Улстөрчид төрсөн нутаг, өөрийн тойрог хэмээн явцуу сэтгэдэг, ялгаварладаг, хүний өөрийн гэж тэгш бус харьцдаг гажуудал энэ жил ч дахин давтагдав. Жил бүр алдагдалтай төсөв баталдаг, түүнийгээ хэн их эрх мэдэлтэй нь өөрийн тойрог руугаа “хуу хамж чирдэг” болоод удлаа. Үүний нэгэн жишээ нь Хэнтий аймгийн төсөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутагт 9 аймгийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг нэг дорж батлахаар төсвийн тухай хуульд оруулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тодруулбал, ирэх онд Хэнтий аймагт 271 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 271 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл Сэлэнгэ аймагт 33 төсөлд 34 тэрбум төгрөг, Завхан аймагт 40 төсөлд 24 тэрбум, Булган аймагт 30 төсөлд 40 тэрбум төгрөг гэх мэтээр улсын төсвөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хуваарилжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрийнхөө тойрогт эрс өндөр төсөвт баталж авахаар улайрч сууж байгаа нь ёс зүйгүй, увайгүй үйлдэл төдийгүй, тэгш байх зарчмыг алдагдуулсан байж боломгүй үйлдэл хэмээн олон нийт шүүүмжилж байна. “Хэнтий улс” дангаараа Монгол улсын 10 аймагтай тэнцэхүйц хэмжээний төсвийг батлуулаад авчихлаа” хэмээн олон нийт ундуйцаж, эсэргүүцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тойрогт хэт их төсөв баталсны шалтгааныг УИХ дахь МАН-ын бүлгээс тайлбарлахдаа “Өмнө нь бүтээн байгуулалтын төсвийг нь өндөр баталсан байсан. Өмнө нь эхэлсэн төслүүдээ дуусгахаар төлөвлөж байгаа тул ийм зөрүү гарсан” хэмээн тайлбарласан. Гэвч тэдний тайлбар байгаа оносонгүй. Эхэлсэн өмнө нь эхэлсэн төсөлдөө, бүтээн байгуулалтын ажилдаа санхүүжилт авч чадаагүй аймаг сумд олон байгааг энд дурдах нь зүйтэй.
Засгийн газраас тус аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс болгон тодорхойлж, томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх шийдвэрийг өмнөх жилүүдэд гаргасан байдаг. Харамсалтай нь, тухайн бүтээн байгуулалт нь эхнээсээ бүтэлгүйтсэнийг хэн хэнгүй мэднэ. “Андлалын өргөө” цогцолборыг хэт өндөр өртгөөр барьж эхлээд байсан ч төд удалгүй нураачихсан. Ингээд улсын төсвийн хоёр тэрбум төгрөг салхинд хийссэн байдаг. Түүнчлэн, хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрээс 500 сая төсөв гаргаж, Ерөнхий сайдын төрсөн нутаг, Бэрх босгоны далд уурхайн музейнд бурхан бүтээхээр тендер зарлаад байсан. Олон нийт хүчтэй шүүмжилсний хүчинд тендерийг нь цуцалж байсан нь саяхан. Энэ мэтээр хэмнэлтийн бодлогынхоо ч эсрэг ажиллаж, өөрийн нутаг, миний нутаг, миний тойрог гэх хэт жижигхэн үзэлтэй Л.Оюун-Эрдэнэ юм бүхнийг л Хэнтий рүү татаж, Улсын Ерөнхий сайд гэдгээ мартаад удаж байна.
Өнөөдөр манай улсын гадаад өр 33 тэрбум америк долларт хүрч, үүн дотор Засгийн газрын өр ч өсөн нэмэгдсээр байна. Улсын эдийн засгаасаа хоёр дахин их өртэй улс боллоо. Ийм үед Засгийн газар хэмнэлт хийхдээ, ухаалаг хуваарилалт хийх чухал. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийг бүхэл бүтэн улс хэмээн андуурч, ёс зүйгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл гаргасаар байна. Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн Хэнтий улс байгуулах мөрөөдөл улсаа хорлосоор байна. Дахин сануулахад, Ерөнхий сайд гэдэг сонгогдсон тойргоо л "усалж суух" биш, улс орныхоо эрх ашгийг том зургаар харж чаддаг, тэгш зарчим баримталж мэддэг, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ сахиж чаддаг, шүүмжлэл хүлээж авдаг нэгэн байх учиртайг энд онцолъё.