2023 оны төсвийн төсөлд, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, их засварт 118 тэрбум төгрөг төсөвлөхөөр тооцжээ.
Монгол Улсын төвлөрсөн эрчим хүч, дулааны хангамжийн систем нь хурдацтай өсөж буй эрэлтийг хангаж чадахгүй түвшинд байна. Монгол Улс 2021 онд нийт 9.7 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэсэн. Нийт 8.9 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч түгээсний 88 хувийг дотоодоос, 12 хувийг импортоор хангаж буй юм.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар, цаашид 5-6 хувиар өсөхөөр байгаа нь дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн ачааллыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний импортыг өсгөхөөр байна.
Харин 2021 оны байдлаар 15.0 сая Гкал дулаан үйлдвэрлэж, хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангасан хэдий ч оргил ачааллын үед суурилагдсан хүчин чадлаасаа 6 хувиар давж байгаа нь нийлүүлэлт тасалдах томоохон эрсдэл юм.
2022 оны эхний 8 сарын байдлаар цахилгаан үйлдвэрлэл 4.3 хувиар, дулаан үйлдвэрлэл 5.6 хувиар тус тус өсөөд байна. 2022-2023 оны өвөлжилтийн төсөөллөөс харахад дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2,537 Гкал/цаг байгаа ч системд холбогдсон хэрэглэгчдийн тооцоот ачаалал 2,992 Гкал/цаг, техникийн нөхцөлөө авсан 691 Гкал/цагийн хэрэглээ хүлээгдэж буй.
Эрчим хүчний хангамжийн сүлжээ, тоног төхөөрөмжийн дийлэнх нь хуучирч, элэгдсэн байна. ДЦС-уудын (Амгалан дулааны станцаас бусад) цахилгаан дамжуулах шугамын дийлэнх хэсэг, дулааны шугам сүлжээний дамжуулах хоолойн 30 хувь, дэд станцын 30 хувь нь тус бүр 30-аас дээш жилийн насжилттай, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжтэй байна. Сүүлийн 10 жилийн дулаан, эрчим хүчний шугамын алдагдал 3-4 хувь, цахилгаан эрчим хүчнийх 13-15 хувьтай байгаа юм.
Хэрэглээтэй уялдаагүй үнэ, тарифын системээс шалтгаалан хэрэглэгчид хэрэглээгээ хэмнэх, зөвөөр удирдах сонирхолгүй байна. Манай улсад 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ дунджаар 6.2-6.3 ам.цент байгаа нь өдөр, шөнийн хэрэглээнээс хамааран өөрийн өртгөөс 31-63 хувиар доогуур үнэ хэдий ч эрчим хүч, дулааны төлбөрийг нормд суурилсан байдлаар тооцдог, хэрэглэгч өөрийн дулааны хэрэглээг тохируулах боломжгүй байна. Өрхийн хэрэглээний 22-25 хувийг ус, цахилгаан, дулааны төлбөр эзэлж байна.