Ардчилсан нам, Монголын үндэсний Ардчилсан нам (АН-МҮАН) нэгдэн хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр буюу /2022.10.05/-нд боллоо.
“АН болон МҮАН-ын удирдлагууд өнөөгийн нийгэм улс төр эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж Монгол улсын тусгаар тогтнол ардчилал, парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төр, эв нэгдэл, суурь үнэт зүйл амин чухал асуудлууд алдагдаж буйд сэтгэл зовнин хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна” хэмээн санамж бичигт дурджээ.
АН-ын дарга С.Эрдэнэ
Монголын ардчиллын түүхэнд түүхэн үйл явдал тохиож байна. Өнөөдөр АН, МҮАН хамтарч нэгдсэн нэг нам болж ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж байна. Бид ижил улс төрийн үзэл санаа, үнэт зүйлтэй. Тус тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан боловч цаашдаа нэгдэж нийлж, улам хүчирхэг болж улс орны нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлэх замаар улс орны хөгжлийг хангах үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг давах, дараагийн сонгуульд амжилттай оролцоход санал нэгдсэний үндсэн дээр өнөөдрийн арга хэмжээг зохиож байна.
МҮАН дарга Б.Цогтгэрэл
Түүхэн үйл ажиллагааг хамтран эхэлж байгаа АН-д гүн талархал илэрхийлье. МҮАН намын мянга мянган гишүүд АН-ын гишүүдтэй зөвшилцөн Монголын нийгэмд хүний эрх зөрчигдөх, шударга ёс нийгэмд сөгдөх зэрэг ардчиллаас ухарч байгаа үйлдэл олон байна. Ардчиллын төлөө нэг үзэл баримтлалтай, нэг үнэлэмжтэй, алдаа оноо, ололт амжилтыг дүгнэн үзээд хамтрах байр суурь нэгдсэн.
Өнөөдрийн үйл ажиллагаа зөвхөн МҮАН, АН үйл хэрэг гэхээс илүүтэй ардчилал хэмээн зүрх нь цохилж явдаг хүмүүсийн хамтын чин хүсэл, эрмэлзэл байх болно гэж дотроо бодож байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын дарга, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат
Дэлхий дэг журам өөрчлөгдөж байна. Бид бүхэн эв нэгтэй, нягтарч улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах хэрэгтэй. Одоохондоо бид хагас ардчилсан орон байна. 2024 оноос хойш бүрэн ардчилсан улс болж иргэд маань хүн шиг амьдарна гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэт зүйл, үзэл санаагаараа түүхэн шаардлагаар нэгдэн ажиллаж байгаа МҮАН, АН-ын журмын нөхдөдөө баярлалаа.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү