Бид 28 настай, хоёр хүүхдийн ээж, график дизайн мэргэжилтэй Б.Төгөлдөр гэх бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр Хүрээ дээд сургуульд цагийн багшаар ажиллаж, мэргэжлийнхээ дагуу халтуур хийн мөнгө олж, Tuki illustration нэртэй дэлгүүр нээсэн ажилсаг бүсгүй. Гурван ч ажил эрхлэгч. Тиймээс ч нэг насны зөрүүтэй бага насны хоёр хүүхдэдээ болон өөртөө ч цаг гаргаж амжихгүй яваа завгүй эмэгтэй.
/Б.Төгөлдөр/
Тэр Tuki illustration дэлгүүрээ нээхдээ “цалинтай ээж” хөтөлбөрийн сар бүрийн 50 мянган төгрөгөө цуглуулж, танилаасаа нэмж мөнгө зээлж байгаад байгуулжээ. Дэлгүүртээ зардаг дөрвөн төрлийн төлөвлөгч дэвтэр, хайр түгээсэн cartoon бүтээгдэхүүнүүдээ өөрөө зурдаг байна.
/Б.Төгөлдөрийн бүтээл/
Төгөлдөрийн нөхөр ч график дизайн мэргэжилтэй ба үндсэн ажлынхаа хажуугаар халтуур хийдэг. Тэд хоёулаа л зүгээр суудаггүй. Учир нь тэд өөрсдөө л хичээж хөдөлмөрлөхгүй бол май гээд бэлэн мөнгө, байр сав шууд өгчих чинээлэг нэгэн тэдэнд үгүй.
Ингээд тэд шүд зуун зүтгэж, сүүлийн гурван жилийн дотор байрны урьдчилгааны 30 сая төгрөг цуглуулжээ. Гэвч одоо тэдний 30 сая төгрөг байрны урьдчилгаанд ч хүрэхээ байжээ.
Энэ талаар Б.Төгөлдөр ярихдаа, “30 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд байр зээлээр авья гэвэл нэг өрөө байр эсвэл хуучны байр хотын захад л авах боломжтой байна. Гэтэл бид өөр байр төсөөлж энэ мөнгөө цуглуулсан шүү дээ. Нөхөр бид хоёр оюутан цагаасаа үерхэж, амьдралаа тэгээс эхэлсэн хосууд. Гэтэл бидэн шиг тэгээс эхэлж байгаа залуус насаараа зүтгээд ч гүрийгээд ч нас хүрэхгүй болж байна. Бид энэ мөнгөөрөө гадагшаа явах уу гээд шийдэж ядаад гацаанд орчихлоо. Гадагшаа явья гэхээр хоёр хүүхдээ яах билээ. Хүүхдүүд маань бэтгэрээд ээж аавыгаа санаад хэцүүдэх л байх даа” гэв.
Б.Төгөлдөр бүсгүй бол ажиллаад, хичээгээд, хөдөлмөрлөөд байгаа ч монголд амьдархад амаргүй байгаагийн бодит жишээ.
ҮСХ-ны 2022 оны 2-р улирлын тайланг харвал өрхийн бодит орлогын хэмжээ таван хувиар буурч, 1.2 сая төгрөг болжээ. Гэтэл энэ 1.2 сая төгрөгийнхөө 770 мянгыг нь айлууд зээлдээ өгдөг байна. 2022 онд цалингийн зээл авсан айлуудын тоо өссөн бол ипотекийн байрны зээл авсан айлуудын тоо өмнөх жилүүдээс буурчээ. Учир нь иргэн Б.Төгөлдөрт учирсан бэрхшээл бусад айлуудад ч учирч байна гэсэн үг. Ингээд байрны зээл авч чадахгүй болсон залуус гадаад явахаас өөр сонголтгүй болж байна.
Б.Төгөлдөр энэ тухай ярихдаа, “ Би уг нь эх орондоо л элэг бүтэн сайхан амьдармаар байна. Гадаадад очиж хар бор ажил хиймээргүй байна. Үнэхээр бидний авсан цалин амьдралд хүрээд, хоолоо аваад хувцсаа өмсөөд яг сайхан таардаг бол гадаад явах шаардлага алга. Өнөөдөр онгоцны буудал ороод үзвэл хагацаж салсан гэр бүлүүдийн л дүр зураг байгаа. Хүүхдүүдээ эмээ өвөөд нь үлдээгээд гадагшаа явсан залуус л дүүрэн байна лээ. Эх орон минь уг нь ямар сайхан билээ дээ” гэсэн юм.
ҮСХ-ны 2022 оны 2-р улирлын тайланг харвал айлууд орлогоо хүнсэндээ тэр дундаа маханд мөн машины сэлбэг засвар, эм эмнэлгийн хэрэгсэл, хувцас хунарт өгөөд дуусдаг байна.
Тэр дундаа энэ жил хүнсний үнэ огцом өссөнөөс үүдэж, айлуудын хүнсэндээ зарлагадах мөнгө өсжээ. Өрхийн орлогын 40-өөс дээш хувийг хүнсэндээ зарцуулаад байвал ядуурал руу дөхөх дохио болдгийг мэргэжилтнүүд хэлдэг байна. Гэтэл хичээж хөдөлмөрлөж байгаа Б.Төгөлдөр орлогынхоо дийлэнхийг хүнс авахад, хүүхдүүд нь өвдвөл эм тарианд зарцуулдаг гэсэн юм.
Б.Төгөлдөр бүсгүй “Бичих маш гоё, би бичиж тайвшрал мэдэрдэг. Дэвтэр дээр бичээд байвал бичсэн бүр нь биелдэг. Би үүнийг ид шид гэж боддог. Би өөрөөрөө үүнийг баталсан хүн. Хүүхэд цагаасаа хойш бичсэн болгон минь биелсэн. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг бичээсэй, төлөвлөж сураасай гэсэндээ гоё зурагтай, хайр татсан төлөвлөгч дэвтрүүд гаргадаг. Миний сошиал хаягуудыг өсвөр насныхан голцуу дагадаг. Намайг нурвал тэдний урам хугарна гэж боддог. Тиймээс би хичээдэг, хэдий амьдрал хэцүү байгаа ч болно доо, бүтнэ дээ гэж итгэдэг” гэсэн юм.
Монголд амьдрах амаргүй байгаа ч итгэл найдвараа гээгээгүй залуу бүсгүй шиг хайран хүч, хайран оюун санаагаа, хайран залуусаа бид “алдаж” байна. Тэд жаргал хайж, мөнгө хөөж аргагүйн эрхэнд хүний нутгийг зорьсон. Нийтдээ 200 гаруй мянган монгол хүн гадаадад аж төрж байна.
Харин яг одоо эх орондоо амьдарч буй Монгол улсын нийт хүн амын гуравны нэг нь ядуу ба хүн амын 15 хувь нь ядуурал руу дөхөхөд ойртжээ. Өөрөөр хэлбэл халамж харж гараа хумхиж суудаггүй хөдөлмөрч дундаж давхарга хумигдах аюул хаалга тогшиж байна гэсэн үг.
Видеог дээрээс үзнэ үү.