Шадар сайд С.Амарсайхан байр сууриа илэрхийллээ.
"…Засгийн газрын томилолтоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллалаа. Нүүрсний хулгайн гол талбар болоод буй “жижиг” гэгдэх Таван толгой ХК-д үүрэг гүйцэтгэх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг ажилд нь орууллаа.
“Жижиг” Тавантолгой ХК-ийн захирал нь 340 мянган тонн нүүрс шатсан гэж, харин үйл ажиллагаа хариуцсан дэд захирал нь шатаагүй, исэлдсэн мэтээр тайлбарлаж байна. Зөвхөн инженерүүд л мэддэг мэтээр далайлгасан энэ тайлбар нь ард түмнийг үл ойшоосон, төөрөгдүүлсэн, зохисгүй тайлбар байна. Нүүрс газар доор байж байгаад исэлддэг эсвэл шатдаггүй, хэдэн сая жил газар доор хадгалагдсаар ирсэн зүйл. Мөн тэсэлгээ хийж, хөрсийг нь хуулаад гаргаж ирсэн нүүрсийг нар салхинд буруу хадгалсан тохиолдолд исэлдэх процесс явагдаж болно. Дашрамд, 340 мянган тонн нүүрс гэдэг нь 6400 шаланз машин ачаа болно гэдгийг хэлье.
Олборлогч компанийн ТУЗ-өөс оны уулын ажил, олборлолтын төлөвлөгөөг баталж, Ашигт малтмалын газарт хүргүүлдэг байх учиртай. Мөн худалдан борлуулах гэрээ нь ТУЗ-өөсөө том дүнтэй гардаг. Харин гүйцэтгэлийн үед нэмэлтээр гэх нэрийн дор жижиглэн худалдаж борлуулдаг. Яг үүн дээр, анхны амны үнэ ба “нэмэлт” гэрээний үнийн зөрүү дээр авлига, албан тушаалаа ашиглах, бусдад давуу эрх олгох явдал үүсдэг байж болзошгүй байна. Нэг үгээр хэлбэл гэрээнүүдийг дамлаж зардаг гэсэн үг. Эндээс хорь гучин худалдан авагч гарч ирж байгаа. Тэд нүүрсээ урагш нь гаргахын тулд өөрсдийн эсвэл тээвэрлэлтийн компаниудын олон машиныг ашиглах шаардлага үүсдэг байна.
Уурхайн амнаас гараад БНХАУ-ын хил нэвтрэх хүртэлх дотоодын гаалийн болон бусад байгууллагын хяналт үнэхээр харагдахгүй байна. Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр, Хятадын хилийн хяналтын талбай дээр буусан нүүрс аль компанийн аль машин, ямар сорьцтой гэрээний дагуу хэдэн хувийн алдагдалтай, эсвэл Монгол Улсаас удаж гарсан нүүрс үү, шинэ нүүрс үү, цаашлаад аль талбай дээрх нүүрс нь исэлдэх боломжтой, аль нүүрсийг нь цаашаа Баяннуур руу угаалгад явуулах уу гэх мэтчилэн энгийн хяналтын мэдээлэл байгаад зогсохгүй нүүрсийг хяналтын талбайгаас худалдан авах гэж байгаа Хятад тал, ченжүүд уг мэдээллийг гар утасныхаа аппликэйшнээр дамжуулан хардаг байна.
БЭТ ажилдаа орсноор хяналт шалгалтын ажил ийнхүү эхэллээ. БНХАУ-ын гаальд мэдүүлсэн нүүрс худалдах гэрээнүүд гол эд мөрийн баримт болно. БНХАУ-ын гааль нүүрс авч байгаа худалдагч, худалдан авагч хоёрын гэрээг урьдчилж бүртгүүлж, мөн машинуудыг давхар бүртгүүлсний үндсэн дээр нүүрсний татан авалтыг эхлүүлдэг байна. Энэхүү гэрээг бүртгүүлж, Хятадад улсад нэвтэрч ороод хяналтын талбай дээр бууснаар гэрээн дэх тонн жингээсээ хасагдах зарчмаар тооцоо нийлдэг гэх мэдээ байна. Хэдийгээр хоёр улсын гааль бүртгэлийн систем нэг боловч гэрээ хянаж байгаа, хасагдаж байгаа, гэрээний дугаарууд, хэний хэний ямар машинууд гэдэг нь энэ системтэйгээ зөрөх магадлал өндөр байна. Хамгийн үнэн зөв мэдээлэл аль нь вэ гэдгийг тогтоохын тулд Хятадад бүртгэгдсэн үсэг тоотой гэрээнүүд чухал. Эдгээр гэрээнүүдийг бүгдийг нь татаж үзвэл Монголоос Хятадын хил рүү оруулсан нүүрсний тонн жин бодитой гарна гэж ойлгогдож байна. Мөн нүүрсний гарал үүсэл буюу сорьц нь ч тогтоогдоно.
Эдгээрээс харах зүйл нь, гаалиар гарсан нүүрс ЭТТ-н нүүрс үү, эсвэл “жижиг” Таван толгойн нүүрс үү гэдэг нь харагдана. Учир нь дээрх хоёр орд нь өөр өөр сорьцтой ордууд байгаа юм. Ялангуяа “жижиг” Таван толгойн нүүрс газар дээрх агуулга нь коксжих нүүрсний сорьц, илчлэг, үнслэг байдал нь бага байдаг гэсэн яриа байна. Гэтэл ачигдаж борлуулсан гэх нүүрс нь өндөр чанарын коксожсон нүүрсний сорьцтой гэсэн байдаг. Энэ бол жижиг ТТ, ЭТТ компаниуд хоорондоо үгсэн хуйвалдаж, орц гарцаа нэг болгож ажилласан байж болзошгүй гэсэн хардлагын үндэс. ЭТТ-н нүүрс жижиг ТТ амаар дамжсан байхыг үгүйсгэхгүй.
Мөн хөрс хуулалт мэдээж заримдаа өнгөн хэсэгтээ нүүрсний агууламжтай хуулагддаг. Харин ЭТТ нь үүнийгээ сайн чанарын нүүрсийн тонн жингээр солих, нэг үгээр бол хуулсан хөрсөө “шатсан” нүүрсний хэмжээнд сольж байж магад гэсэн үг юм. Энэ мэтчилэн нүүрсийг шороо болгож Монгол Улсын бүх хяналтын газарт мэдээ тайлан өгч явсныг үгүйсгэхгүй байна.
Ингээд олон жил ужиграсан нүүрсний хулгайн асуудалд нэг мөр цэг тавих үүднээс дараах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
1. ЭТТ ХК болон Таван толгой ХК-нд олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн аудитын байгууллагын шалгалт оруулах.
2. Хөндлөнгийн экспертүүд уулын ажлын төлөвлөгөө, хөрс хуулалт, тэсэлгээ, олборлолт, сорьц зэрэг үйл ажиллагааны түүхүүдийг шалгах.
3. БНХАУ-ын гаальд бүртгүүлсэн гэрээг холбогдох байгууллагууд нь татаж авах
4. Хятадын гаальд бүртгэлтэй гэрээнүүдийг хоёр талаас тулгах ажлыг яаралтай зохион байгуулах. 379,000, 340,000 тоннтой холбоотой гэрээ болон тухайн үеийн гаалийн мэдээллийг Хятадын талд байгаа тоонуудтай зөрж байгаа эсэхийг нягтлан тогтоох.
5. Хятадын гаалийн мэдээг Монголын гаалийн мэдээтэй яаж нийлүүлж байсныг шалгаж тогтоох. Экспортын мэдээтэй тулгахад зөрүү гарч байгааг, зөрүү хаанаас үүсэлтэйг нягт шалгаж тогтоох.
6. Нүүрс алдагдсан гэх жилүүдийг онцгойлон шалгах. “Жижиг” ТТ, ЭТТ хоёр компани хоорондоо үгсэн хуйвалдсан, нүүрс сольсон, нэг компанийн газар мэт явсан гэх мэдээллийг нэг мөр шалгаж тогтоох.
7. Нүүрс зарж буй 4 олборлогч байхад худалдан авч гаргадаг нь хэдэн арваараа байдаг. Байршлын хувьд “жижиг” ТТ нь “том” буюу ЭТТ компанийнхаа уурхайн бүсийн дотор байдаг. Иймээс “том хашаа”наас гарч буй нүүрс алиных нь ч байж болох эвгүй будилааны хардлага байна. Үүнийг тодорхой болгох.
8. ЭТТ болон “жижиг” Таван толгойд мөргөцөг алга болсон гэх үеэр жижиг ТТ компани үйл ажиллагаа явуулаагүй зогссон хэрнээ БНХАУ-ын компанийн том оврын экскаваторыг нууцаар оруулж ачилт хийж байсан гэх мэдээллийг хууль хяналтын байгууллага шалган тогтоох.
Эдгээр арга хэмжээнүүдийг нэн даруй авч, асуудлын үнэн мөнийг тогтоож, иргэддээ үнэ бодит мэдээллийг хүргэх болно" гэлээ.