Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан харвалтын тухай сүүлийн үеийн мэдээллийг мэргэжлийн хүмүүс мэдээлж байна.
Монголын харвалтын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан
Халдварт бус өвчний өвчлөл, нас баралтаараа тархины харвалт дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн харвалтын байгууллагын мэдээлснээр жилдээ 12.2 сая хүн шинээр энэ өвчнөөр өвчилж байна гэсэн тоон мэдээ байна. Энэ өвчнөөр өвчилсөн байдлыг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд 43 хувийг, эмэгтэйчүүд 57 хувийг эзэлж байна. Харвалтын өвчлөл нас баралтаар манай улс дэлхийд хоёр, гуравдугаар байранд явж байна.
Тархины харвалт нь цаг хугацаагаар хэмжигддэг. “Харвасан тохиолдолд нэг ч хором алдаж болохгүй” гэсэн уриатайгаар энэ жилийн тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг зохион байгуулж байна. Нийт харвалтын 90 хувь нь арван эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалж байна. Тэдгээрийн хамгийн өндөр үзүүлэлт нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол гэх мэт амьдралын хэв маягаас хамаардаг.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан
Бидний амьдралын буруу хэв маяг, нийслэлийн амьдрал, хотжилттой холбоотойгоор энэ өвчлөл маш ихээр нэмэгдэж байна. Энэ өдөр нийслэлчүүдийн баярын өдөр хэдий ч нөгөө талаасаа эрүүл байж баярлах хэрэгтэй .
Дэлхийн харвалтын байгууллага 2006 онд энэ өдрийг бий болгосон. Яагаад гэхээр харвалтын нас баралтын тоо болон харвалтын дараах хүндрэлийг багасгая гэдэг уриатайгаар гарч ирсэн. Нас баралт, хөгжлийн бэрхшээлийг бий болгох хавсарсан шалтгаанаар дэлхийд энэ өвчин нь гуравдугаарт орж байна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга П. Алтанцэцэг
Тархины харвалтын талаар 20-р зууны зууны хоёр дугаар хагас, 21 –р зуунд халдварт бус өвчний хувьд “чимээгүй тахал” гэж нэрлэдэг. Харвалтад өртсөн хүнийхээ амьдралын чанар болон хөдөлмөрийн чадварыг гэмтээдэг нас баралт өндөр анхаарал татууштай өвчний нэг.
Харвалтаас урьдчилан сэргийлж болох хүчин зүйл, сэргийлж болохгүй хүчин зүйлс мөн байдаг. Сэргийлж болох хүчин зүйлээс хамгийн түрүүнд артерийн даралтыг Монгол улс даяараа системтэй хяналттай болгох шаардлагатай байна. Чихрийн шижин өвчний эрт илрүүлэг хийгдэж хяналттай байх нь хэрэгтэй. Харвалтаас нийт иргэд сэргийлэхийн тулд нас насны ангиллаараа эрт илрүүлэгт хамрагдаж чанартай үзлэг хийлгэж өөртөө ямар эрсдэл байгааг харах хэрэгтэй.