Бусад оронтой харьцуулахад монголчууд махыг их хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл бид жилд 5000 тонн мах хэрэглэдэг байна. Үүний 200-300 тонн махыг экспортод гаргадаг. Харин бидний хэрэглэж буй махнаас 1000 орчим тонн нь гарал үүслийн бичиггүй байдаг талаар АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Шим тэжээл судлалын тэнхимийн харьяа, Эрүүл мэндийн хоол зүйч Б.Мөнхзул хэллээ. Бид түүнээс эрүүл махыг хэрхэн шинжиж авах талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.
Тэрбээр, “Олон нийтэд махыг хэрхэн зөв сонгох талаар мэдлэг, мэдээлэл өгөхөөр “Монгол мах” үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Махыг сонгохдоо бид амтлах, үнэртэх, тэмтрэх гэсэн мэдрэхүйн эрхтнүүдээрээ шинжиж авдаг. Эрүүл махыг гаднаас нь харахад улаан болон ягаан өнгөтэй, өөх нь шаргал туяатай байна. Мөн гадна хальс нь нимгэн, шүүслэг байх ёстой.
Махыг 10 секунд орчим гараараа дарж үзээд авахад хонхойсон байдал нь буцаад хэвийн байдалдаа орох юм бол үүнийг хэвийн мах байна гэж үзнэ. Хонхойсон байдал нь хэвээр үргэлжлээд байх юм бол үүнийг чанаргүй, муудаж байгаа мах юм байна гэж үзэж болно. Өнгөнд нь өөрчлөлт орсон болон гадна нь хальс нь зузаарсан байвал мөн муудсан мах гэж үзнэ.
Мах нь уураг ихтэй бүтээгдэхүүн учраас маш хурдан мууддаг. Хэдий шинэ мах авсан байлаа ч гэсэн тээвэрлэлтийнхээ явцад, хадгалалтын горим алдагдсанаас болоод мах муудаж болно. Худалдан авсан махаа удаан хугацаанд вакум орчинд, халуун газар байлгах нь маш буруу. Үүн дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Бид эрүүл хүнс хэрэглэж урт амьдаръя гэвэл гарал үүслийн бичиг, чанарын баталгааг нь сайн харж байх нь чухал. Үгүй бол, жишээ нь уул уурхай хөгжсөн газрын махнаас химийн хүнд хортой металиуд илэрч болзошгүй. Энэ нь шууд байдлаар хор хөнөөл болохгүй ч алсдаа эрүүл мэндэд том гарз учруулна. Тиймээс энэ тал дээр анхаарах ёстой гэж хэлмээр байна” гэлээ.