Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.10.05/ Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар манай орны валютын нөөцийг хэлэлцлээ. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хоёр удаа хэлэлцэж, сая тогтоол гаргаж байна. Монгол Улсын тоон мэдээг хараад үзвэл экспортын хэмжээ өндөр мөртөө түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд нэлээн сайн анзаарч ажилласан. Тухайлбал, экспортын дүнг аваад үзэхээр 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортоор гарсан гэсэн мэдээ байдаг. Гэтэл ийм хэчнээн хэмжээний ам.доллар орж ирсэн эсэхийг судлахад 500-600 сая ам.доллар байх жишээтэй.
Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирсэн бэ гэдгйиг харвал хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, нүүрсээ урьдчилаад зарсан нэг хэсэг байна. Өмнө нь байгуулсан гэрээний дагуу гэсэн үг. Нөгөө хэсэг нь 2018, 2019 онуудад зарсан нүүрс гарч байна. Хоёрдугаарт, жишиг үнэ, гэрээний үнэтэй холбоотой зөрүүнүүд гарч байна. Энэ бүгдээс шалтгаалж нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх тогтоол гаргасан мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зөвхөн биржээр арилжаалагдсан нүүрснүүд гарах зохицуулалтыг хийнэ.
Газрын баялаг, түүхий эдийн үнэ өсөж байвал төрийн өмчит ААН-үүдэд Монголд оруулж ирэх долларын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг үүрэг болгож байна. Үүнтэй холбоотойгоор манай оронд орж ирэх валют нэмэгдэнэ гэж үзэж байна. Тээвэрлэлтийн ажил нүүрсний гэрээгээр зохицуулдаг. Энэ бүхэн Монголын үндэсний тэмдэгтээр хийгддэг гэсэн агуулгаар цаашид төгрөгөөр хийгдэж байхыг шаардсан ЗГ-ын тогтоол гарлаа.