Хүсэж мөрөөдөж байсан сэтгүүлч мэргэжлээ орхиж, өөрийн болон бусдын хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг нийгэмд бие даан амьдрах чадварт сургах зорилготой Ээлтэй ертөнц ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалтай бид ярилцлаа. Эрүүл мэндийн салбарын тогтолцооны асуудлаас үүдэн эрүүл саруул байсан хүүгээ байнгын асрах шаардлагатай болсон энэ эмэгтэй төрдөө хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа юм.
-Бидэнтэй ярилцах саналыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа “Ээлтэй ертөнц” ТББ-ыг байгуулах болсон шалтгаанаас эхэлье гэж бодлоо.
-Баярлалаа. Би 2005 онд дунд хүүгээ төрүүлсэн. Миний хүү хоёр нас хүртлээ эрүүл өсөж байсан юм. Гэнэт өндөр халуураад, халуунаа дийлэхгүй таталт өгсөн. Ингээд хүүхдийн сэхээнд хэвтсэн юм. Эмнэлгээс гарахдаа бид хоёр бүх чадваруудаа алдсан. Ярьдаг байсан хүүхэд ярихгүй, явдаг байсан хүүхэд явахгүй болсон. Тэр цагаас хойш хүү маань байнгын асаргаанд байдаг болсон гэсэн үг. Хүүтэйгээ хамт эмнэлгээр байнга явдаг байхдаа, манай хүүд тохирсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байхгүй, хөгжих орчин байхгүй байгааг мэдэрсэн.
Ингээд 2009 онд “Ээлтэй ертөнц” ТББ-аа ээжүүд, багш нартай хамтарч байгуулсан юм.
-Энэрэл төвийн үйл ажиллагааг онцолмоор санагддаг. Манайд бие даан амьдрах чадамжаа алдсан хүмүүсийг хөгжүүлэх төв хангалттай байдаг болов уу?
– Одоогоор “Энэрэл” төв л байна. Яг ийм олон жижиг төвүүд байгуулагдаасай гэж хүсдэг. Өнөөдөр Шар хаданд байгаа хүүхэд манай дээр ирж чадахгүй шүү дээ. Ийм жижиг төвүүд манай хүүхдүүдэд зайлшгүй хэрэгтэй байна. Тэгж байж бусдын тусламжтайгаар үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүд хөгжих боломжтой. Хүүхэд болгон хөгждөг. Үүнийг “Энэрэл” төв өнөөдөр харуулж байгаа. Манай хүүхдийг зургаан жилийн өмнө “Танай хүүхэд тогтвортой суугаад зөөлөн тоглоомын чихэлт хийнэ” гэсэн бол би үнэмшихгүй байсан. Үнэхээр чадахгүй гэж бодох байсан. Одоо бол манай хүүхэд чадаж байна. Энэ төрлийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төв ажиллуулсан тохиолдолд төр захиргааны байгууллага дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт байгаа. Үүнээс өөр төвтэй холбоотой хууль эрх зүйн орчин байхгүй.
Энэ заалтыг үндэслэн журам боловсруулж, журмыг нь үндэслээд, стандартууд бий болно. Энэ стандартыг манай төв дээр түшиглээд гаргаж ирээч гэж байгаа. Манайх бол жишиг үйлчилгээ болчхож байгаа юм. Энэ хүсэлтийг тав дахь жилдээ өгч байна. Бид үйл ажиллагаагаа хаагаад тэнд байгаа 28 хүүхдийнхээ хөгжих эрхийг боож байж төрд нөлөөлөх гэж оролдож байна.
-Таны хувьд зөвхөн хүүгийнхээ төлөө биш олон хүүхдийн эрх ашгийг хамгаалахаар амьдралаа зориулж яваа хүн байх нь ээ?
-Манай хүүхдүүд маш өрөвдмөөр. Өөрийгөө илэрхийлж чадахгүй. Хүсэж байгаа зүйлээ, өлсөж байгаагаа ч хэлж чадахгүй. Тэр хүүхдүүдийг ээж аав нь асраад байж байдаг. Ээж ааваасаа өөр очих газаргүй. Муухайгаар хэлэхэд гэрийн тэжээвэр амьтан шиг байдаг энэ хүмүүс бидний эдлэх ёстой бүх эрхээс татгалздаг. Өөрийгөө илэрхийлээд найз нөхөдтэйгөө хамт гадуур гарах ч эрхгүй. Заримдаа хүүхдүүдээ харахаар чин сэтгэлээсээ инээж чаддаг болов уу гэж боддог. Чадахгүй шүү дээ.
ӨРӨВДМӨӨР ЭНЭ ХҮҮХДҮҮДИЙГ МААНЬ ТӨР БОДЛОГООРОО ЖААХАН ӨРӨВДӨӨД ӨГӨӨЧ
-Эрүүл мэндийн салбарын алдааны золиос таны хүү болсон талаар хэлсэн шүү дээ. Энэ талаар тодруулаач?
-Миний хүүгийн хувь заяа нь хатуу хандсан юм. Монголын төр хатуу хандсан. Эрүүл мэндийн тогтолцоо буруу байснаас болоод нийгэмд бие даан амьдрах чадваргүй энэ хүүхдүүд бий болсон. Жишээ нь, миний хүүхдийг зөв оношилчихсон бол…
Хүү минь одоо 17 настай, “Ээж ээ хоолоо хийх үү” гээд гүйх нас нь шүү дээ. Гэтэл эрүүл мэндийн салбар өөрөө буруу учраас миний хүү өнөөдөр хувь заяаны золиос болоод би ч мөн хүүхдээ асраад, хайртай мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа.
Өрөвдмөөр энэ хүүхдүүдийг маань төр бодлогоороо жаахан өрөвдөөд өгөөч гэж хүсэж байна. Үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид энэ хөгжих орчин нөхцөлийг л төрөөс нэхэж яваа юм.
2011 оноос хойш үүнийг нэхэж байгаа. Яг одоо бид шинэ зүйлийг бий болгох гээд байна. Төр гэж байдаг бол хүндээ хүрсэн үйлчилгээ үзүүлэх ёстой. Хүнд нөхцөл байдалтай хүүхэд, хүмүүст зориулсан жижиг төвүүдийг энд тэнд байршуулж өгөөч ээ. Энэ бол яг одоогийн гаргалгаа. Магадгүй үүнийг хүлээн зөвшөөрсний дараа шинэ хөгжлийн үйлчилгээг санал болгоод явна.
МИНИЙ ГАРГАСАН ЗОЛИОС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨӨСЭЙ
-Хэдийгээр та хүссэн мэргэжлээрээ ажиллаж чадаагүй ч, маш олон хүний төлөө зүтгэх ажилд ханцуй шамлан орсон байна шүү дээ. Энэ ажлаасаа юу мэдэрдэг вэ?
-Сэтгүүлч болох нь миний багын мөрөөдөл байлаа. Мөрөөдлийнхөө ажлыг хүүгийнхээ хувь заяагаар сольсон гэх юм уу. Би ээжтэйгээ ажлынхаа тухай ярьдаг юм. Орой очоод л өнөөдөр манай тэр тэгсэн, энэ ингэсэн гээд л ярина. Манай ээж манай дүүд ярьсан байна билээ. “Ажаа чинь тэр ажлаа хийгээд л явж байвал жаргалтай байдаг юм шиг байна билээ. Нөгөө хүүхдүүдийнхээ тухай ярихаар нүд нь гэрэлтээд явдаг юм” гээд л. Хүүхдүүдээ би өрөвдөөд байдаг юм. Энэрэл төвөө ажиллуулахгүй байгаа нь надад их хүнд байгаа. Миний ажлын хамгийн сайхан зүйл хэн нэгэн хүн хараад ойлгохгүй байгаа хүүхдүүдийгээ хараад, хайрлах. Үүний төлөө би өөрөөсөө гарах бүх зүйлээ тавьж өгч байгаа.
Миний гаргаж байгаа золиос Монголд амьдарч байгаа энэ хүүхдүүдийн амьдралыг өөрчлөөсэй гэж боддог. Яг үнэндээ би өөрийн гурван хүүхдээ золиосолж ажиллаж байгаа. Энэ нь үр дүнтэй байгаасай. Хүүдээ санаа зовохгүй байх нөхцөлийг нь бүрдүүлчхээд үхэх юм сан. Тэрнээс биш надад үхэх битгий хэл өвдөх эрх ч байхгүй.