Нүүрсний хулгайн хэргээс үүдсэн олон нийтийн бухимдал хоёр дахь өдрөө үргэлжилсэн нь дүлий төрд цочроо өгсөн явдал байлаа. “Иргэд дан ганц нүүрсний хулгай биш ээ. Амьдрал хэцүү байна. Монголоос явмааргүй байна. Харийн нутагт боолын хөдөлмөр эрхэлмээргүй байна. Монгол улс ямар ясаа тавьдаг газар уу” хэмээн -30 хэмийн хүйтэн лоозон барин жагсаж байлаа. Ерөнхийдөө нүүрсний хулгайн 30-40 их наяд төгрөгийн асуудал, шалгагдаж буй 15 хүнтэй холбоотой, үүнээс улбаатай боловч Засгийн газарт алдааг нь сануулсан иргэдийн эв санааны нэгдэл боллоо гэж дүгнэж болохоор байлаа.
Өөрөөр хэлбэл, шударга бус нийгмээс залхаж цөхөрсөн, өлсөж цангасан, шантарч гүйцсэн олны бухимдал байв. Олонх нь тэд байв. Гэвч төр нь үүнийг 100 хувь бүлэглэл хоорондын зодоон гэж харж "Өө, миний дайсны, хулгайчдын явуулсан хүмүүс л байна" гэж үл тоож, хэгжүүрхэв. Юм олон талтай гэж бодохыг хүссэнгүй. Үүдээ түгжээд чихээ бөглөчихвөл л боллоо гэж л санажээ. Эрх баригчдын бас нэг алдаа нь, үнэн нүүр царай нь энэ болов.
Мэдээж, сайны хажуугаар саар гэгчээр өөрийн чин хүслээр, итгэл үнэмшлээр ирсэн залуусын жагсаалыг харлуулах, үнэ цэнгүй турхиралт мэт харагдуулах гэсэн хүмүүс ч үймсэн олны дунд орж хутгалдсан байлаа. Тэд бол эрх баригчдын тагнуул. Эсвэл хэргээ хаацайлах гэсэн нүүрсний хулгайчдын тавиулууд хэмээх шүүмжлэл ч гарав. Төрийн ордон руу дайрч хамгаалалтын албаны ажилтнуудыг хөнгөн гэмтээсэн, Төрийн ордны хаалга, хашаа эвдсэн гээд тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх залууст сургамж болсон үйл явдлууд ч хөвөрлөө. Эцэст нь төр онц байдал зарлах эсэх асуудлаар хуралдаж, жагсаалыг хүчээр тараалаа. Онц байдал зарлаагүй ч УИХ жагсаалын асуудлыг хаалттай түвшинд авч үзлээ. Гэвч жагсагчдын өгсөн шаардлагад хариу өгсөнгүй. “Ерөнхий сайд аа, гараад ир” гэж жагсагчид тодорхой шаардлага тавьсан ч эрх баригчдаас хэн нь ч толгойгоо цухуйлгасангүй. Ард түмнээ зөвхөн бүлэглэлийн гар хөл гэж харсан нь харамсалтай, бас эмгэнэлтэй байлаа.
Өнөөдөр улсын эдийн засаг цар тахлаас үүдэн тартагтаа тулж, Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Цалин цаас болж иргэдийн бачуурал дээд цэгтээ хүрлээ. Гэвч төр нь татвар төлөгчдийн мөнгийг болчимгүй зүйлд зарцуулж, өөрсдийн тойрон хүрээлэгчдэд төсөл атгуулсан нь иргэдийн нэг бухимдал шалтгаан байлаа. Өөрөөр хэлбэл, данц ганц Л.Оюун-Эрдэнийн балаг ч бус, Д.Сумъяабазарын, түүний багийнхны увайгүй, үрэлгэн алдаанууд Засгийн газрыг ч огцруулах хэмжээний том сануулга боллоо.
Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ ямар ч нөхцөлд тайван замаар хийх учиртай. Цагдаагийнхан, Хүний эрхийн Үндэсний комисс энэ үүргээ амжилттай биелүүллээ. Гэвч Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн л алдаагаа ухаарахгүй, ядарсан иргэдээ мөнгө авч жагсдаг хөлсний цэргүүд хэмээн бах таваа ханган, өрөөгөө түгжиж суусаар өнгөрөөлөө. Энэ бол эрх баригчдад өгсөн том сануулга, дохио байлаа.