Нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь яагаад чухал талаар хүүхдийн эмч Т.Гантуяатай ярилцлаа.
Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал байдаг. Эхийн сүү бол хүүхдэд юугаар ч орлуулшгүй зүйл юм. Учир нь хүүхдийг нэг нас хүртэлх хугацаанд биеийн жин нь гурав дахин, биеийн өндөр нь хоёр дахин өсдөг. Мөн энэ хугацаанд хүүхдийн тархины хөгжлийн 70 хувь нь хэлбэрждэг гэж үздэг. Энэ их эрчимтэй өсөлт, хөгжлийг хангадаг хамгийн гол бүтээгдэхүүн нь эхийн сүү юм. Тиймээс хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг ДЭМБ-аас зөвлөдөг.
Хүүхэд зургаан сар хүрснээс хойш эрчимтэй өсөлт, хөгжилтөөс гадна хүүхдийн бие бялдрын хэрэгцээ, шаардлагаар бор хоолонд оруулах шаардлагатай болдог. Ингэхдээ хоёр нас хүртэл эхийн сүүгээр хооллолтыг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй.
ЭХИЙН СҮҮ ХҮҮХДЭД ШААРДЛАГАТАЙ БҮХ ШИМ ТЭЖЭЭЛИЙГ АГУУЛДАГ
Эхийн сүү яагаад юугаар ч орлуулшгүй вэ гэвэл хүүхдийн хоол, цай, ундаа зэрэг ямар ч хоолонд байдаг хэрэгцээтэй бүх хэлбэрийн шим тэжээлийг агуулдаг байна. Мөн эрчимтэй өсөлт, торнилтын хугацаанд нь зайлшгүй шаардлагатай шимт бодисуудыг агуулсан байдаг. Тухайлбал, өөх тос, уураг, нүүрс ус, бусад минерал бодис, эрдэс бодис зэрэг бүх хэрэгцээт амин дэмийг агуулдаг.
Юугаар ч орлуулшгүй бас нэг гол зүйл нь эхийн сүү хүүхдийн дархлааг дэмждэг. Эхээс төрөх үед ч, эхийн хэвлийд байх үед ч ээж нь хүүхдэдээ дархлааны бүтээгдэхүүнээ өгч байдаг байна.