Спортын төв ордны чанх урд залуучуудтай шатар нүүж, тоглодог Б.Цогнийсүрэнтэй бид ярилцлаа. Түүний хувьд залуусын оюуныг сорих, мөн шатрын спортод дурлуулах зорилготойгоор энд чөлөөт цагаараа ирж суудаг юм байна. Түүнтэй бид шатрын спортын ач холбогдлын талаар ярилцсан юм. Б.Цогнийсүрэн нь Төв аймгийн Бүрэн сумын хүн. Математикийн багш хийж байгаад тэтгэвэртээ гарчээ.
Тэрбээр “Ах нь шатрын бодлогын хүн. Арван жилд байхаасаа буюу 1970 оноос хойш тоглолоо. Шатрын бодлого цуглуулж, яаж ийгээд л зав гарган бодлогоо бодоод суучихдаг хүүхэд байсан юм. Дээр үед том гэгч зургийн дэвтэр байдаг байлаа. Түүн дээр шатрын бодлогоо бодоод өдөр шөнөгүй үзэж тарна шүү дээ. Сонин дээр гарсан бодлогыг бодож хариуг нь гаргасны дараа нэг их ажил хийсэн аятай жаргалтай амьтан л явдаг байлаа.
Шатрын спорт хачин гоё шүү дээ. Ер нь шатар, математик хоёр хүнийг маш сайн хөгжүүлнэ. Нүүдэл бүхний цаана асар олон хувилбар бий. Би таван нүүдлийн цаадахыг л бодно. Ер нь тоглодог хүн сууж сурна, бодож сурна. Бодно гэдэг бас тийм ч амар зүйл биш шүү дээ. Дээр үед шатрыг цусгүй байлдаан гэдэг байлаа. Байлдааны тактик боловсруулна л гэсэн үг дээ.
Энд суухаар өдөрт 3-4 хүнтэй нэг, хоёр удаа тоглоно. Нэг тоглохдоо 30-40 минут болдог. Өнөөдөр ах нь нэг хожилтой сууж байна. Амар хожигдохгүй шүү дээ надад. Тоглох хүн зөндөө байна. Хожигдож байгаа хүүхэд ч байна. Сайн тоголж байгаа хүүхэд ч байна. Залуус маань архи ууж, тэнэж байхаар шатар тоглож сураарай гэж хэлмээр байна. Тэгээд ахтайгаа ирж нэг оюунаа сориорой" гэлээ.