“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт зөгийн аж ахуй эрхлэгч Ибүкуро Томоког урьж оролцууллаа. Тэрээр Монголд амьдраад 28 жил болж байгаа Япон бүсгүй юм. И.Томоко уран зохиол уншиж, зөгийн аж ахуй эрхэлж, цэцгэн дунд амьдрахыг мөрөөддөг тухайгаа манай нэвтрүүлэгт ярьсан юм.
Таныг уран зохиол их уншдаг гэж сонссон. Уран зохиолд дурлах болсон шалтгаан нь юу вэ? Энэ асуултаар яриагаа эхэлье.
Үсгээр ертөнцийг бүтээсэн зүйлийг уран зохиол гэнэ. Уран зохиол уншсанаар нэг л амьдралд амьдрахгүй. Тэнд өөр олон өчнөөн хүний амьдралаар амьдарна. Үүнийг бүр багадаа мэдэрсэн. Би уншиж байх үедээ цаг хугацааг мартдаг. Уран зохиол уншсанаар миний амьдрал улам зузаан болж байна. Гоо сайхныг биширч, сэтгэлийн өвдөлтийг илүү мэдэрдэг болсон.
Таны хамгийн дуртай, сэтгэлд тод үлдсэн зохиол юу вэ?
Хамгийн сайхан уран зураг гэж тодорхойлж чадахгүйтэй адил уран зохиолыг энэ хамгийн сайхан, надад таалагддаг гэж хэлэх хэцүү. Уншсан уран зохиолын хэсгүүдээс толгойд хальт хальт орж ирдэг. Миний хувьд Соосэки яалт ч үгүй толгойд буудаг. Зохиолч гэж ийм ур чадвар шаарддаг байх нь гэж гайхшруулдаг. Ганц үсгийг хэрхэн зөв хэрэглэх вэ. Түүгээр, зуун жилийг таван минуттай зэрэгцүүлж, уншигч нь энэ хугацааг нэг мэдрэмжээр өнгөрүүлсэн байдаг. Энэ бичилтийг Соосэки гаргадаг. Үнэхээр гайхамшигтай. Бас би өөрийнхөө дуу хоолойг бичлэгээр сонсохоор маш эвгүй байдаг. Яг түүн шиг би өөрийнхөө царайг харж чаддаггүй. Гэртээ толинд хардаггүй. Би уран зохиолд дуртай хүн. Өөрийгөө маш гоё тэнгэрийн амьтан шиг төсөөлөөд явж байхад, харахаар шал өөр байхаар дургүй хүрнэ.
Сүүлд ямар зохиол уншсан бэ?
Сүүлд Маркис уншсан. Япон уран зохиолоос бол Соосэкигийн уран зохиолыг байнга, дахин дахин уншдаг. Би шинэ зохиолч олохдоо тааруу. Тиймээс хүмүүсийн сэтгэгдлийг сайн уншдаг. Унших зохиолчдоо шалгуур тавьдаггүй. Гэхдээ ганц итгэдэг зүйл нь Нобелийн шагнал авсан зохиолчдод чанаргүй зохиол нэг ч байдаггүй.
Та өөрөө бичдэг үү?
Би арваад жилийн өмнө нэг бичиж үзсэн. Одоо далд хийсэн. Гаргаагүй байна.
Дахиж бичих үү?
Дахиж бичье гэж бодохгүй байна. Бичдэг хүмүүс шал өөр байдаг. Бичихгүй бол амьдарч чадахгүй хүмүүс бий. Би бол тийм биш.
Таны Монгол хэлээр бичих чадвар их сайн байдаг. Бичих чадвараа яаж хөгжүүлсэн бэ?
Би багаасаа уншихаас гадна бичих дуртай байсан. Сүүлд талийгаач Наранбаатар багш бичих, унших дуртай хүүхдүүдийг цуглуулаад зохиол яаж унших, бичих вэ гэсэн сургалт хийдэг байсан. Тэнд очиж их зүйл сурсан гэж боддог.
Бас твиттерт их бичдэг. Тэнд үсгийн хязгаарлалттай. Тиймээс аль болох илүү үг, давтсан утгатай зүйлийг оруулахгүйгээр богино, утга агуулсан бичих ёстой. Энд найруулж бичих чадвар сайжирсан гэж боддог.
Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Би архи уухгүй, шоудахгүй. Орой найзуудтайгаа гардаггүй. Хүмүүс “Чи орой юу хийдэг вэ, гэртээ яадаг вэ” гэж их асуудаг. Би зүгээр л сууж, янз бүрийн бодолд дарагдах дуртай. Уншсан уран зохиол бодогдоно. Сэтгэл маш завгүй, үргэлж ямар нэгэн зүйл бодож байдаг. Бас ном уншдаг. Бас би хоол хийх дуртай учраас хоол хийдэг.
Сүүлийн үед байнга youtube үзэж байна. Subscribe хийсэн 30 сувагтай. Түүнийгээ долоо хоногт бүгдийг нь ээлжлээд үздэг. Би гэрээ цэвэрлэдэггүй. Хувцас угаахгүй. Хийдэг юм нь youtube үзэх, хоол хийх, ном унших.
Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
Би багадаа их онц сурдаг байсан. Бусдад жаахан онгироо хүүхэд байсан. Одоо ч тийм. Чаддаггүй хүмүүсийн зовлонг ойлгохгүй, аав ээждээ их загинуулдаг байсан.
Аав ээжээс эмэгтэй дүүтэйгээ хоёулаа. Манайх дан охинтой айл учраас эмэгтэй хүүхэд ингэх ёстой, эрэгтэй хүүхэд тэгэх ёстой гэсэн тогтсон ойлголт байгаагүй. Нийгэмд гараад охидууд ингэх ёстой юм байна, тэгэх ёстой юм байна гэсэн ойлголт анх удаа том хүн болсны дараа ирсэн. Японд дунд сургуульд ортол нүүрээ будахыг хориглодог. Их сургуульд ороход охидууд жигтэйхэн гоё нүүрээ будаад, надад “Нүүрээ будах ёстой” гэсэн ойлголт толгойд орж ирэхгүй байсан. “Яагаад нүүрээ будах ёстой билээ” гэсэн шалтгаан ерөөсөө харагдахгүй байсан. Тэгэхээр бусад охидоос бага багаар ялгаатай болж эхэлсэн. Надад “Энэ охидууд яаж өөрийнхөө хүйсийг шууд хүлээж авч чадаж байна вэ” гэсэн бодол одоо хүртэл байдаг.
Та амьдралдаа ямар зарчим баримталж явдаг вэ?
Өөрийгөө золиосонд гаргахгүй байхыг. Амиа хичээх.
Япон, Монгол хүмүүсийн ялгаатай тал нь юу вэ?
Япончууд санамсаргүй зүйл үүсэхээс их айдаг хүмүүс. Маргааш өглөө ажилдаа яваад ирнэ. Жаахан цаг гарна. Түүнийгээ хоббидоо зарцуулна. Төлөвлөгөөтэй. Монголчууд бол адал явдалтай байхаас ч аргагүй, адал явдал хүлээхээс ч аргагүй амьдралтай.
Зан чанарын хувьд монголчууд “Болно, бүтнэ” гэдэг хүмүүс. Япончууд бол “Болохгүй бол яана аа, бүтэхгүй бол яана аа” гэж явдаг хүмүүс. Тийм том ялгаатай.
Яагаад анх зөгийний аж ахуй эрхлэх болсон бэ?
Яагаад зөгийн аж ахуй, зөгийн балны бизнес рүү орсон гэвэл зөгий надад маш сонирхолтой санагдсан. Хоёрдугаарт, зөгийн балны бизнесийн орон зай хангалттай байсан.
Би хүмүүс зөгийн бал ойлгохгүй байгаад гайхдаг. Зөгийн бал гэдэг нь цэвэр цэцгийн шүүсийг зөгийн хурааж байна гэдэг ийм үлгэр шиг. Судар дээр гардгаар цэцгийг тэнгэрийн амьтад, хүмүүс иддэг гэж гардаг. Цэцгийн шүүсийг ууж амьдардаг гэдэг. Тэгэхээр зөгийн бал бараг бурхны идээ адил.
Зөгийн аж ахуй эрхлэхэд хамгийн гоё зүйл нь юу байдаг вэ?
Бид нар зөгийтэй ярьж чаддаг. Жишээ нь зөгий хэдэн мянгаараа, бүлээрээ амьдардаг. Эд нар энэ байгаа байрандаа сэтгэл хангалуун байна уу. Сэтгэл хангалуун биш байна уу. Яамаар байна. Маргааш зугтаах гээд байна уу. Энд удаан амьдармаар байна уу. Эдний ээж нь бие нь тааруухан байна уу. Ээж нь жаахан тааруухан болохоороо хүүхдүүдээ алчихдаг. Зөгийн байгаа байдлаас харах төдийд л мэдээллийг нь авч байх ёстой. Зөгийтэй байнга ярилцаж байх ёстой. Зөгийг өнөөдөр үзээд, хоёр гурван хоногийн дараа үзэх шал өөр болчихдог. Яаралтай арга хэмжээ аваад, шууд гурав хоногийн дотор үр дүн гарах жишээтэй. Ийм сайхан ажил ховор. Ургамал, амьтантай харьцах ажил үнэхээр өвөрмөц. Сайхан даа.
Цаашдаа ямар зорилготой байна вэ?
Ажлын хувьд Хятадын үүд хаалгыг нээлгээд, тэнд гэрээ, хэлцэл байхгүй болохоор монголоос зөгийн бал оруулахгүй байна. Зөгийн балаа Хятад руу гаргадаг болгоод, жигдрээд ирэхээр би оффисын ажил хийхгүй гэж боддог.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Ярилцлагын видео хувилбарыг дээрээс үзнэ үү.