Бид эрх зүйн хүрээнд хохирогчид учирсан гэмтэл бэртэл, зэрэг нүдэнд харагдах зүйлсийг үнэлж тогтоох, хохирлыг барагдуулах боломжтой байдаг. Тэгвэл сэтгэл санааы хохирлыг барагдуулах хуулийн орчин бүрэлдсэн эсэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй талаар ХЭҮК–ын гишүүн Д.Сүнжидээс тодрууллаа.
–Манай эрх зүйн оринд хохирогчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах зохицуулалт байдаг уу?
–Яг хууль тогтоомжийг харахаар гэм хорыг нэхэмжлэх эрх зүй гэж бий. Онолын хувьд шүү дээ. Хэрвээ эрүүгийн гэмт хэргийн улмаас хүнд хохирол учрах юм бол хохирлыг тооцчихож байгаа юм. Амь нас, эрүүл мэнд, эд зүйлсийн хохиролыг тооцож болно гэсэн үг. Хэдэн төгрөгийн эд материал хулгайд алдсан бэ гэх зэргээр үнэлж болж байгаа юм. Гэм хорын дам үр дагавар гэж бий. Үүнд сэтгэл санааны асуудал гарч ирнэ. Эрүүгийн гэмт хэрэг дээрхор уршиг гэдэг зүйл яригддаг. Иргэний хэрэг дээр ч мөн гэм хорын нэхэмжлэл гэж бий. Бидэнд ямар асуудал тулгамдаж байна гэхээр, үндсэн хуулийн 19.1–т зааснаар хүний эрх, эрх чөлөө, баталгаажуулсан эрх чөлөө хохирох юм бол тэр хохирлыг нөхөн сэргээдэг тогтолцоо байхгүй байна. Энэ нь анхных нь байдалд оруулж чадахгүй бол мөнгөөр илэрхийлээд нөхөн төлүүлдэг тогтолцоо гэсэн үг. Үүнийг хангахад асуудалтай байгаа.
Тиймээс нэгдүгээрт хууль тогтоомжоо сайжруулах хэрэгтэй байна. Жишээ нь авто осол гарах үедбид машинаа үнэлүүлж хохирлын хэмжээгээ тогтоодог. Гэтэл санааны хохирлыг үнэлдэг тогтолцоо байхгүй. Одоо байгаа практик дээр гэм хорын нэхэмжлэл гаргалаа гэж бодоход ямар хохирол гарснаа нотлох баримтаар цуглуулж, шүүхийн өмнө танилцуулаад, зардлаа нөхөн төлүүлнэ гэдэг зарчим бий. Энэ нь хохирлын нөхөн сэргээх тогтолцоонд үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байгаа.
–Сэтгэл санааны хохирлыг яаж үнэлдэг юм бэ? Та бидэнд бусад орны жишээг ярьж өгөөч?
–Энэ бол шинэ ойлголт биш. Хүн хохироход зөвхөн эрүүл мэнд, эд зүйл яригдахгүй. Сэтгэл санаанд өөрчлөлт орж, муу үр дагаварууд үүсдэг. Үүнийг хүлээн зөвшөөрчихсөн. Сэтгэл санааны хохирлыг үнэлэх хэд хэдэн аргачлал бий. Зарим газарт сэтгэл санааны суурь үнэлэмж тогтоочихсон байдаг. Бие махбодийн гэмтлийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гээд тогтоодог бол сэтгэл санааны хохирлыг үүн шиг үнэлж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хохирогчийн сэтгэл санааг засахад хэр хугацаа хэрэгтэй, ямар эмчилгээ шаардлагатай зэргээр нь тогтоож болно гэсэн үг.
Бид хохирогч төвтэй үйл ажиллагаа хийхгүй болохоор хүний эрх сэргээх зарчим алдагдаад байна. Гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ хохирогчийн эрхийг сэргээхэд чухал анхаарах ёстой. Сэргээж болохгүй эрх гэж байна. Энэ үед нь нөхөн төлбөр олгох ёстой. Өнөөдрийн байдлаар эрх зүйн хувьд хохирогчийнхоо эрхийг бүрэн дүүрэн сэргээж чадахгүй байна. Сэргээж чадахгүй байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Үүнийг шийдэх алхам хэрэгтэй. Сэтгэл санааны хохирлыг тогтоох хэрэгтэй.
Эрүүгийн хэрэг дээр хор уршгийг тогтоох асуудал яригддаг. Гэхдээ хэрэглээний практик дээр энэ нь ямар ч үрдүнгүй байх нь бий . Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл дээр сэтгэл санааны үнэлгээ хийх боломжгүй байдаг. Ингээд тусдаа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Үүн дээр сэтгэл санааны биш ажлаа хийж чадахгүй болсон гэх мэт хохирлын нэхэмжлэл үүсчихдэг. Зөвхөн хуульд заасан бол гэм хорыг нэхэмжлээрэй гэчхэж байгаа юм. Иргэний хууль дээр нэр төр, алдар хүндээр сэтгэл санааны хохирлыг хязгаарладаг. Одоогийн жишигт маш сайн өмгөөлөгчдөөс хамаараад, сэтгэл санааны нөхөн төлбөрт арван сая төгрөг гаргуулж авдаг жишээ байна. Нотлох баримт цуглуулна гэхээр зөвхөн авсан эм, оношилгооны төлбөр гэх мэтчилэн зүйлсээр хязгаарлагдаад байгаа юм. Тэгэхээр нэгдүгээр байгаа хууль тогтоомжоо сайжруулах хэрэгцээ байна. Хоёрдугаарт хэрэглээ байна.
–Манай эрх зүйн байдал хохирогийн эрх сэргээх асуудлаа хойш тавьдаг талаар хэлж байна шүү дээ. Энэ талаар тодруулаач?
–Бидний явж ирсэн зам бол цээрлүүлэх талдаа илүү анхаарч хуулиа тогтоодог. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ зоосны нөгөө тал хохирогчийн эрхийг сэргээх асуудал. Үүнийг л мартаж болохгүй. Статистик судалгаа, дүн шинжилгээ, шүүхийн шийдвэр зэргээс зоосны нэг талаа орхигдуулсан байдал харагддаг. Сэтгэл санааны хохирлыг шинэ түвшинд авч үзэхгүй бол хохирогийн эрх сэргээх тогтолцоонд ахиц дэвшил гарахгүй. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард ХЭҮК–ын форумд, хүний эрхийг хангах тогтолцоо хаана алдагдаад байгаа талаар ярьсан. Үүнд сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, тогтолцоо хэрэгтэй байгааг хэлэлцсэн. Эндээс даатгалын систем, хохирлыг нөхөн төлүүлэх сангийн асуудал хөндөгдөх боломжтой. Энэ талаар яаманд санал хүргүүлээд явж байгаа.
–Сэтгэл санааны хохиролыг бид яагаад барагдуулах шаардлагатай вэ?
–Сэтгэл санааны хохирол бол бүх зүйлд нөлөөлдөг. Амьдралд хэвийн оролцож чадахгүй болно. Өөрийгөө тусгаарладаг. Цаашлаад амиа хорлох бодол тээж депресс, стресст орж байдаг. Тиймээс сэтгэл санааны асуудлыг авч үзэхээс өөр аргагүй болсон.