Улсын их хурлын нэр бүхий гишүүд төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын их хурлаар хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барилаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулахтай холбоотой харилцааг зохицуулахаар хуулийн төсөл боловсруулсан юм.
Улсын хэмжээнд сумын ЗДТГ-т ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн цалин 615 мянган төгрөг байна. Эдгээр ажилчдын цалин бага учраас тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл нь бүрдэхгүй байгаа юм.
Мөн цалин хөлс бага, нийгмийн баталгаа нь хангалтгүй байгаа учраас орон нутгийн ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын шилжилт хөдөлгөөн өндөр байна.
Төрийн албаны зөвлөлөөс авсан судалгаагаар сумдын ЗДТГ-т ажиллаж байсан 1300 гаруй төрийн албан хаагч өөрсдийн хүсэлтээр өөр ажилд шилжсэн, ажлаас чөлөөлөгдсөн гэсэн хөдөлгөөн байгаа юм.
Одоогийн байдлаар сумдын ЗДТГ-т 1089 сул орон тоо байна. Энд төрийн албаны салбар зөвлөлүүдээр ажлын байрны захиалга зохион байгуулсан ч цалин хөлс бага, нийгмийн хамгаалал сайнгүй учраас мэргэжилтэй залуус бүрдэхгүй, сул орон тоо хангагдахгүй байх зэрэг асуудал гарч байна. Тиймээс төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, сумдын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай нь тэнцэхүйц хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог байх хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын даргад өргөн барилаа.
Энэ хууль батлагдсанаар орон нутгийн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа нь дээшилнэ. Ингэснээр тэд тогтвор суурьшилтай ажиллаж, төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломж нөхцөл нь бүрдэх юм” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.