчууд архи бол идээний дээж гэж үздэг. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа энэ үед хүний эрх, эрх чөлөөг нэгдүгээрт тавьж байгаа болохоор архийг хэрэглэх, хэрэглэхгүй байх нь хувь хүний сонголт, энэ нь донтох эмгэгээр өвдөх нь ч хувь хүнтэй холбоотой болоод байна.
Анх хэдэн наснаас эхлэн согтууруулах ундааг хэрэглэснээр архины хамааралтай болох буюу архинд донтох нь шууд хамаардаг гэх судалгаа бий. Иймээс хүүхэд залуучуудад бага наснаас нь архины хор хөнөөлийг таниулан ойлгуулах, сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй, хүчтэй болоход нь эцэг эх ойр дотны хүмүүс зөвлөж байх хэрэгтэй. Шаардлагатай үед мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид ханддаг, тусламж авдаг чадварт сургах нь чухал болоод байна. Энэ хандлагыг хүүхэд байхаас нь суулгах хэрэгтэй. Архи бол хүний амьдралд зайлшгүй байх ёстой зүйл биш. Архидалтын үр дагавар нь архинд донтох эмгэгийг үүсгэдэг хор хөнөөлтэй гэдгийг дахин сануулж хэлье” гэсэн юм.
ДЭМБ-ын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд нэг жилд гурван сая өөрөөр хэлбэл нэг минутад зургаан хүн нас барж байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр спирт хэрэглэж байна. Харин манай улсад одоогийн байдлаар жилд 4,500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байна.
Эх сурвалж:
- “Архи согтууруулах ундаанд татвар ногдуулах зарчим ба түүний эрүүл мэнд, эдийн засгийн үр нөлөө” судалгаанаас
- http://bzemn.ub.gov.mn