УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Тэгвэл хамгийн сүүлд түүний хэргийг хүчингүй болгосон тогтоолыг прокуророос гаргажээ. Учир нь, хохирогч эмэгтэй мэдүүлгээсээ буцаж, үүнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээсэн байна. Түүнийг худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж, нийт зургаан сая төгрөгөөр торгожээ. Үүнтэй холбогдуулан түүнийг яагаад мэдүүлгээсээ буцах болов гэх хардлага бий болж байна. Ц.Анандбазар гишүүн мөнгө амлаж, мэдүүлгээс нь буцаав уу, дарамт шахалтад оруулав уу гэх олон таамаг хөвөрч байгаа юм. Түүнийг хохирогчийн амыг мөнгөөр тагласан байж болзошгүй гэх олон шалтгаан, хардлага бий.
1. Ц.Анандбазарын бэлгийн дарамт, хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэй сүүлийн нэг жилийн дотор үл хөдлөх хөрөнгө, автомашинтай болсон тухай Цахиур.мн сайт мэдээлжээ. Хохирогч эмэгтэй нэг л өдөр “Би буруугүй ээ. Худал мэдүүлэг өгсөн минь үнэн. Хуулийн дагуу хариуцлагаа үүрье” гээд гараад ирсэн нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хүсэл зоригийн дагуу ял үүрсэн үү, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Ц.Анандбазар нөлөөлөв үү гэж ч хардах үндэстэй.
2. Ц.Анандбазар гишүүн өчигдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Тэр ярилцлагадаа “Намайг шатахууны асуудлаас болж гүтгэсэн. Монголд хуурамч шатахуун оруулж ирдэг асуудлыг би, манай компани зогсоосон учраас миний нэр төрд зориудаар халдсан” гэж тайлбарлав. Өөртөө итгэлтэй, бардам байсан нь ихэд анхаарал татна. Бизнесийн бүлэглэлүүд намайг хорлохоор улайрсан гэж өөрийгөө өмөөрөх шалтгаа ч олсон нь бас хардлага дагуулам.
3. Өрөг.мн сайт “Эрдэнэтийн үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэж байв. Тухайн үед "Сод монгол" групптэй холбогдох санхүүгийн баримтуудыг ил болгосон. Гэтэл Ц.Анандбазарын эзэмшлийн "Сод Монгол" групп Өрөг.мн сайт, сэтгүүлч У.Болортуяагаас 1 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан. Тэд анхандаа манай талд “Тохиролцъё” хэмээн удаа дараа санал тавьж, асуудлаа нуун дарагдуулахыг санаархсан байдаг. Бид бусдыг гүтгээгүй гэдгээ тайлбарлаж, асуудлаа хууль шүүхийн байгууллагаар шийдүүл, редакцийн хараат бус байдалд бүү халд хэмээнд “Сод Монгол”-ынхонд анхааруулсан. Одоо ч энэ хэрэг шүүхийн шатандаа явж байна. Эндээс харахад, Ц.Анандбазар гэдэг хүн ямар ч асуудлыг мөнгөөр шийдэх гэж улайрдаг төдийгүй, хүчингийн хэрэг дээрээ ч хохирогчдод мөнгө амласан байх магадлалтай гэж бид хардаж байна.
4. Ц.Анандбазар өнгөрсөн хугацаанд хэргийнхээ талаар хэвлэлд ам нээдэггүй. Илтэд бултаж зугтдаг байлаа. Гэтэл түүний бэлгийн дарамтад өртсөн гэх эмэгтэйчүүд шил шилээ даран гарч ирсээр байсан юм. Сүүлдээ Анандбазарын хохирогчдын цар хүрээ улам өргөжиж, цахим орчинд “Мe too” нэртэй хөдөлгөөн хүртэл өрнөж байлаа. Өөрөөр хэлбэл, хохирогч нэгээр тогтохгүй, хэдэн зуугаараа гарч ирж байсныг энд дурдах хэрэгтэй. Цахим орчинд дуу хоолойгоо хүчтэй хүргэж байсан тэдгээр эмэгтэйчүүд өнөөдөр бас л дарамтад өртөж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан ч хохирогч мэдүүлгээсээ буцсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголоо. Тэр хуулийн хариуцлага хүлээхээргүй боллоо. Гэхдээ түүнийг бусдыг сүрдүүлэх замаар хэргээ хаалгав уу, тохиролцов уу гэх хардлага үлдэж байна. Мэдүүлгээсээ буцсан эмэгтэй ямар замаар хөрөнгөжив, яагаад мэдүүлгээсээ буцах болов гээд олон асуудлын сэжүүрийг олох үлдэж байна. Бид энэ талаар хуульчдаас тодруулж, цувралаар мэдээлэх болно. Хамгийн гол нь, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн нь өөрөө хуулийн байгууллагадаа нөлөөлөв үү гэдэг хардлага байгааг энд онцолъё.
Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяагийн бэлтгэсэн, Ц.Анандбазарын эзэмшлийн "Сод Монгол" групп-д холбогдох нэвтрүүлэг, нийтлэлийг дараах холбоосоор энд дарж үзэж, уншина уу.
Энэ талаар Цахиур.мн сайтын редакцын бэлтгэсэн “Хохирогчоо өмгөөлөгч болгосон Ноён-51” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэснийг үзэх бол ЭНД дарна уу.