Хятад, Тайванийн улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа. Урд хөрш Тайванийн асуудалд онцгой эмзэг хандаж, тусгаар улс гэж ойлгогдох үзэл санаа, үйлдэл бүрийг нь нухчин дарж байгаа билээ. БНХАУ “Нэг Хятад” бодлогыг аль болох олон улсаар дэмжүүлэх, нөлөөгөө улам тэлэх хүсэлтэй байгаа. Айлчилсан улс бүрдээ “Нэг Хятад бодлогыг дэмжиж байгаад баярлалаа” гэж онцолж буй нь санамсаргүй үйлдэл биш. БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсад айлчлахдаа хүртэл “Нэг Хятад бодлогыг Монгол Улс тууштай дэмжинэ” гэсэн амлалт аваад буцсан.
Ийм цаг үед Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Тайванийн Худалдааны газрын төлөөлөгчтэй хоёр ч удаа уулзаж, хамтрах ажиллах талаар ярилцсан нь эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Энэ уулзалт Монгол, Хятадын гадаад харилцаа, манай улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж буй. БТСУХ-г бус Монгол Улсыг төлөөлж Тайванийн төлөөлөгчтэй уулзлаа л гэж БНХАУ харна. Энэ талаар БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханаас тодрууллаа.
-Та БТСУХ-г төлөөлөн, Тайванийн төлөөлөгчтэй уулзах зайлшгүй шаардлага байсан уу?
-Сүүлийн үед спортын харилцааг улс төрийн талаас харах, баг тамирчдыг шахан хавчих асуудал их гарч байна. Ийм зүйл байж болохгүй, зогсоох, болиулах шаардлагатай гэдэг дээр Сөүлд болсон ОУОХ-ны чуулганд оролцогчид санал нэгдсэн.
Бид спортын салбараа хөгжүүлэхийн тулд л Тайванийн төлөөлөгчтэй хоёр удаа уулзсан, харилцаа тогтоосон. Түүнээс биш ямар нэгэн улс төрийн зорилго, агуулга байхгүй. Тэгэх ч боломжгүй.
-БНХАУ Тайванийн асуудалд эмзэг байгаа. Д.Жаргалсайхан, БТСУХ бус Монгол Улс Тайванийн төлөөлөгчтэй уулзлаа гэж л харагдана. Ийм эгзэгтэй цаг үед энэ уулзалт улс орны эрх ашиг, гадаад харилцаанаас чухал гэж үү?
-Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санамж, зөвлөмжинд тодорхой заасан байдаг. Энийг анхаараад, Гадаад харилцааны яамныхаа чиглэлийг удирдлага болгоод цаашид ажиллана.
-Тэгэхээр Гадаад харилцааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Тайванийн төлөөлөгчтэй уулзсан гэсэн үг үү?
-Үгүй ээ, тийм биш. Улаанбаатарт суугаа Тайванийн төлөөлөгчийн газар, Тайваньд суугаа Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар хоорондоо биеийн тамир, спорын салбарт хамтран ажиллах санам бичиг байгуулъя гэсэн санал манайд гаргасан. Тайванийн талаас гаргасан санал гэсэн үг.
Эхний уулзалтын дараа санамж бичгээ Гадаад харилцааны яам руу явуулаад, энэ асуудал дээр чиглэл өгөөч гэж хүссэн. Гэтэл хариу нь тухайн үед ирээгүй. Тайванийн төлөөлөгчтэй хоёр дахиа уулзсаны дараа ГХЯ-наас бидэнд чиглэл ирүүлсэн. Хариу нь удаж ирсэн учраас Тайванийн төлөөлөгчтэй уулзсан.
-ГХЯ-ны чиглэлийг хүлээлгүй, дур мэдэн хоёр ч удаа уулзсан тань хариуцлагагүй үйлдэл. Та хариуцлага хүлээх үү?
-Гадаад харилцааны яамнаас чиглэл ирүүлсний дараа уулзсан бол буруутай үйлдэл болох байх. Бидэнд удирдамж, чиглэл удаж ирсэн учраас л уулзсан.
-Энэ асуудлаар Засгийн газраас, БНХАУ-ын Элчин сайдын яамнаас танд ямар нэгэн сануулга өгсөн үү?
-Засгийн газар, Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Элчин сайдын яамнаас энэ уулзалттай холбоотой ямар нэгэн хариу бичиг, тайлбар надад ирээгүй. Энэ талаар тайлбарлах бололцоо алга.