Гашуун яриа нэвтрүүлгийн ээлжит дугаараар бид жүжигчин Б.Даваажавтай ярилцлаа. Харцын хүүхэд хаана хүрч болдгийг харуулах зорилготой амьдардаг гэж ярих тэрбээр шулуун дардан өнгөрөөгүй амьдралынхаа талаар хуваалцсан юм.
-Бидэнтэй ярилцах саналыг хүлээн авсан танд баярлалаа. Та бүх ярилцлагадаа аавыгаа их дурссан байдаг юм билээ. Аавыгаа их санадаг уу?
Миний амьдралын хамгийн харамсалтай, хамгийн аймар зүйл бол аавын өөд болсон үе. Аав, араас нь ээж удалгүй явсан. Миний аав жолооч хүн байсан юм. Хүмүүс аавыг минь “Банди ах, Банди багш” гэж ирээд л машин тэргээ асууж, үзүүлж харуулдаг. Манай хашааны хаалга үргэлж дэлгээтэй байж байдаг. Машинууд орж гараад л, хүн хөлхөөд л. Аав өнгөрөөд тэр хаалга үргэлж хаалттай байх болсон. Хэн ч орж ирэхгүй. Маш тэнэг байдаг байлаа.
Тэр үед надад асар хүнд байсан. Би аавыгаа их ярьдаг нь үнэн. Аавдаа амь байсан болохоор тэр байх л даа. Би аавтайгаа хамт жолооч болно гэж зорьж машин засдаг байсан. 13,14 настай байхдаа л аавтайгаа машины мотор боочихдог байсан. Тийм л хүүхэд байлаа. Тийм хүнд зүйлийг олон хүн битгий үзээсэй л гэж боддог.
-Аавыгаа өнгөрөөд удалгүй СУИС-д орсон юм билээ. Яагаад урлагийн хүн болох болсон юм бэ?
Би СУИС-д орсон. Түүндээ маш их урамшсан. Гэхдээ тэр хэдэн жил хөндий цээж гэдэг шиг л, ямар ч баярлаж, бахдах зүйл байхгүй өнгөрсөн. Бор дарсыг хүртэл их уусан. Бүр нэг муухайгаар хэлэхэд, хөсрөх гэх юм уу. Тийм байдалд ордог юм билээ. Аав ээжийн л сургасан хүмүүжил шүү дээ. Давсан туулсан.
-Та тийм их уудаг байсан юм уу?
-Би бол тултал уусан. Ямар сайндаа СУИС-ийнхан тоглоом шоглоомоор ярьдаг. АПУ-г хөл дээр нь босгосон “Байлаа” гээд. Ер нь эрүүл үе байдаггүй байсан. Өөрийгөө алдсан үе гэхэд болно. Өөрийгөө олохгүй үе байсан юм. Аавынхаа тухай дуу дуулаад л, Р.Чойномын шүлэг уншаад л, энэ байгаа нийгмээ харж гутарч гуниад ууна. Ах, эгч нар тусдаа гарсан. Би тэр хүмүүст гавьяа болохгүй юм аа гэхэд гай болохгүй амьдрах юм сан гэж боддог. Хэдий төрсөн ах, эгч ч гэсэн би тэдний өмнөөс амьдраагүй шүү дээ. Тэгэхээр тэдэнд дараа болохгүй юм сан гээд энэ тэнд хажуу өрөө хөлсөлж амьдарна. Бэлэн хоол, архины шил… Ийм л амьдрал. Гэхдээ гитараа хаяагүй. Гитар маань хаана ч цуг байсан.
-Алдсан цаг хугацаандаа харамсдаг уу?
-Яах вэ тэр үеийг айхтар хар бараан жигшихээр зүйл гэж боддоггүй. Үзэх ёстой зүйлээ үзэх л ёстой. Тэрийг үзэхгүйгээр би цэмцийж яваад үхэх юм бол харамсалтай шүү дээ. Амьдралыг мэдэрч чадахгүй. Магадгүй тийм болохоор л архичин, хулгайч гэх мэт тиймэрхүү дүрүүд өгдөг юм болов уу. Тэр нь ард түмэнд маань хүрээд байдаг юм болов уу даа. Юм чинь өөрөө уялдаа холбоотой. Амьдрал бол их сургууль суралцаад л байна. Ийм зүйлийн ард гарсан болохоор өнөөдөр амьдрал шагнаж байгаа байх. Тийм зүйлийг давсан хүн хэзээ ч цээжээ дэлдэж омогдохгүй. Р.Чойномын “Охиндоо бичсэн захидал” дээр хүртэл байдаг. Азийн цээжинд Монгол гэдэг
Агуу нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн
Тасархай гэдгээ мартаж болохгүй гээд. Хэдий би тэгэхэд архи уугаад галзуураад явж байсан ч гэсэн Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” номыг энгэрээсээ хаяагүй явсан.
-Та их ганцаарддаг байсан байх. Хэн нэгнийг санах, үгүйлэх, шаналах сэтгэлийн шархыг цаг хугацаа эдгээдэг нь үнэн болов уу?
-Аав ээжийгээ алдсан уй гашуу одоо ч арилаагүй ээ. Байж л байдаг. Гэхдээ насан туршдаа гуньж явахгүй шүү дээ. Тагтан дээрээ гараад енгэнэтэл сайхан уйлчихдаг. Аав ээжийгээ бодно. Бодохгүй өдөр байхгүй ээ. Би, миний үр хүүхэд тэдний үргэлжлэл.
-Сэтгэлийн шархтай үед архи, дарс хань болж чаддаг юм уу?
Одоо эргээд бодоход тийм үед ууна гэдэг асар том тэнэглэл. Хүн мөнх биш шүү дээ. Олон жил амьдрахгүй. Хугацаатай, шалдан ирсэн, шалдан буцна. Тэр хугацаанд өөрөө өөрийгөө олох хугацаа гэж бас байна шүү дээ. Өнөөдөр маш олон залуучууд өөрийгөө ч олоогүй, “би хэн бэ” гэдгээ мэдэхгүй шахуу, гурван үеийнхээ намтрыг ч ярьж чадахгүй байж, хоорондоо хань ижил болж, нэг оронд орон хүүхдүүд өнчрүүлж байна. Амьдын хагацал гэж би мэдэхгүй. Би сайн аав ээжийн буянд тийм зовлон үзээгүй. Амьдаараа хагацна гэдэг сэтгэлийн там байх.
-Уран бүтээлийн сонин хачингаасаа хуваалцаач?
Би даруу байхыг л их хичээж боддог болсон. Сая аавдаа зориулж, “Ааваа хүү нь аав болсон” дуундаа аяыг нь өөрөө зохиолоо. Хүү нь даруу яваа аав аа гээд мөр оруулсан байгаа. Хүн юм үзэх тусмаа, явж үзэх тусмаа даруу байх хэрэгтэй юм шиг. Би бол харцын хүүхэд хаана ч хүрч болдог юм аа гэдгийг харуулах юм сан гэж хичээж явдаг. Хүн заавал аав ээжийнхээ хажууд, тэтгэх хүн байж байж юм сурдаг юм биш. Заавал өөрөө хичээх ёстой. Өнгөрсөн жил Алтан гадас одонгоор шагнуулсан. Энэ бол 22 жил тасралтгүй хөдөө орон нутгаар соёл урлагийн үр тарьсныг маань үнэлж ард түмэн өгсөн гэж ойлгодог. Тэгэхээр би ард түмэндээ бэлэг барих ёстой. Одоо энэ хүнд цагт би ард түмэндээ очиж “Халуун сэтгэл” гэх цаг гаруй хугацааны ганцаарчилсан тоглолт хийнэ.
-Ганцаараа тоглоно гэж үү?
-Эндээс нэг ч уран бүтээлч цалингүй намайг дагаж явахгүй. Сая тоглолтдоо О.Дашбалбар, Д.Пүрэвдорж, Р.Чойном, Б.Лхагвасүрэнгуайн шүлгүүдэд ая хийж хүргэсэн. Түүнийгээ дуулна. Соён гэгээрүүлэгч мундаг хүмүүсийн шүлэг найраглалуудаас уншина. Би уйлуулна инээлгэнэ. Соёлын байгууллагууд соёл урлагийг үнэгүй түгээе гэхэд үгүй гэхгүй байх. Заалаа түгжээд зугтаахгүй байх гэж бодож байгаа. Би ч их азтай хүн дээ. Аз дуусахгүй.
-Та үзэгч уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?
Өнөөдөр танай нэвтрүүлгийн зочин хойморт нь зочиллоо. Их баяртай байна. Монголчууддаа хэлэхэд хэцүү цаг үеийг бухимдаж биш, хүн байх ухааныг сайн мэдрээсэй, юманд хүлээцтэй хандаасай.
Ганга мөрөн далай шиг
Ёроолоосоо ундарч
Галбарбаасан мод шиг
Үзүүрээсээ дэлгэрч явахыг ерөөе.
Монгол түмэн маань мандан бадраг ээ.