“Бизнес өрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор “Грийн Гэйт Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Уранжаргал оролцлоо. Түүний ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
• Хүүхдээ төрүүлсний дараа өөрийгөө өөрөөр сорьж үзэхээр шийдсэн. Байгууллагын соёлд нь татагдсан учраас “Монос” группэд анх төслийн менежерээр ажилд орсон. Ийнхүү зургаан сарын дараа борлуулалт маркетингийн захирлаар дэвшсэн.
• Санаачилсан ажил бүрдээ өөрийн хүүхэд шиг хандаж, хичээнгүйлэн ажилладаг. Мэдэж сурсан бүхнээ ажилдаа шингээхийг, яавал ажилтан амжилттай, сэтгэл хангалуун байх тэр болгоныг бодолцон ажиллахыг эрмэлздэг.
• Хамгийн анх “Монос”-ын эмийн сангуудаар бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй байсан учраас хамгийн чухал шалгуур үзүүлэлт нь “чанар” байсан.
• Бид худалдааны байгууллага хэдий ч урт хугацаандаа юуг зорьдог вэ гэхээр бидний хийж байгаа бизнесээр дамжуулан Монголын ард иргэд эрүүл амьдралын хэв маягийг ойлгоосой гэж хүсдэг.
• Анхандаа том брэндүүд биднийг тоодоггүй байлаа. “Энэ жилдээ манай зах зээл ханачихсан байна”, “Монгол гэж ямар улс байдгийг мэдэхгүй ээ, уучлаарай” гэх мэт хариу өгдөг байсан.
• Анх “Munckin”-ийг оруулж ирэхийн тулд тухайн байгууллага руу маш их и-мэйл бичдэг байлаа. Хариу ирэхгүй болохоор нь утсаар залгана. АНУ цагийн зөрүүтэй болохоор дан шөнө утсаар ярьдаг байв.
• Маркетинг хийхдээ энэ бүтээгдэхүүн их сайн гэхээс илүү яагаад сайн, ямар үнэ цэнийг хэрэглэгчдэд өгөх гээд байгаа вэ гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Мөн бүтээгдэхүүнээр дамжуулан нийгмийн асуудлыг шийдэхийг зорьдог.
• Хөхүүл ээжүүдийн өрөөг бий болгосон нь бидний нийгмийн хариуцлага. Нөгөө талаас брэндийн үнэ цэнээ таниулж байгаа хэлбэр юм.
• Гүйцэтгэх захирлын алба бол хүнээ бодох. Бүх санаачилга доороосоо гардаг тэр системийг бүрдүүлэхийн тулд ажиллах юм. Мөн би хүмүүстээ маш их итгэдэг. Итгэл байвал миний ч цаг хэмнэгддэг, ажилчдын бүтээмж ч мөн нэмэгддэг.
• Өмнө нь Европт органик бүтээгдэхүүнээр өрсөлддөг байсан бол одоо тэр нь давуу тал биш болсон. Стандарт нь өөрөө органик болсон. Дараагийн ээлжинд сав баглаа боодол нь байгальд шингэх үү, бүх хүнд тэгш хүртээмжтэй тайлбартай юу зэргээр ялгардаг болсон.
• Манай баг Франц руу явах үеэрээ дан ганц компаниа таниулах бус улсаа мөн танилцуулсан. Түүгээр зогсохгүй “Шилдгийн шилдгээр” шалгарсан. Энэ бол манай хамт олны багийн ур чадвартай байдлыг илтгэж байгаа юм.
• Туршиж үзээд болохгүй бол дахин шинийг туршиж үзэх нь миний ажлын арга барил. Олон улсын зах зээл дээр юу болж байна, түүнтэй хөл нийлүүлэн ажиллах амбицтайгаар ажилчдаа ажиллуулахыг эрмэлздэг.
• Манай улсад хорт хавдар өндөр. Энэ нь бид хүүхдээ 0-3 настай байхад нь юу өгсөн бэ гэдгээс хамаардаг. Энэ насны хооллолт бол хавдрын суурь шалтгаан.
• Импортоос бид маш олон арга барилыг суралцах боломжтой. Суралцаж байж дараагийн түвшний хөгжилд очдог.
• Захирлынхаа хий гэснийг л хийгээд байвал яг ижил түвшний менежерүүд бий болно. Хий гэж хэлснээс давуулж биелүүлж байгаа хүмүүс онцгойрч харагддаг. Түүнээс дараагийн боломжууд нээгддэг.