ЦХХХ-ны сайд Н.Учрал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн Мягмар /2022.10.25/ гарагт хамтарч ажиллах талаар санал солилцсон. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2022.10.27/ төр, хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллагын удирдлагууд, холбогдох албаны төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, сайд нар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Газар, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалтыг сайжруулах зорилгоор хийсэн уулзалт, хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хөндлөө. Үүнд:
- Манай улсын хаягжуулалтын ажил нэгдсэн зохион байгуулалтгүй
- Холбогдох байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг
- Хаяг олгох субъект тодорхойгүйгээс үүдэн аймаг, суманд газрын даамал, сум, багийн Засаг дарга, нийслэл, дүүрэгт Газрын алба, Хот байгуулалтын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хаяг олгож ирснээр давхардал үүссэн
- Түр хаяг олгох, нэр, дугааргүй задгай гудамжууд олширсон
- Хаягжуулалтын ойлгомжгүй, эмх цэгцгүй байдал нь төрийн болон хэвшлийнхэнд хүндрэл үүсгэдэг
- Олон хууль, дүрэм, журам боловсруулсан ч бодит байдал дээр хэрэгждэггүй
- Хаягжилтын мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлээгүй
- Иргэд пост код, зип кодын тухай мэдээлэл, ойлголгүй байгааг төр, хувийн хэвшлийнхэн хэлж байна.
Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажлын төлөвлөгөөг гаргаж, Засгийн газарт танилцуулга хийхээр тогтлоо.
ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар Цахим Үндэстэн болох зорилт дэвшүүлсэн хэдий ч иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 70% нь төрийн хүнд суртал, байгууллага хоорондын уялдаа, холбоо хангалтгүй байгаа талаар байна. Хаягжилттай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан ч хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хаяг бүр өөр, иргэд алийг нь хэрэглэхээ мэддэггүй. Өнөөдөр тодорхой шийдэлд хүрч, салангид явж ирсэн кодуудыг нэгтгэж, кодын нэгдсэн нэг ойлголтод хүрэх, мэдээллийн нэгдсэн нэг сантай болж “open data” болгох, шаардлагатай бол зип кодыг бүртгэлийн байгуулагад нь өгнө. иргэд маш энгийн зүйл хүсэж байгаа. Амьдралын шаардлага байхгүй болохоор иргэд пост код, зип кодоо хэрэглэж мэдэхгүй байна. Нэг системд орж иргэдэд хандах кодоо нэг болгох талаар онцолсон юм.