Иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсаалд оройлон оролцож буй жүжигчин У.Цогтбаяртай өнгөрсөн баасан гаригт ийн ярилцлаа.
БИ ОЛНЫГ ОГТ УДИРДААГҮЙ, МАНЛАЙЛААГҮЙ
-Энэ удаагийн жагсаалд жүжигчин У.Цогтбаяр яагаад оройлж оролцох болов. Энэ асуулт олны анхаарлыг их татаж байна. Тэр хэрээр багагүй хардлага байна. Жагсаалд оролцох болсон таны гол зорилго юу вэ?
-Би бусадтай л адилхан хүн. Ерөөсөө энд олныг удирдаагүй, манлайлаагүй. Зүгээр л олны дуу хоолой л болж байгаа төдий. Яг бусдын адил үзэл бодлоо илэрхийлж, бухимдаж явна. Үнэхээр болохгүй байна гэдгийг мэдрээд би төдийгүй энд байгаа бүх хүн жагссан.
Би сошиалд 600.000 дагагчтай. Энэ маань л нөлөөлчих шиг боллоо. Өөрөөр оройлсон юм байхгүй ээ.
-Таны дуу хоолой, үг олон хүнд хүрч байна. Өмнө нь жагсаалд оролцож байсан бил үү?
-Өмнө нь ямар ч жагсаалд оролцож байгаагүй. Энэ жагсаалын эхний өдөр би ирээгүй. Хоёр дахь өдөр нь ирсэн, үзэл бодлоо илэрхийлсэн. Олон мянган иргэн намайг дэмжсэн. Ийм олон хүний итгэлийг би яаж алдах юм бэ. Зүгээр л тоохгүй байж, энэ бүх шударга бус зүйлсийн хажуугаар дуугүй өнгөрч би чадаагүй. Хүмүүс “Цогтоо чи ирээч ээ” гэхээр нь “Манайх Яармагт байдаг. Байж бай л даа” гээд ирсэн. Тэр орой залуучуудтайгаа ярилцсан, үзэл бодлоо нэгтгэсэн.
Намайг хүмүүс хүрээлж, итгэл хүлээлгэж байгаад нь их урам авч байна. Өдөр бүр хэдэн зуун хүн цуглаж, жагсаж байна. Төр нь илүү юм уу, ард түмэн хүчтэй юү. Энийг харъя л даа.
БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ОХИНООРОО АНДГАЙЛЪЯ
-Хэн нэгний захиалгаар бус, хувийн эрх ашигаас ангид жагсаж байна гээд нүүр бардам хэлж чадах уу?
-Чадна. Ёстой нүүр бардам хэлье. Би гурван хүүхэдтэй. Аав хүн охиндоо илүү хайртай байдаг шүү дээ. Би ч мөн тийм. Охин хүүхдийнхээ нэрээр андгайлъя. Хэрвээ би хэн нэгний гар хөл болж, бусдаас мөнгө авчихсан байвал үйлийн үр, охиндоо ийм муухай зүйл үлдээнэ шүү дээ.
Би сайхан амьдралтай. Бусдаас мөнгө авах, хэн нэгний захиалгаар ийм юм хийх ямар ч шаардлага надад байхгүй. Би сторигоороо сайхан амьдардаг. Надад мөнгө хэрэггүй. Их наяд ч хэрэггүй. Би гадаад руу явж аялахгүй. Булган, Сэлэнгэ, Архангайд л сайхан амарчхад гадаадад очсон юм шиг, ам.долларын саятан шиг сэтгэл ханамж авдаг.
МИНИЙ ЦУСЫГ ҮЗ, БИ Х.НЯМБААТАРЫН ХҮҮ БИШ
-Та өмнө нь Х.Нямбаатар сайдын сонгуульд ажиллаж байсан.
-Тэгсээн, тэгсэн. Хүний л амьдрал шүү дээ.
-Энэ нь таныг Х.Нямбаатар сайдын, бүр цаашлаад МАН-ын захиалгаар жагсаж байна гэх хардлагыг бий болгоод байх шиг байна. Тэгээгүй гэх баталгаа танд бий юү?
-Энийг ёстой хэдэн талаас нь сайхан мэрч, намайг хэмлэж байна даа. Тэгсэн, тэгээд яасан юм бэ. Тэглээ гээд би тэр хүнд насан туршдаа зүтгэх юм уу. Нэг удаагийн л ажил шүү дээ. Сонгуульд ажиллаагүй, ухуулагч хийж үзээгүй залуус цөөхөн. Саналаа хэнд өгөхөө өөрсдөө мэд л дээ. Миний цусыг үз. Би Х.Нямбаатарын хүү биш.
-Ерөнхий сайд жагсаж буй иргэдтэй уулзах үеэр та “Л.Оюун-Эрдэнэ ах аа” гэсэн. Ерөний сайд таны ах юм уу?
-Ах биш ээ. Надаас нэг л насаар ах хүнийг би “Ах аа” гэдэг. Би Жижгээ ахыг “Ах аа” гэж дууддаг, хүндэлдэг. Би өнөөдрөөс “Ах аа” гэхгүй ээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦҮНХ БАРИГЧ, АРМИЙН ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ СОНГОСОН БИДНИЙ БУРУУ
Л.Оюун-Эрдэнийн бүх ярилцлагыг үзлээ. Энэ хүн ийм зузаан ном гаргаж чадах хэмжээний хүн мөн үү гэдэгт эргэлзлээ. Энэ хүн үгийн баялаггүй, ном уншдаг хүн биш байна. Миний ээж зохиолч хүн. Би Зохиолчдын эвлэлийн хороон дээр өссөн. Л.Оюун-Эрдэнэ ном уншдаггүй, зүгээр л цүнх баригч гэдэг нь тодорхой байна. Энэ хүнд шийдэл алга. Энэ хүн хэдэн зөвлөхүүдийнхээ хүчээр явж байна. Л.Оюун-Эрдэнэ чинь хөөрхөн тийм эрх хүүхэд шиг, бээжин хав шиг байна. Хавыг хүн болгоё гэвэл дотроос нь Л.Оюун-Эрдэнэ гарч ирэхээр байна. Армийн хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон ард түмэн бидний л буруу шүү дээ. Одоо тэгээд битгий уйл л даа. Дараагийн сонгуульд ухамсартай хандаач ээ, сонголтоо зөв хий.
За, үргэлжлүүлээд Д.Амарбаясгаланг ярья. Тэр хүн хэмжээлшгүй их мөнгөтэй байх. Би тэгж хардаж байна. Тэр хүний инээж байгаа царайг би ер харж байгаагүй. Хоёр хятад хүнтэй уулзаж буй зураг фэйсбүүкт явж байна лээ. Хажууд нь нэг чемодантай. Тэр дотор нь хүн орхойдой байсан л гэж байна. Тийм л юм байгаа биз. Тэгвэл Д.Амарбаясгалангийн хөрөнгийг шалгая. Тэр хүн яг цалингаараа амьдардаг юм уу. Зүгээр намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн шүү дээ.
60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд ах чинь эд нарын дэргэд тос даасан бор ааруул байж. 60 тэрбум чинь энэ хэргийн дэргэд талхны үртэс байж. Тэр хүнийг бараг зохион байгуулалттай, энтертайментаар сөнөөсөн байх.
Би гэр бүлээ нэгт тавьдаг. Төрийн ордонд гэр бүлээ ч авч явж чадахгүй хүмүүс зөндөө байна. Гэр бүлээ авч явж чадахгүй бол улс төрд битгий орооч ээ. Өөрийгөө авч явж чадахгүй, үндсэн үзэл бодолгүй бол гэр бүл битгий зохиогооч ээ.
40 ИХ НАЯДЫГ МАН УИХ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗАРЦУУЛЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
-Нүүрсний хулгайтай нэр холбогдсон хүмүүсийн нэрийг ил зарлахыг та бүхэн шаардаж буй. Хэрвээ ил болгохгүй бол яах вэ?
-Арай ч тэгэхгүй байлгүй дээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үнэхээр хулчгар, худалч юм байна гэж бодно.
Аливаа улс орны гол цөм нь ард иргэд. Тийм биз дээ. Их наядаа авъя л даа. 40 их наяд дээр л би ухаарлаа. Тэр их мөнгийг чинь би хэдэн тэгтэйг нь ч мэдэхгүй явсан шүү дээ. Яг нэг гоё тайлбарласан мэдээ үзээд мэдлээ. Нэг иргэний 125 сая төгрөг гэхээр нь гайхлаа.
Улс төрчдийг ам.долларын саятнууд гээд хүмүүс харддаг. Би итгэдэггүй байсан. Одоо ингээд бодохоор үнэний ор байна шүү.
Магадгүй энэ мөнгөөр МАН УИХ-ын сонгуулийг санхүүжүүлсэн байх. Тэгээд 63 суудал авсан байх. Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх яаж бярдаж, хөрөнгө мөнгө, хүн хүчээр зодсоныг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр 44 их наяд төгрөгийг МАН УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан байхыг үгүйсгэхгүй. За, тэгээд коронавирус, цар тахлын үеэр эд нар хэдэн тэрбумаар нь идсэнийг таашгүй. Тиймээс олон улсын аудитууд улс төрчдийн дансыг шалгаад өгөөч ээ. Улс төрчдийн ах дүү, амраг садан нь ямар ч ажил хийдэггүй атлаа шилтгээн, ордонд амьдраад байна шүү дээ. Цалингаараа амьдардаг гэж бүлтэрнэ. Их л хэцүү, амьдрал нь орвонгоороо эргэчихсэн аятай, хоол идээгүй, өлбөрчихсөн хүн шиг л царайлаад байна. Ийм юм байхгүй шүү дээ.
Гэтэл иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Миний ойр дотнын хүмүүс бүгд ядуу. Би чадлаараа туслаад, туслаад дийлэхгүй байна шүү дээ. Олонх нь Налайхад байна.
Амьдрал хэцүү байна. Би бүтэн өнчин. “+17” цувралаар дөрөв, таван жилийн хугацаанд олсон бүх мөнгөөрөө хамгийн түрүүнд охин дүүдээ байр авч өгсөн. Дараа нь би өөрөө байр авсан.
БУСДАД НАЙРАГДАХГҮЙН ТУЛД УТАСНЫХАА ДУУДЛАГЫГ ОГТ АВАХГҮЙ БАЙГАА
-Энд нэг юм үзүүлчихье. Болох уу?
-Болно оо.
-Камераараа сайн бичээд аваарай.
-За.
-Би гар утсаа харуулъя. Миний утсанд 265 мессэж ирсэн байна. Нэгийг нь ч уншаагүй. Өдөр бүр ийм олон дуудлага ирсээр байгаа. Би нэгэнтэй нь яриагүй. Би ярьвал эд нарын найранд орчих гээд байна.
Намайг дор нь найрна. Зүгээр “Цогтоо Netflix дээр чиний цувралыг хийж өгье. Холливудтай чамайг хамтруулъя. Азид цахиур хагалсан, 100 ангитай комеди кино хий, бид санхүүжүүлье” гэх мэтээр намайг найрвал яах юм бэ. Би найрагдахгүйн тулд хэнтэй ч утсаар ярихгүй байгаа. Зөвхөн эхнэр, хүүхдүүдтэйгээ “Дүдү, дада” гээд ярьж байна.
Зарим хүн “Цогтоод хэмжээлшгүй их мөнгө амлах байх” гэж хэлж, хардаж байна. Ямар ч санал тавьж, хэчнээн тэрбум төгрөг өгье гэсэн ч би авахгүй. Яагаад авахгүй гэвэл, би сайхан амьдралтай. 600.000 дагагчтай хүний нэг стори хэдэн төгрөгтэйг та нар мэдэх үү. Би гэр бүлээ тэжээх, элбэг хангалуун амьдрах мөнгө хангалттай олчихдог.
ХАР ХУВЦАСТАЙ ХҮМҮҮС НАМАЙГ ТАГНААД БАЙНА
-Та лайваараа “Намайг тагнаж байна” гэсэн. Баримт бий юү?
-Манай орцонд хар хувцастай хүмүүс байнга эргэлдээд байгаа. Жижгээ ах ч бас харсан байна лээ. Манай цонх том. Өнгөрсөн шөнө нэг автомашин гэрлээ асаагаад, тагнаад хоносон.
Надтай 100 хуульч холбогдсон. 100 хуульч шүү. Би бүр айхгүй байна. Намайг тагнаж, мөрддөг юм байгаа биз. Гэрт орж ирээд алчихгүй л бол… Хэрвээ ороод ирвэл би салгалаад хэдэн бичлэг хийгээд, цацна. Өөр яаж ч чадахгүй. Гэхдээ би айхгүй байна.
Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХАМТРАХГҮЙ
-Сая жагсаалын дундуур явж байхад “Цогтоо Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрах хэрэгтэй” гэж цөөнгүй хүн ярьж байна. Та хамтрах уу?
-Хамтрахгүй. Би Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч яах юм бэ. Тэр хүний ёс суртахуун муухай байна шүү дээ. Тэр хүн доодох хүмүүстэйгээ ямар муухай харилцаж байна аа. Хүнийг хүн гэж харилцахгүй, өөрөө ёс суртахуунгүй бол шударга ёсны төлөө тэмцээд хэрэггүй.
-“Цогтоогийн ард хэн нэгэн байж магадгүй. Жүжигчин хүн чадамгай жүжиглэж чадна” гэж хардаж буй хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Хардах эрх хүн бүхэнд бий. Гэхдээ намайг битгий хардаач ээ. Цаг хугацаа харуулна. Шударга ёсны төлөө ингээд ард түмэнтэйгээ хамт байгаа нь надад үнэхээр гоё байна. Шинэ жилийн баярыг хамгийн өндөр үнээр хөтөлж, хүмүүсийг баясгаснаас энд ингээд даараад, чичрээд зогсож байгаа минь сэтгэлийн таашаалтай байна. Би мангар олон залуусын зүрх сэтгэлд оч өгч байгаа. Үүнийг мэдэрсэн учраас залуусынхаа сэтгэлийн очийг улам бадраах сан гээд өдөр бүхэн ирж байна.