АНУ Хятадын Huawei, ZTE зэрэг алдартай брендүүдийн харилцаа холбоо, видео тандалтын төхөөрөмжүүдийг хэрэглэхийг хориглож буйг мэдэгдлээ. Албаныхан үүнийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Тодруулбал, АНУ-ын аюулгүй байдлын албаныхан Huawei тэргүүтэй компаниудын тоног төхөөрөмж нь 5G сүлжээтэй холбогдож, нууц мэдээлэл авч байж болзошгүй гэсэн юм. Түүнчлэн энэ хориг нь Хятадын Hytera Communications, Hangzhou Hikvision болон Dahua зэрэг компаниудад ижил үйлчлэхээр болжээ. Харин эдгээр компаниуд одоогоор хариу өгөөгүй байна.
Huawei болон Хятадын засгийн газар тагнуул хийсэн гэх мэдээллийг няцааж, Хятадын технологийн эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг буруушаасаар ирсэн. Гэвч 2019 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Дональд Трамп "Аюулгүй, найдвартай харилцаа холбооны сүлжээний тухай хууль"-д гарын үсэг зурснаар Вашингтон үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн харилцаа холбооны үйлчилгээг тодорхойлох шалгуурыг тогтоожээ. Мөн Их Британы эрх баригчид засгийн газрын барилгууд доторх Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камерыг солихыг шаардаад байгаа юм.
SOURCE: AL JAZEERA