Олон Улсын Хүүхдийн Урлаг соёл загварын их наадам Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо аравдугаар сарын 25-30-ны хооронд болжээ. “ Little Miss&Mister Universe” нэртэй олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон П.Мөнхжаргал охины ээж А.Отгонтөгстэй ярилцлаа. Түүний хувьд охиныхоо загвар өмсөгч болох мөрөөдлийг нь дэмжиж 500 км замыг туулан амралтын өдөр бүр Улаанбаатарт ирж, бэлтгэлд нь явуулдаг байна.
Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу, намайг А.Отгонтөгс гэдэг. Архангай аймгийн Булган суманд нөхөр, дөрвөн хүүхдийн хамт мал маллаж амьдардаг.
Таныг хүүхдүүдээ их сайн дэмжиж, Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд дугуйланд явуулдаг гэж сонссон.
Би хоёр охин, хоёр хүүтэй. Охидоо хичээлээс нь гадуур өөрсдийнх нь сонирхлын дагуу дугуйлан, секцүүдэд явуулъя гэж хичээдэг.
Манай охидууд зурагтаар загвар өмсөгчид, загварын тэмцээнүүд маш сайн үздэг. “Ээж ээ, би загвар өмсмөөр байна. Би алхмаар байна” гээд л. Түүнийг нь сонсоод загварын дугуйланд явуулъя гэж шийдсэн. Гэтэл манай аймагт тийм дугуйлан байгаагүй. Тиймээс Улаанбаатар хот руу амдралтын өдрүүдэд ирж, бэлтгэлд явуулдаг болсон.
Охидууд нь хэр хугацаанд Улаанбаатар хотод загварын бэлтгэлд явж байгаа вэ. Танайх хотоос хэр хол байдаг вэ?
Манай гэр Улаанбаатар хотоос 600 орчим км зайтай. Хүүхдүүд аймгийн төвд сурдаг учраас бэлтгэлдээ явахын тулд 500 орчим км зам туулдаг.
Тав дахь өдөр хичээл нь тарахаар хот руу хөдөлдөг. Хоёр өдөр бэлтгэлд нь явуулаад, бүтэнсайн өдрийн орой буцаж яваад, нэг дэх өдрийн өглөө хичээлд нь явуулдаг. Ингэж явсаар нэг мэдэхэд жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Бэлтгэл нь амралтын өдрүүдэд болдог нь надад бас их боломж болсон.
Загварын дугуйланд яваад охидод нь ямар өөрчлөлт гарч байна вэ?
Охидод маань олон өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл, биеэ зөв авч явдаг, соёлтой болсон байна. Харилцаа, хандлага, гоо зүйн ойлголт нь нэмэгдэж, улам л хөөрхөн болж байгаад их баяртай байдаг. Олон зүйлс сурч, охид маань амжилттай байгааг харж урам авч, охидынхоо төлөө илүү олон зүйл хийх юм сан гэх бодол төрдөг.
Долоо хоног бүр ингэж зөөх хэр хүндрэлтэй байдаг вэ. Та өөрөө хот хооронд дагуулж явдаг уу?
Байнга ингэж нааш цааш явах нь мэдээж хүндрэлтэй. Гэхдээ хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эцэг, эх золиос гаргахаас өөр сонголтгүй. Хааяа “Больдог ч юм уу” гэж бодох үе гардаг. Гэхдээ охид маань үнэхээр сонирхолтой, дуртай “Ээж ээ, би явмаар байна. Хурдан амралтын өдөр болоосой” гэдэг учраас үргэлж дэмжиж, амралтын өдөр бүр явуулдаг. Хажуугаар нь хичээлээс нь хоцрогдуулахгүйн тулд бас их хичээж байна.
Хот хооронд зөөх тухайд бол ажил гайгүй үед өөрөө дагуулж явна. Боломжгүй үедээ хоёуланг нь унаанд явуулна. Заримдаа таньдаг хүн, хамаатан садандаа даатгаад явуулдаг. Хүүхдүүдээ дагаад хотод амьдаръя гэхээр энд мал хэцүүднэ. Тиймээс одоохондоо ингээд л зөөж байна.
Охидоо маш сайн дэмжиж, хичээсний үр дүн гарч охин нь тэмцээндээ амжилттай оролцлоо. Та сэтгэгдлээ хуваалцаач?
Охин маань “Охидын мисс” төвөөсөө шалгаран Дубайд болсон "little Miss & Mister Universe-2022" олон улсын тэмцээнд маш амжилттай оролцож, Super model шагнал хүртлээ. Охиноороо маш их бахархаж, баярлаж байна. Мөн охинд минь олон зүйлийг зааж, дэмждэг багш топ модель Г.Уранцэцэг болон "Охидын мисс" олон улсын байгууллагын захирал Э.Оюунтунгалаг нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад хандан юу хэлэх вэ?
Хөдөө малчны хүүхдүүд хотын хөгжлөөс хол, соёлоос хоцрогдсон байх албагүй. Цахим орчин хөгжсөн, хаанаас ч хэзээ ч мэдээлэл авах боломжтой болсон энэ үед боломж үргэлж хаа нэгтээ байдаг.
Хүүхдэдээ мэргэжил боловсрол эзэмшүүлэхэд хөдөөнөөс, хотоос, хаанаас ч хаа хүрч болдгийг өөрөө мэдэрлээ. Хүн нэг зүйлд тууштай байвал ард нь гардаг юм байна. Бусад эцэг эхчүүдэд ч бас боломж бий. Хүүхдүүддээ цаг гаргаж, боловсрол хүмүүжилд нь анхаарч байгаарай. Хүүхдийнхээ хүсэл, мөрөөдлийг нь сонсож, ярилцдаг, биелүүлэхийн тулд хичээдэг байгаарай гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.