Комиссын бараа буюу хуучин хувцас авч өмсөх нь байгальдаа ээлтэйгээс гадна, эдийн засгийн энэ хүнд нөхцөлд оновчтой хэмнэлт. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч үнийн өсөлтийн эсрэг хүмүүс хуучин хувцас эдлэл авах нь өссөн талаар мэдээлж байна.
Харин бид монголд нөхцөл байдал ямар байгааг мэдэхээр Нарантуул худалдааны төвийн хуучин хувцас худалдаалах цэгт очлоо. Худалдаачдын зүгээс хуучин хувцас өмсөх нь ичих зүйл биш гэдгийг хэлж, хүмүүсийн хандлага өөрчлөгдөн, худалдаа наймаа ихэссэн талаар ярьж байна.
ХУДАЛДААЧИД…
Бид Хятадаас маш муу, гар хийцийн хувцаснуудыг их үнэтэй худалдаж авдаг. Манай лангуун дээр ихэвчлэн Солонгос, Германаас бараа ирдэг. Аль аль нь маш чанартай. Хүмүүсийн хэрэглэж байсан хувцас л байгаа шүү дээ. Манай монголчууд жаахан мухар сүсэгтэй. Комиссын хувцаснуудыг хүний муу энергитэй гэж ярьдаг. Хаа сайгүй бүх орнууд комиссын барааг алалцаж авдаг шүү дээ. Үүнээс болоод үнэ нь асар их өссөн. Манайхаас бараа аваад сурчихсан олны танил хүмүүс ч бий. Энэ маш гоё сөдөн өмд. Би үүнийг 10 мянган төгрөгөөр л зарж байна. Лангуунаас шинээр авбал 60 мянган төгрөгөөс дээшээ байгаа гэж бодож байна.
Манай наймаа бол сайн шүү дээ. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй. Комиссын хувцсаар хүмүүс гангарна шүү дээ. Сайн авна. Эдэлгээтэй, будаг гарахгүй, чанартай, зарим нь угааж арчих тусам л өнгө ордог. Эндээс авсан хувцсыг багадаа 4-5 жил өмсөнө. Шинэ авсан хувцсыг тэгж өмсдөггүй шүү дээ. Сүүлийн үед гүйлгээ сайн байна. Би саяхан ирээд 150-160 мянган төгрөг хийчхээд л байж байна. Хуучин хувцасны талаарх залуусын бодол хандлага өөр болж. Намайг жаахан байхад ядуу хүмүүс л комисс өмсдөг мэт ойлголттой байсан. Одоо бараг ухаалаг, мэдрэмжтэй залуус нь комиссоор үйлчлүүлээд байх шиг анзаарагддаг. Шинэ хувцас авахыг буруутгаж байгаа зүйл биш шүү.
Би дан Герман гутал зардаг. Гүйлгээ маш сайн байдаг. Оргинал гутал байдаг учраас чийг татахгүй, бат бөх. Зарим нь хямд, илүү үнэтэй нь ч байгаа. Доод тал нь 20 мянган төгрөг. Дээд тал нь 120 мянган төгрөг дотор багтана. Яг шинээр нь авбал сая гаруй төгрөг байгаа шүү дээ. Сүүлийн үед худалдан хамаагүй дээр байгаа. эдийн засгийн байдалтай холбоотой болов уу гэж бодож байна гэлээ.